Хайх

Burberry эрэгтэй, эмэгтэй загварын шоугаа нэгтгэж, улирлын системээс татгалзлаа

Burberry эрэгтэй, эмэгтэй загварын шоугаа нэгтгэж, улирлын системээс татгалзлаа

Томоохон өөрчлөлт

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Загварын ертөнцийн томоохон тоглогчдын нэг болох Их Британийн загварын ордон Burberry загварын шоугаа эрэгтэй ба эмэгтэй гэж хуваахаас татгалзаж байна. Одооноос эхлэн Кристофер Бейли жилд хоёрхон удаа шоу хийнэ

Ихэнх дизайнерууд эрэгтэй цуглуулгынхаа хажуугаар эмэгтэй pre-fall цуглуулгаа зэрэг танилцуулдаг. Тиймээс бид эрэгтэй загварын долоо хоногийн үеэр эмэгтэй загвар өмсөгчдийг харах нь элбэг байдаг. Бусдаар бол загварын ертөнц эмэгтэй загварын долоо хоног, эрэгтэй загварын долоо хоног гэсэн хатуу хязгаарлалттай байдгийг бүгд сайн мэднэ. Харин Burberry брэнд энэхүү хуучны системийг дагахаас татгалзаж байна. Тэд эрэгтэй, эмэгтэй загварын шоугаа нэгтгэх болсноо саяхан мэдэгдлээ. Энэ нь томоохон өөрчлөлтүүд авчрах мэдэгдэл хэдий ч хэн ч үүнийг сонсоод гайхсангүй. Учир нь хуучирсан, эртний үзэл бодолтой системийг солих цаг ирснийг хэд хэдэн дизайнер дэмжиж байсан юм. Тухайлбал Миучча Прада уг сэдвээр ярихдаа "Миний бодлоор залуучууд бас бүсгүйчүүд нэгэн зэрэг тайз дээр алхах нь илүү байгалийн харагддаг. Мөн илүү орчин үеийн. Харин одоо бидний хэрэглэж байгаа энэ систем нь яг л охид, хөвгүүд тусдаа суралцдаг байсан эртний үеийг санагдуулах юм" гэж байжээ.

Энэ жилийн есдүгээр сараас эхлээд Burberry брэнд үйл ажиллагаандаа хэд хэдэн чухал өөрчлөлт оруулахаар шийдээд байна. Нэгдүгээрт загварын шоу эрэгтэй, эмэгтэй гэсэн хязгаарлалтгүй дундын болж, жилд хоёр л том шоу зохион байгуулагдана. Ингэснээр тус брэнд Лондонгийн эрэгтэй загварын долоо хоногийн хуваариас хасагдаж байгаа юм байна. Хоёрдугаарт Business of Fashion сэтгүүлийн мэдэгдэж буйгаар загварын ордны цуглуулгууд улирлын системийг дагахгүй гэнэ. Тэгэхээр хавар-зун ба намар-өвөл гэх нэршлийн оронд ердөө л "Хоёрдугаар сар" ба "Есдүгээр сар" гэсэн ойлголт гарч ирэх нь. Ийм шийдвэр гаргах болсны гол шалтгаан нь ихэнх орнуудын хавар, намрын улирал Европынхоос өөр цагт эхэлдэг тул, тэдгээр орнуудын худалдан авагчдынхаа хэрэгцээнд тааруулж байгаа аж. Гуравдугаарт загварын шоу болмогц цуглуулга бүхлээрээ худалдаанд гарах болно. Тодруулбал онлайнаар бас албан ёсны дэлгүүрүүдээр шинэ цуглуулга цаг алдалгүй борлуулагдах болно. Цуглуулгын сурталчилгаанууд ч мөн адил загварын шоуны ардаас удалгүй цацагдаж эхлэх юм.

Сануулж хэлэхэд өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Burberry брэнд бас нэгэн том өөрчлөлт хийсэн. Тэд Burberry Prorsum, Burberry London ба Burberry Brit гэх гурван шугамаа нэг болгож нэгтгэсэн билээ.

цааш үзэх