Хайх

Хэрхэн үндэсний хувцсаа орчин үеийн загвартай хослуулах вэ?

Хэрхэн үндэсний хувцсаа орчин үеийн загвартай хослуулах вэ?

Unitel-ийн бүтээлч хамт олон санал болгож байна

Text: Б.Энххүслэн


Зуны дэлгэр цагийн хамгийн эрхэм үйл явдлуудын нэг Үндэсний их баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Хүн төрөлхтний соёлын биет бус өв хэмээн өргөмжлөгдсөн эдгээр баярын өдрүүдээр бөх барилдаж, морь уралдуулж, сур болон шагай харван эрэмгий хурд, цэц мэргэн, уран мэхээрээ өрсөлддөг уламжлалтай билээ. Түүнчлэн монгол түмний олон мянган жилийн турш хадгалж ирсэн нүүдэлчний соёл, төрт ёс, өв уламжлалыг үргэлжлүүлэн сахиж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд Наадмын мөн чанар оршино. Тэдгээр үнэт зүйлсийн салшгүй хэсэг, Үндэсний их баяр наадмын өнгө төрхийг тодорхойлдог уламжлалын нэг бол монгол хувцасны соёл юм.

Монгол угсаатан төв азийн өндөрлөг дээр бүрэлдэж эхэлсэн тэртээгээс улбаатай дээлийн хийц, бүтэц нь нутаглах газар, эрхлэх аж ахуйн соёлтой уялдаж байдаг. Энэ нь дээлийн салхи хаасан битүү энгэр, юмс жийрэглэж, эсвэл гар дааруулахгүй байхаар хийгдсэн нударга, морин дээр удаан явахад биед түшигтэй өргөн бүс зэргээр тодорхойлогдоно. Тэгвэл нийгэм, соёл, шинжлэх ухаан, техник, технологиуд хөгжин хувьсахын хэрээр үндэсний хувцасны хэрэглээ өмнөхтэйгөө харьцуулахад багасаж, Цагаан сар, Наадам зэрэг зөвхөн тэмдэглэлт өдрүүдээр шүүгээний мухраасаа гаргаж ирэх хандлага давамгайлж байна. Гэхдээ орчин цагт ч гэсэн дээлийг загварын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагатай хослуулж өдөр тутамдаа өмсөж болдгийг Unitel-ийн хамт олон стилист Б.Бат-Очир, Э.Мөнхзаяа нартай хамтран нэгэн бүтээлч ажлаар дамжуулан харуулжээ. Ингэхдээ тэд үндэстэн ястан бүрийн хувцасны шинж чанарыг алдагдуулахгүйгээр шинэ загвар гаргасан байна. Залуучууд скейтбоард унахдаа, морин хуур тоглохдоо, аль эсвэл граффити зураг зурахдаа гээд арга хэмжээ, байршил харгалзахгүй дээлээрээ гоёх боломжтой.


Хэрхэн үндэсний хувцсаа орчин үеийн загвартай хослуулах вэ? (фото 1)

ҮЗЭМЧИН

Үзэмчин ястны богино уужийг хөдөлгөөн хориогүй сул загварын өмд, футболк болон пүүзтэй хослуулжээ. Ингэхдээ тухайн ястны онцлог болсон өндөр, босоо зах, дэрвэгэр хормойг гаргаж, үзэмчин эмэгтэйчүүдийн гоёдог уран нарийн хийцтэй шүр болон мөнгөн эдлэлийг оруулсан байна. Духны урдуур олон салаа шүрнүүд унжсан байх ба толгойн гоёлыг уужны эмжээр болон оймсны өнгөтэй хосолсон байхаар дүрсэлжээ.


ТОРГУУД

90-ээд онд ид эрэлттэй байсан өргөн жийнс, богино топны хослол энэ цаг үед эргэн ирж, чиг хандлага болтлоо өргөжсөн билээ. Энэхүү загварчлалыг монгол үндэсний, тэр дундаа торгууд ястны дээлтэй ч мөн хослуулж болохыг эндээс харж болно. Дээлийн загварыг хэвлий ил гарахаар богино хийж, торгууд хийцийн гол шинжүүд болох цагаан зах, уужим ханцуй, нударга зэргийг тодотгожээ.

Хэрхэн үндэсний хувцсаа орчин үеийн загвартай хослуулах вэ? (фото 2)

Хэрхэн үндэсний хувцсаа орчин үеийн загвартай хослуулах вэ? (фото 3)

БУРИАД

Энгэртээ гурван эмжээр бүхий буриад хийцтэй цамц, тооровшо малгай болон жийнс, кетний хослол өдөр тутамд өмсөхөд хамгийн тав тухтай байх болно. Үндэсний хэв маягаа энэ мэт хип-хоп, скейтэрүүдийн соёлын тусгал болсон streetwear хувцастай загварчлах боломжтой.


КАЗАК

Дотуураа өмсдөг хагас задгай энгэртэй, энгэр захад нь хээ, угалз шагласан цамцны оронд анорак загварын цамц, харин гадуур нь ногоон саарал өнгийн хүрмийг өмсөж загварчилсан байна. Казак үндэстний хувцасны хээ, угалз нь олон төрөл байх хэдий ч ан амьтны эвэр, сансар огторгуй, ургамлын дүрс голлодог. Тиймдээ ч байгалийн өнгө бүхий хувцас, эдлэлтэй хослуулж, тухайн үндэстний бэлгэдэл болсон нарны эрч хүч, үүнээс ялгарах олон өнгө, дулаан энергийг түгээхийг уриалжээ.

Хэрхэн үндэсний хувцсаа орчин үеийн загвартай хослуулах вэ? (фото 4)

Хэрхэн үндэсний хувцсаа орчин үеийн загвартай хослуулах вэ? (фото 5)

ХАЛХ

Аливаа хэв маягт баригдахгүй, чөлөөтэй сэтгэж, бүтээлчээр хандахыг орчин үеийн залуучууд зорьж байна. Халх үндэстний хантаазны загварыг энэ л зарчимд тулгуурлан бүтээжээ. Хантаазны нүсэр том зах, хэрээстэй цамцны хормой, мөрний хэсгийг харахад хайнга, өөрийнхөөрөө хэв маяг мэдрэгдэх болно. Мөн дотуур нь хүннү захтай цамц өмсгөж, монгол хээ, угалзаар чимсэн байна.


ДӨРВӨД

Дээлийн гадуур хантааз давхарлаж хамгийн сонгодог хувцаснуудын нэг болох тренч цувтай адил силуэтийг гаргасан нь сонирхол татна. Хөнгөн, тухтай байдлыг нь харуулах үүднээс үүлэн хээгээр чимж, пүүз болон нүдний шилтэй хослуулж футуристик өнгө аястай үндэсний төрхийг чадварлагаар дүрсэлжээ. Түүнчлэн дөрвөд хийцийг илэрхийлдэг хэвтээ зах, нарийн хос тасам эмжээрийг онцлохоо мартсангүй.

Хэрхэн үндэсний хувцсаа орчин үеийн загвартай хослуулах вэ? (фото 6)

Хэрхэн үндэсний хувцсаа орчин үеийн загвартай хослуулах вэ? (фото 7)

МЯНГАД

Комбат гутал бүх төрлийн хувцастай зохицдог. Дээлтэй ч мөн адил загварчилж болдгийг энэхүү бүтээлээс харж болно. Ингэхдээ торгон миди юбка өмсгөж, мянгад үндэстний онцлог болох үсийг нь хоёр хуваан дэргэр болгожээ. Мянгад дээл нь өргөн хар эмжээртэй байдаг тул 3D зурагтаа хар өнгийг түлхүү ашигласан байна.


БАЯД

Хоёр хуруу өргөн эмжсэн цагаан зах, нударгатай ханцуй, туйв буюу үсний гэрээс баяд хувцасны үндсэн шинж чанарууд харагдана. Хоёр талд нь суурилуулсан уяаг чангалж, суллах маягаар өөр өөр байдлаар загварчилж болох өмдөн дээр үүлэн хээг дүрсэлж үндэсний хэв маягтай элемент оруулсан байна. Түүнчлэн яг энэ цаг үед хамгийн өндөр эрэлттэй байгаа платформ ултай өсгийтэй гуталтай загварчилж залуучуудын сонирхлыг тусгажээ.

Хэрхэн үндэсний хувцсаа орчин үеийн загвартай хослуулах вэ? (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх