Хайх

Родольфо Пальялунга: \"Өөрийн эмзэг байдлыг харуулах нь хүчтэй байгаагийн гол илрэл юм\"

Родольфо Пальялунга: "Өөрийн эмзэг байдлыг харуулах нь хүчтэй байгаагийн гол илрэл юм"

Jil Sander загварын ордны бүтээлч захиралтай хийсэн ярилцлага

Text: Buro.Mongolia


Өнгөрсөн дөрөв дэх өдөр Bosco di Ciliegi компанийн урилгаар Jil Sander-ын бүтээлч захирал Родольфо Пальялунга Москвад ирсэн билээ. Бид түүнтэй уулзаж өөрийнх нь сайн болон муу зуршлууд, 2015 оны минимализм зэрэг сонирхолтой сэдвүүдийн талаар ярилцлаа

Тэр Москвад зүгээр ч нэг "Большой" театр үзэхээр эсвэл улаан талбайгаар алхахаар ирээгүй юм. Харин өөрийн биеэр шинэ цуглуулгаа танилцуулахаар ирсэн байна. Тэрээр Jil Sander загварын ордонд ирээд жил болсон ч эмэгтэй хувцасны гурав, эрэгтэй хувцасны хоёр цуглуулга хийгээд амжжээ. Родольфо Пальялунгагын хийсэн бүх цуглуулгууд шүтэн бишрэгчдээс ч, шүүмчлэгчдээс ч өндөр оноо авсан. Эхлээд минимализмын үүсгэн байгуулагч Жиль Сандер мөн дараа нь Раф Симонсоор удирдуулж байсан загварын ордон одоо дахин найдвартай гарт очлоо.

Родольфо Пальялунга: "Өөрийн эмзэг байдлыг харуулах нь хүчтэй байгаагийн гол илрэл юм" (фото 1)

Раф Симонс болон Dior-оос улбаалаад загвар зохион бүтээгчдэд тулгарч байгаа дарамтын тухай хүн бүр ярьж байна. Миний санаж байгаагаар Раф Симонс байгалийн үзэсгэлэнг харж тайвширдаг гэсэн. Харин таны хувьд ажлын ачааллаа хэрхэн даван туулдаг вэ?

Пилатес надад үнэхээр тусладаг. Энэ нь гимнастикийн нэгэн онцгой төрөл гэх үү дээ. Та энэ талаар сонсож байсан уу? Хэрэв та ачаалал дунд амьдардаг, мөн толгойдоо олон зүйл хадгалж явдаг бол оюун санаанаас илүүтэйгээр биедээ анхаарал хандуулах хэрэгтэй гэж би боддог. Мөн би бясалгал хийдэг. Дөрвөн жилийн турш гүнзгий амьсгалах техникт суралцаж байна. Нэг цаг гүнзгий амьсгаа авсны дараа бүтэн цаг иллэг хийлгэсэн мэт амардаг. Өмнө нь би долоо хоног бүр дасгалжуулагчтай хичээллэдэг байсан бол одоо өөрөө, хүссэн үедээ хийдэг болсон. Ажлынхаа завсраар, унтахаасаа өмнө эсвэл өдрийг зөв эхлэхийн тулд өглөө бясалгал хийдэг.

Магадгүй энэ танд тохирч байх шиг байна. Учир нь та эрэгтэй, эмэгтэй загвар дээр ажиллан, улирлын болон улирал хоорондын цуглуулгаа гаргаж, их завгүй ажиллаж чадаж байна.

Тийм шүү. Би бас акссесуар дээр ажиллаж байгаа. Энэ бүхэн үнэхээр хэцүү. Өнөө үед бараг л сар бүр шинэ цуглуулга гаргах хэрэг гарна. Эсвэл хамгийн багадаа л гурван сард нэгийг гаргах хэрэгтэй болж байна. Чи хэзээ ч ажиллахгүй байж болохгүй тул ямар нэг шинэ зүйл эхлүүлэхэд тархиа хоослох цаг маш бага гардаг. Бидний хувьд нэг загварын шоу хийсний дараагаар шууд л дараагийн шоуны бэлтгэл ажил эхэлдэг.

Тэгвэл та одоо арай хийж нэг амралтаа авлаа. Энэ амралт тань Москва руу хийсэн аялал болж таарав уу?

Тийм шүү. Би энд анх удаа ирж байгаа. Хотыг үзэхийг маш их хүсч байна. Би балетад маш их дуртай болохоор "Большой" театр орж, эртний мөрөөдлөө биелүүлэх гэж байгаа. Танайх балетын хамгийн сайн сургуультай гэдгээ өөрсдөө мэдэж байгаа байх. Бас бид "Гараж" орж Луйс Буржуагийн бүтээлүүдийг үзнэ. Мөн мэдээж хэрэг Улаан талбайг харахаар Кремль орно. Дашрамд асуухад, та нарт өөрсдөд чинь талбай таалагддаг уу? 

Родольфо Пальялунга: "Өөрийн эмзэг байдлыг харуулах нь хүчтэй байгаагийн гол илрэл юм" (фото 2)

Үнэнийг хэлэхэд, Улаан талбайд хайртай нэг ч хүн би Москвад байдгийг мэдэхгүй юм байна.

Тэгэлгүй яах вэ. Та чинь орос хүн шүү дээ. Харин би итали хүн учраас надад бүх зүйл сонирхолтой байна. (Инээв)

Хэдийгээр та Jil Sander-т ирээд жил гаруй болсон ч цахим сүлжээнд тантай хийсэн ярилцлага ховор байна. Энэ ямар учиртай вэ?

Тийм гэж үү? Би уг нь энэ хугацаанд маш олон ярилцлага өгсөн дөө. Хэрэв надад таалагдсан хүн тааралдвал би ярилцах маш их дуртай. Тийм болохоор би сэтгүүлчидтэй харьцах дургүй гэж хэлэхгүй.

Энэ хачирхалтай сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ таны өгсөн бүх ярилцлага дундаас, таныг яг ямар хүн болох талаар ганц л зүйл олж мэдсэн. Тэр нь таны хэлсэнээр "party boy" биш гэдгийг.

(Инээв.) Тиймээ, би "party" хүн огтхон ч биш. Ер нь бол би их хаалттай бас өөрийн хувийн амьдралдаа их эмзэг ханддаг хүн. Урьд нь мэдээж залуу байхдаа клубээр хэсч, үдэшлэгт явах дуртай байсан. Харин одоо... Магадгүй, би зугаалж ханасан байх. Надад хүмүүстэй уулзаж, нүд рүү нь харан чухал сэдвээр ярилцах эсвэл маргах таалагддаг. Хэрэв чиний амьдрал зөвхөн шоу цэнгээн дээр тогтвол бат бөх харилцаа үүсгэж чадахгүй, бүх зүйл хөнгөмсөг, өнгөц болж эхэлдэг. Би нас ахих тусам гүн харилцааг илүүд үзэж эхэлсэн.

Тэгвэл олон нийтийн сүлжээг юу гэж бодож байна? Та Instagram хаягтай юу?

Би олон нийтийн сүлжээг тийм ч их таашаадаггүй ч надад Instagram хуудас байгаа. Би огт зураг оруулдаггүй. Гэхдээ би хэрэгт их дуртай болохоор танилууд маань юу хийж байгаа бол гэж байнга тагнадаг. Ер нь чиний амьдрал дээр мэддэг хүмүүс яг ямар зураг сонгож нийтлэж байна, мөн тэд яг ямар төрх бий болгож байгааг харахад зугаатай санагддаг шүү.

Энэ бүхэн их хөгжилтэй бас эгдүүтэй. Мөн би олон нийтийн сүлжээ, орчин үеийн чиг хандлагад гүйцэтгэж байгаа дүр зургийг гутаах гээгүй юм шүү. Гэхдээ зарим нэг хүмүүс үүнд дэндүү их ач холбогдол өгч байна. Ихэнх хүмүүсийн хуудсууд хоорондоо маш адилхан, ялгарах юмгүй, үнэндээ маш уйтгартай санагддаг. Цахим ертөнцөд анхаарал татаж байгаа хүн, бодит амьдрал дээр заавал сонирхолтой байх албагүй. Энэ бол олон нийтийн сүлжээ биднээр ингэж тохуурхаж байгаа хэрэг юм 

Саяхан олон нийтийн сүлжээгээр бас нэгэн шуугиан дэгдсэн. Нэгэн Instagram-ын "од" охин өөрийн шүтэн бишрэгчдээ хуурч, худал хуурмаг дунд амьдрахаас залхаж байна гээд, өөрийнхөө зурагнуудын талаар үнэнийг дэлгэсэн байсан.

Instagram-ын нэг хөгжилтэй зүйл нь тэр жирийн хүмүүст од болох боломж олгодог. Заримдаа олон зуун мянган дагагчтай блогеруудыг хараад "Үнэн хэрэгтэй чи яг ямар хүн бэ?, Бодит амьдрал дээр яг юу хийдэг бол? Магадгүй юу ч хийдэггүй байх, дээрээс нь энэ блогер тэнэг байх" гэсэн бодлууд орж ирдэг. Цахим ертөнцөд анхаарал татаж байгаа хүн, бодит амьдрал дээр заавал сонирхолтой байх албагүй. Энэ бол олон нийтийн сүлжээ биднээр ингэж тохуурхаж байгаа хэрэг юм.

Тэр охины хийсэн аяны уриа нь "Social media is a lie" (Олон нийтийн сүлжээ бол худал, хуурмаг) гэж байсан.

Тийм ээ, бодит амьдрал огт өөр үнэт зүйлтэй байдаг. Огт өөр, жинхэнээсээ чухал зүйлс байдаг. Харин Instagram бол бодит байдал биш. Тухайн нөхцөл байдлаас авсан агшин төдий л зүйл. Үзэсгэлэнтэй бүсгүй, үзэсгэлэнтэй газар авахуулсан зургийг хараад хүмүүс түүнд атаархдаг. Түүн шиг амьдралтай болохыг мөрөөддөг.

Харин үнэн хэрэгтээ тэр тохиромжтой өнцгийг тааруулах гэж зургаан цаг болсон байх.

Ха-ха. Яг тийм.

Родольфо Пальялунга: "Өөрийн эмзэг байдлыг харуулах нь хүчтэй байгаагийн гол илрэл юм" (фото 3)

Тэгвэл одоо бодит амьдралдаа эргэн ирцгээе. Та Jil Sander-т ирээд гурван улирлын эмэгтэй цуглуулга танилцуулсан. Та энэ бүхэнд ямар дүгнэлт хийж байна?

Би өөрийн ажлын байранд ирээд жил болж байна. Мэдээж хэрэг одоо өөртөө илүү итгэлтэй болж байгаа. Би бүх хүмүүстэйгээ танилцаад амжсан болохоор, өөрийн багийг удирдахад илүү хялбар болсон. Шинэ загварын ордонд ирэхэд удирдлага болон ажилтнуудтай хийх харилцаагаа тэгээс эхэлдэг. Харин одоо миний хувьд энэ үе өнгөрсөн. Мөн би хуучин брэндийн алсын харааг алхам, алхмаар бүтээж байгаа.

Би энд хувьсгал биш хувьсал харахыг хүссэн. Надад тус брэндийн ДНК ойр байгаа хэдий ч би бас өөрийн мөн чанараа шингээж чадна. Би чинь итали хүн шүү дээ. Би огт өөр орчинд, өөр соёлд өссөн гэдгийг мэддэг. Би бусад загвар зохион бүтээгчдийг хуулбарлахгүй, өөрийн ажилдаа эх хувь нь байхыг эрмэлздэг. Жиль Сандерийг хүртэл дууриахыг хүсэхгүй байна гээд та бодоод үз дээ. Хэрэв би түүнийг дууриавал шударга бус зүйл болно. Хуулбарласанд тооцогдоно. Харин одоо брэндийн заншлыг ойлгосноор, өөрийн хэв маягийг илэрхийлж чадах эрх чөлөөг олж авсан.

Таны үед, Jil Sander-ын цуглуулгад график хээ, тод өнгөнүүд, сонирхолтой деталиуд гарч ирсэн. Дүрслэлийн тал дээр өөр юу өөрчлөгдсөн бэ?

Jil Sander-ын эмэгтэйн шинэ дүр төрх бүтээхийн тулд би шинэ цуглуулгадаа илүү хөнгөн материал ашиглахаар шийдсэн. Бидний гол дүрийн эмэгтэй минимализмаас болж үргэлж хүчирхэг, хатуу байх ёстой гэсэн үг биш юм. Мэдрэмжтэй бас хүчирхэг, уламжлалт эмэгтэйлэг мөн уламжлалт эрэгтэйлэг. Би хоорондоо огт өөр, эсрэг тэсрэг зүйлүүдийг хооронд нь холихыг хүссэн. Бид чинь хүмүүс учраас хүчтэй хэдий ч эмзэг байж болно. Халдашгүй мэт хүчтэй харагдавч эмзэг байж болно. Хүмүүс машин биш шүү дээ. Магадгүй бидний энэ үед өөрийн сул талыг харуулж чадах хэмжээний зоригтой байх нь хүчтэй байгаагийн илрэл байж болох юм.

Надад цуглуулга таалагдсан. Гэхдээ малгайнууд, намайг төдийгүй олон хүнийг гайхшруулсан байх. Ялангуяа тод шар өнгийн малгай?

Өө тийм ээ, шар малгай. (Инээв) Яагаад болохгүй гэж? Тэр бол таны бүх зүйлд хандах хандлагыг өөрчлөх ёжтой зүйл. Надад загвараар тоглох таалагддаг. Загвар бол нэг тийм зөв, нухацтай зүйл биш. Энэ бол өөрийгөө илэрхийлэх арга юм. Тэр тусмаа ийм хөгжилтэй, тод зүйлийн тусламжтайгаар өөрийгөө илэрхийлж болно. Бид чинь хүмүүс учраас хүчтэй хэдий ч, эмзэг байж болно. Халдашгүй мэт хүчтэй харагдавч эмзэг байж болно. Хүмүүс машин биш шүү дээ. Магадгүй бидний энэ үед, өөрийн сул талыг харуулж чадах хэмжээний зоригтой байх нь хүчтэй байгаагийн илрэл байж болох юм.

Та Jil Sander-т ирээд эрэгтэй хувцасны брэндийг хариуцаж авснаар анх удаа эрэгтэй хувцастай ажиллаж байна. Энэ туршлагаасаа хуваалцаач. Эмэгтэй хувцас дээр ажиллахаас хэр их ялгаатай вэ?

Энэ үнэхээр хүч чадал шаардсан ажил байсан . Би үүнээс өмнө эрэгтэй хувцас дээр ажиллаж үзээгүй. Гэхдээ эрсдэл шаардсан ажилд дуртай шүү. Харин бүтээл туурвих үйл явцын хувьд бол аль, аль талдаа яг адилхан. Гол ялгаа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биеийн хэлбэрт л байгаа юм. Загварууд хоорондоо ондоо учраас, огт өөр эсгүүр хийх шаардлагатай болдог.

Зарим хүмүүсийн хэлж байгаагаар эрэгтэй загвар хийх хамаагүй хэцүү, яагаад гэвэл багаж хэрэгсэл болон гоёл чимэглэлээр хязгаарлагдмал байдаг. Харин эмэгтэй хувцасны эд ангиар "тоглож" болдог бол эрэгтэй загварууд илүү хуучинсаг, чанд, яг л өмсөхөд зориулалттай байдаг гэдэг.

Тийм ээ. Эрэгтэй хувцасны загварт, зөрчиж болохгүй чанд дүрэм олон бий. Голдуу хувцасны даавуу өөрчлөгдөж байдаг. Төрөл бүрийн материалыг хооронд нь хослуулж, янз бүрийн өнгөтэй зохицуулж болно. Эрэгтэй хувцасны хэлбэр, хэмжээг ялимгүй өөрчилж болно. Боломжууд их ч гэлээ эмэгтэй загвар шиг ил тод биш юм. Эмэгтэй загварт хэрэглэж болох эд зүйлс хавьгүй их байдаг. 

Родольфо Пальялунга: "Өөрийн эмзэг байдлыг харуулах нь хүчтэй байгаагийн гол илрэл юм" (фото 4)

Jil Sander-ын 1990-ээд оны загварт феминист үзэл суртал илт харагдаж байсан. Тэгвэл одоо брэндийн цуглуулгад ямар нэг үзэл санааг илтгэсэн зурвас байгаа юу?

Одоо цаг үе өөрчлөгдсөн. 2015 он 1990-ээд онтой адилгүй. Тэр цаг үед, 1980-аад он дөнгөж л өнгөрч, хүмүүсийн амьдрал үзүүлбэр мэт байсан. Тэр үеийн загвар ч мөн адил хурц, тод, гялалзсан байсан. Бид өөрсдийгөө хүмүүст гайхуулах гэж, анзаарагдахгүй өнгөрөх вий гэж хувцасладаг байсан. Харин 1990-ээд онд хувийн орон зайг илүү эрхэмлэх цаг үе ирсэн. Түүнчлэн загварын хэв маяг бус амьдралын хэв маяг борлогдож байсан. Минимализм бүх зүйлд оршиж байсан. Зөвхөн загварын хэв маягт бус архитектурт, загвар зохион бүтээхэд, мөн бидний өдөр тутмын амьдралд хүртэл минимализм мэдрэгдэж байсан. Бүгд л минималист байхыг хүссэн. Хором бүрд бага, багаар хувьсаж өөрчлөгдсөн. Харин одоо бол минимализм нь олон сая чиг хандлагын нэг л илрэл болсон учраас ямар нэг онцгой хүчний талаар ярьж байгаа мэт байх нь утгагүй юм. Загварт хандах хандлага өөрчлөгдсөн.

Тухайн үед брэнд таны хувь хүнийг илэрхийлнэ гэж боддог байсан. Брэндийн үзэл санаа нь та болон тантай ижил үзэл бодолтой хүмүүст илүү ойр байсан учраас тэдний дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан. Тус брэндийн үнэт зүйл танд илүү ойр байсан учраас та өөрийн хувцасны шүүгээгээ тэр брэндийн шошготой хувцасаар дүүргэж байсан байх. Харин одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Хүмүүс илүү мэдээлэлтэй, загварын талаар бүгдийг мэддэг болсон. Мөн олон төрлийн брэндээс янз, янзын хувцас худалдан авч, өөрийн гэсэн хэв маягийг бүрдүүлж чаддаг болсон.

Тэгэхээр, таны бодлоор бол брэндүүд өөрийн гэсэн үзэл баримтлалтай байх хэрэггүй гэсэн үг үү? Эсвэл үзэл баримтлалтай байсан ч, хүмүүст тийм ч их хамааралтай биш гэж үү?

Тийм ээ. Яг зөв.

Родольфо Пальялунга: "Өөрийн эмзэг байдлыг харуулах нь хүчтэй байгаагийн гол илрэл юм" (фото 5)

Өөрөөр хэлбэл, ямар нэг брэндын хүргэж байгаа утга санааг худалдан авагчид огт тоохгүй гэсэн үг үү?

Би яг тэгж бодож байна. Хүмүүс одоо хувцас худалдан авахдаа, загварын тайзнаас баримжаа авдаггүй. Харин гадаа гудамжинд эсвэл өөр нэг газар харсан зүйлээсээ шалтгаалж худалдан авалт хийдэг. Мөн тэд тодорхой нэг дэлгүүр ордоггүй. Харин нэг дэлгүүрээс нөгөө рүү явдаг. Хэрэв тэдэнд ямар нэг зүйл таалагдвал худалдаж авна. Хэрэв таалагдахгүй бол зүгээр л хажуугийн дэлгүүр лүү ордог. Та хотоор явахдаа олон янзын хувцас харж, толгойдоо ямар нэг дүр зураглал бий болгон, үүнээсээ улбаалан хувцас худалдаж авдаг болохоос биш, ямар нэгэн чухал үзэл санааг бодон худалдан авалт хийдэггүй. Ер нь бид их гунигтай ертөнцөд амьдарч байгаа. Тийм ч болохоор бидэнд танил, хуучныг санагдуулсан зүйл рүүгээ эргэн ирэх нь таалагддаг байх.

Нэг талаар өөрийн гэсэн хэв маягтай байх нь сайхан ч гэлээ нөгөө талаас энэ бүхэн үнэхээр гунигтай сонсогдож байна.

Тийм ээ, надад ч бас бага зэрэг гунигтай санагдаж байна. Гэхдээ та нар харж байгаа байх, одоо загварын чиг хандлага маш хурдан хувьсаж байна. Хоёр сар тутамд ямар нэг шинэ зүйл гарч ирдэг. Ийм үед ямар нэг тодорхой зүйл дээр төвлөрөх боломж хомс. Чухал хувьсал хийсэн зүйл гаргах нь үнэхээр хэцүү. Магадгүй тийм ч учраас одоо ихэнхи цуглуулгууд хүнд, үнэтэй материалаар хийсэн энгийн хувцаснуудаас бүрдэж байгаа байх. Ерөнхийдөө, улирлаас улиралд деталь болон чимэглэлүүд л өөрчлөгдөж байна.

Үүнээс улбаалан жинхэнэ хуучны хувцас, хуучны загвартай эд зүйлс моодонд орж байгаа байх. Ингэж ажиллах нь илүү хялбар бас хурдан. Учир нь, ер нь бид их гунигтай ертөнцөд амьдарч байгаа. Тийм ч болохоор бидэнд танил, хуучныг санагдуулсан зүйл рүүгээ эргэн ирэх нь таалагддаг байх. Энэ бидэнд тохь тухтай мэдрэмжийг өгдөг. Бидний эргэн тойронд дэндүү олон зүйл байгаа болохоор бид сайн мэддэг, өөрийн болон эцэг эхийнхээ, эсвэл бүр түүхэн өнгөрсөн үеэсээ зүүгдэхийг хүсч байгаа байх.

Хэдий минимализм нь "олон сая чиг хандлагын нэг" болсон ч гэсэн арай өөр хэлбэрээр бодит амьдрал дээр түгээмэл хэвээрээ байгаа биз дээ?

Хувцаслалтын тал дээр бол би үргэлж яг одоо байгаа шигээ хувцасладаг. (Родольфо бүхэлдээ хар хувцас өмссөн байна) Би ихэвчлэн хөх эсвэл хар өнгийн хувцас өмсдөг. Хөх өнгө "миний" өнгө юм шиг санагддаг. Хэрэв надад таалагдсан зүйл байх юм бол би бараг тайлдаггүй. Заримдаа бүр яг адилхан хэдэн хувцас аваад, өдөр бүр ээлжлэн өмсдөг. Би залуу байхдаа арай загварлаг байсан ч одоо надад сонин биш. Одоо надад энгийн, тав тухтай байдал чухал. Загварын ертөнцөд хөдөлмөрлөхөд, чамтай хамт ажиллаж байгаа хүмүүс энгийн, завсрын харагдах нь чухал. Та бүтээж байгаа хувцасныхаа загвар, цуглуулгын хэв маяг дээр төвлөрөх ёстой болохоос, өөр хүмүүст анхаарлаа хандуулан, сатаарч болохгүй. Бүх зүйл цэвэр, ариутгагдсан байх ёстой.

цааш үзэх