Хайх

Алдартнуудын өмсөж байсан бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй хуримын даашинзууд

Алдартнуудын өмсөж байсан бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй хуримын даашинзууд

Text: Buro.Mongolia


1. Одри Хепбёрн

Холливүүдийн алтан үеийн жүжигчин, загварын салбарын бэлгэ тэмдэг, фото модель, хүмүүнлэгийн ажилтан Одри Хепбёрн нь 1954 онд АНУ-ын жүжигчин, продюсер, найруулагч Мел Феррертэй Швейцар улсын Бюргеншток ууланд хуримын ёслолоо хийж байжээ. Хосууд уг ёслолоо гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд цомхон тэмдэглэж байсан бөгөөд Одригийн өмссөн хуримын даашинз арга хэмжээний гол дүрийн баатраар тодорч одоог хүртэл загварын хорхойтон, мэргэжилтнүүдийн анхаарлын төвд байна. Сүйт бүсгүй Pierre Balmain брэндийн 1950-иад оны баллерина загварын дэрвэгэр хормойтой даашинзыг сонгож энгийн, цэвэрхэн бөгөөд эрхэмсэг хэв маягийг бүрдүүлсэн юм.

Алдартнуудын өмсөж байсан бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй хуримын даашинзууд (фото 1)

2. Хэйли Бибер

2019 оны есдүгээр сарын 30-ны өдөр АНУ-ын Өмнөд Каролина мужийн “Montage Palmetto Bluff” зочид буудлын ёслолын танхимд алдарт Хейли болон Жастин Бибер нарын сүр дуулиантай хуримын ёслол зохион байгуулагдаж байсныг санаж байна уу? Арга хэмжээний дараа хэвлэл мэдээлэл, загварын сайтуудын дуран Хэйлигийн өмссөн даашинз дээр багагүй төвлөрч олны анхаарлыг ихэд татаж байсан. Тус даашинз нь дизайнер Виржил Аблогийн бүтээл бөгөөд хаана ч үзэгдээгүй деталиудыг оруулснаараа онцлог болсон. Тодруулбал, тэрээр нарийн хийцийн сувдан чимэглэлүүдийг шигтгэж урт цагаан даашинзын хормой дээр “TILL DEATH DO US PART” буюу үхэл биднийг салгатал хамтдаа гэх утгатай үгсийг хатгамлаар дүрсэлсэн байна.

Алдартнуудын өмсөж байсан бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй хуримын даашинзууд (фото 2)

3. Уэльсийн гүнж Диана

Диана гүнж ханхүү Чарльс нарын хуримын ёслол болсноос хойш 40 жил өнгөрсөн ч тус үйл явдлын талаарх түүхийн хуудсыг сөхөн үзэх хүмүүс одоог хүртэл байсаар. Ялангуяа, арга хэмжээний онцлох хэсэг болох Дианагийн хуримын даашинзаас орчин үеийн загвар зохион бүтээгчид сэдэл аван бүтээлүүдээ урласаар байна. Тэрээр Девид болон Элизабет Мануэль нарын зохион бүтээсэн найман метрийн урт хормойтой “тафта” загварын торгон даашинзыг өмссөн бөгөөд уг даашинз нь тухайн үеийн ханшаар 151.000 паунд стерлингээр үнэлэгдэж байжээ.

Алдартнуудын өмсөж байсан бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй хуримын даашинзууд (фото 3)

4. Карли Клосс

Супермопель Карли Клосс инстаграм хуудсандаа хуримынхаа зургаас хуваалцах үед найман сая дагагчид нь нүдээ салгаж чадахгүй түүний даашинзыг ширтэн суусан гэвэл хилсдэхгүй. Тэрээр Dior брэндийн бүтээлч захирал Мария Грация Кьюригийн урласан ханцуй, цээж хэсгээрээ торон, энгийн атлаа эрхэмсэг даашинзыг хуримынхаа гоёлоор сонгосон билээ. Эргэн сануулахад, Карли Клосс бизнесмен Жошуа Кушнертай гэрлэсэн ба ёслолын арга хэмжээ нийт 80 зочинтой цомхон болж өнгөрсөн юм.

Алдартнуудын өмсөж байсан бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй хуримын даашинзууд (фото 4)

5. Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон

Өмссөн хувцас, гоёл чимэглэл болгон нь эмэгтэйчүүдийн дунд чиг хандлагыг тогтоодог Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтоны гэрлэх ёслолдоо өмссөн даашинз нь одоог хүртэл дийлэнх эмэгтэйчүүдийн хуримын гоёлын санааг бүрдүүлж байна. Alexander McQueen брэндийн тэрхүү кутюр даашинзыг уламжлалт хэв маягийг нь хадгалан, орчин үеийн деталиудаар баяжуулан урласан гэдгээрээ онцлог юм. Сонирхуулахад, даашинзын цээж болон хормойн хэсэг дээрх хатгамлыг Хааны Зүү Урлалын сургуульд хийсэн ба Кейтийн толгойн гоёл нь хатан хаан Элизабетээс өвлөгдөн ирж байжээ.

Алдартнуудын өмсөж байсан бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй хуримын даашинзууд (фото 5)

6. Миранда Керр

Victori Secret-ийн загварын тайзыг гэрэлтүүлдэг сахиусан тэнгэрүүдийн нэг Миранда Керр нь 2016 онд Snapchat аппликейшны үүсгэн байгуулагч Эван Шпигельтэй гэр бүл болсон. Миранда хуримынхаа хамгийн чухал хэсгүүдийн нэг болох даашинзаа Dior-ын бүтээлч захирал Мария Грация Кьюригээр хийлгэсэн байна. Мария ил задгай оноогүй, битүү загвараар дамжуулан Мирандагийн нууцлаг, эрхэмсэг байдлыг илтгэсэн бөгөөд 1980-аад оны шик хэв маягаас сэдэл аван, урласан болохоо Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг.

Алдартнуудын өмсөж байсан бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй хуримын даашинзууд (фото 6)

7. Приянка Чопра

Приянка Чопра Ник Жонас нар хуримын ёслолоо сүр дуулиантай хийж байсан. Уламжлалт зан үйл, орчин үеийн үдэшлэгээс бүрдсэн томоохон арга хэмжээний тангараг өгөх хэсгийн үеэр сүйт бүсгүй Приянка Ralph Lauren брэндийн болор, сувдан чимэглэлтэй даашинзыг өмссөн бөгөөд үг гоёлыг урлахад нийт 1,826 цаг зарцуулагджээ. Энэ хүрээд ч зогсохгүй тэрээр 22 гаруй метрийн урттай толгойн гоёлыг зүүж хүн бүрийн анхаарлыг татаж байсан юм.

Алдартнуудын өмсөж байсан бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй хуримын даашинзууд (фото 7)
цааш үзэх