
Michel & Amazonka брэндийн 10 жилийн ойд зориулсан загварын шоу зохион байгуулагдана
Монголын дөрвөн улирал 2025
Орчин үеийн загварын өнгө төрхийг тодорхойлсоор ирсэн брэндүүдийн нэг болох Michel & Amazonka 10 жилийн ойн баяраа урлаг, гоо зүйн хосгүй бүтээлээр тэмдэглэх гэж байна. Энэхүү чухал ойд зориулан тэд Mongolian Four Seasons 2025 хэмээх загварын шоугаа зургаадугаар сарын 28-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Тус шоу нь Монгол орны онцлог болох дөрвөн улирлын өнгө төрх, уур амьсгал, соёлын уянга, түүхийн хэлхээг хувцас загварын урлагаар дамжуулан харуулах зорилготой бөгөөд нийт 100 гаруй загварыг толилуулах юм. Ингэхдээ тэд ердөө нэг улирлыг онцлох бус шоуны турш дөрвөн улирлын хэв шинжийг агуулсан загваруудыг танилцуулах ба дотоод болон гадаадын 70 гаруй загвар өмсөгч үзэгчдийн өмнө алхах аж.



Michel & Amazonka брэнд нь сүүлийн арван жилийн турш монголын загварын салбарт урлаг, уламжлал, орчин үеийн мэдрэмжийг хослуулсан загваруудаараа ялгарч ирсэн бөгөөд энэ удаагийн шоу нь тэдний үнэт бүтээлийг нэгтгэн харуулсан томоохон арга хэмжээ болох юм. Ийнхүү Mongolian Four Seasons 2025 шоу нь тэдний замналын оргил цэг болон өнгөрсөн арван жилийг дүгнэн харуулахын зэрэгцээ ирээдүйн шинэ туурвилуудын үүдийг нээх үйл явдал болно. Мөн тэд тайзны шийдэл, хөгжим, гэрэлтүүлэг гээд бүх элементүүдэд чухал ач холбогдол өгч гайхалтай загваруудыг амилуулан үзэгчдэд мэдрүүлэхээр нарийн уялдаа холбоотойгоор бүтээж байна.
Энэхүү шоу бол зүгээр нэг загварын арга хэмжээ биш. Энэ бол Michel & Amazonka брэндийн философи, байгаль, цаг үе, гоо зүйн нэгдлийг тайзнаа буулгасан урлагийн бүтээл болох юм.

Байршил: ITC Tower, Ballroom ZU
Огноо: 2025 оны зургаадугаар сарын 28
Цаг: 17:00 – 20:00
Хөтөлбөрт зөвхөн урилгаар оролцоно. Шоуны дараах After Party нь олон нийтэд нээлттэйгээр оройн 21:00 цагаас ZU Ballroom-д зохион байгуулагдана.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт