Хайх

Monalun, Muse Art house, Queen Fashion house, Michel & Amazonka нарын хамтарсан шоуны анхны зургууд

Monalun, Muse Art house, Queen Fashion house, Michel & Amazonka нарын хамтарсан шоуны анхны зургууд

Ready to wear

Text: Ж.Чинбат


Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулж буй дөрвөн маркийн хамтарсан загварын шоу долоодугаар сарын 8-нд Manhattan lounge-д болно. Тиймээс бид дизайнерууд ямар, ямар загвартай цуглуулга танилцуулах гэж буйг тандаж мэдлээ

"Монгол дизайнеруудын нэгдсэн загварын шоу болно" гэдэг мэдээлэл олон хүний анхаарлыг татаад байгаа. Энэхүү загварын шоуг "Mongolian Designers Union" буюу Монголын дизайнеруудын нэгдсэн холбооноос зохион байгуулж байгаа юм. Шоунд Monalun, Muse Art house, Queen Fashion house болон Michel & Amazonka маркууд оролцож, тус бүр 20 орчим загвартай цуглуулга танилцуулахаар зэхжээ. Тэд сүүлийн үед дэлхийн загварын салбарт тархаад буй "see it-buy it" зарчмын дагуу загварын шоуны дараа шууд худалдан авч болох зун, намрын улирлын бэлэн хувцаснууд урласан байна. Ингээд та бүхэнд марк тус бүрийн танилцуулах цуглуулгын хураангуйг хүргэе.

Monalun

Monalun, Muse Art house, Queen Fashion house, Michel & Amazonka нарын хамтарсан шоуны анхны зургууд (фото 1)

Загвар зохион бүтээгч Б.Номунгэрэл энэ удаад амьдралын гэрэл, гэгээтэй талыг тодотгосон өнгөлөг загварууд гаргажээ. Тэрээр хэлэхдээ "Хүмүүсийг тод, өнгөлөг хувцас өмсөж, үргэлж сэтгэл хангалуун яваасай гэж хүсдэгээ энэ удаад ч үргэлжлүүлсэн" гэж ярьлаа. Тиймээс Б.Номунгэрэлийн урласан даашинз, топ, юбка, өмд зэрэг загварууд нь тод өнгөнөөс гадна хатгамал болон лазер зүсэлтээр гаргасан олон төрлийн цэцэг, эрвээхэй зэрэг элемэнтээр чимэглэгджээ.
Түүний загварууд өдөр тутмын амьдралд өмсөж болохуйц байхаас гадна зарим нэг сонирхолтой шийдэлтэй болжээ. Жишээ нь даашинзан дээр давхарласан хөхний даруулгатай загварыг дурдаж болох юм. Мөн зарим загварын зах, ханцуй зэрэг деталь хэсгийг pvc хуванцараар хийж, материалуудыг өвөрмөц байдлаар хослуулж гаргасан байна.

Muse Art house

Monalun, Muse Art house, Queen Fashion house, Michel & Amazonka нарын хамтарсан шоуны анхны зургууд (фото 2)

Muse Art house-ын загвар зохион бүтээгч Г.Цас "Ногоон дарь эх" нэртэй цуглуулга бүтээжээ. Энэ цуглуулга нь бүхэлдээ үндэсний хэв шинжийг орчин үед оруулсан урт, богино зэрэг төрөл бүрийн хэмжээтэй дээлнүүдээс бүрдэж байна. Зун ба намрын улиралд болон баяр ёслолын үеэр өмсөж болох эдгээр загварууд голчлон цагаан, саарал, цайвар зэрэг цулгуй өнгөнүүдэд төвлөрчээ. Загвар зохион бүтээгч Г.Цас эмэгтэй хүн бүрийг Ногоон дарь эх шиг гэгээлэг, бурханлаг мөн чанартай гэж үзэж энэхүү цуглуулгаа бүтээсэн байна. Тэрээр орчин үеийн маягтай дээлнүүддээ батик гэж нэрлэдэг чимэглэлийн аргаар Ногоон дарь эхийг зурж оруулжээ. Г.Цас эдгээр загваруудад зориулж мэргэжлийн уран бүтээлчдээр керамик материалтай, чулуун зүүлттэй Ногоон дарь эх бүхий аксесуар хийлгэжээ. Тэрээр мөн үндэсний хувцсан дээр барьж болохуйц орчин үеийн загвартай цүнхнүүд танилцуулах юм байна.

Queen Fashion house  Monalun, Muse Art house, Queen Fashion house, Michel & Amazonka нарын хамтарсан шоуны анхны зургууд (фото 3)

Энэхүү загвар зохион бүтээгчдийн нэгдсэн шоунд оролцож буй дизайнерууд бүгд л тайзны бус харин шууд худалдан авч, өмсөхөд зориулагдсан загварууд урласан байгаа. Загвар зохион бүтээгч Д.Энхмаа мөн тун эмэгтэйлэг, өдөр тутмын амьдралд ойрхон энгийн загварууд гаргажээ. Түүний цуглуулга бүхэлдээ А хэлбэрийн даашинз ба урт, богино хэмжээтэй юбка, топнуудаас бүрдэж байгаа. Д.Энхмаа загварууддаа товчны оронд шилбэ ашиглах, монгол хувцасны босоо зах оруулах зэргээр үл мэдэгдэм үндэсний хэв маяг шингээж өгчээ. Тор, силк болон полистер материалуудаар хийгдсэн түүний загваруудын гол онцлог нь алтлаг шар өнгөтэй төрөл бүрийн хээнүүд дээр төвлөрчээ.

Michel & Amazonka Monalun, Muse Art house, Queen Fashion house, Michel & Amazonka нарын хамтарсан шоуны анхны зургууд (фото 4)

Нэг сарын өмнө Бюро 24/7-гийн хуудсаар дамжуулан анх танилцуулсан "I'm watching you" нэртэй цуглуулгын хоёрдугаар хэсгийг Michel & Amazonka энэхүү загварын шоун дээр танилцуулах гэж байна. Тэд энэ удаа гурван эрэгтэй загвар танилцуулах ба эмэгтэй хувцаснуудын хувьд ханцуйгүй хүрэм, пажам хэлбэрийн хатгамалтай торон даашинз, зун өмсөх зориулалттай нимгэн цув зэрэг арав орчим шинэ загвар оруулжээ. Өнгөний хувьд тод, ассан өнгөнүүд сонгож, гэгээлэг мэдрэмж төрүүлэх шийдэл гаргажээ. Тэд мөн өөрсдийн загварууд дээр барих цүнхний цуглуулгыг энэ удаад танилцуулах юм байна.

цааш үзэх