Хайх

Дэлхийн загвар болон урлагийн ертөнцийг байлдан дагуулж буй BLACKPINK

Дэлхийн загвар болон урлагийн ертөнцийг байлдан дагуулж буй BLACKPINK

Орчин цагийн хамгийн алдартай охидын хамтлаг

Text: Buro.Mongolia


Тэдэнтэй Chanel болон Prada брэндүүд хамтарч, Эди Слиман болон Энтони Ваккарелло нар тэднийг урлагийн тэнгэрээ болгож, Vogue "Blackpink" гэх нэр дурдагдсан дугаар бүрээ дөрөв дахин их тоогоор хэвлэх шаардлагатай болдог. Өмнөд Солонгосын Blackpink нь яг одоо орчин цагийн хамгийн алдартай охидын хамтлагаар нэрлэгдэж, олон сая шүтэн бишрэгчдийн зүрхийг булааж, хит жагсаалтуудыг тэргүүлж байна.

Дэлхийн загвар болон урлагийн ертөнцийг байлдан дагуулж буй BLACKPINK (фото 1)

Олон улсад гаргасан амжилтуудаас нь дурдахад, Coachella хөгжмийн наадам дээр дуулсан анхны K-pop хамтлаг, YouTube тавцанд тэрбум гаруй үзэлт цуглуулдаг олон нийтийн сүлжээн дэх хамгийн алдартай хамтлаг гээд тоолшгүй олон. Тэр ч бүү хэл "Kill This Love" дуу нь сонсолтын тоогоороо Гиннессийн рекорд эвдсэн гээд энэ бүгдийг тэд үүсгэн байгуулагдсанаасаа хойших дөрөвхөн жилийн хугацаанд амжуулсан билээ.

Үүнээс гадна Женни, Жису, Розэ болон Лиса нар Chanel, Louis Vuitton, Adidas, Dior зэрэг хамгийн нэр хүндтэй брэндүүдтэй хамтран, яг одоо дэлхийн загварын ертөнцийг байлдан дагуулж байна. Chanel брэндийн албан ёсны төлөөлөгч болох Женни загварын шоунуудын эхний эгнээнд Cardi B-гийн дэргэд сууж, Gentle Monster брэндтэй хамтарсан цуглуулга гаргаж байна. Розе Энтони Ваккареллогийн урилгаар Saint Laurent брэндийн төлөөлөгч болсон. Лисаг Celine брэндийн бүтээлч захирал Эди Слиман өөрийн урлагийн тэнгэрээр нэрлэснээс гадна залуу бүсгүй энэ оны хоёрдугаар сард Prada брэндийн загварын шоуны эхний эгнээнд уригдсан. Харин Жису 2019 оны арванхоёрдугаар сард Dior Beauty-гийн Солонгос дахь төлөөлөгчөөр сонгогдсон билээ.

Дэлхийн загвар болон урлагийн ертөнцийг байлдан дагуулж буй BLACKPINK (фото 2)

Дэлхийн загвар болон урлагийн ертөнцийг байлдан дагуулж буй BLACKPINK (фото 3)

Blackpink хамтлагтай хамтран гаргасан аливаа төсөл нэн даруй амжилт олдог. Америкийн Vogue сэтгүүлийн хэлснээр сэтгүүлүүд Blackpink-ийг дурдсан дугаар бүрээ дөрөв дахин их тоогоор хэвлүүлэх шаардлагатай болдог гэнэ. Хамтлагийн тоглолтын тасалбарууд хэдхэн секундийн дотор зарагддаг бөгөөд хамтлагийн аль нэг гишүүн тодорхой брэндийн хувцсыг өмсөн тайзнаа гарах үед тэрхүү брэндийн цуглуулга шууд л борлуулагдаж дуусдаг байна. Тэдний Instagram дээрх өмсөж, хэрэглэж буй бүтээгдэхүүнүүд ч мөн бүгд солд-аут болдог. Celine-ий цамц болон Bottega Veneta-гийн клачаар гоёсон Лисагийн зураг таван сая лайк цуглуулсан байх жишээтэй.

 

 

Blackpink хамтлагийн амжилтын нууц энгийн. Тэд цээжлэхэд хялбар дуунууд бүтээж, girl crush концепцын тусламжтай асар олон шүтэн бишрэгчтэй болсон байдаг. Яг л олдскул Spice Girls, Destiny's Child зэрэг хамтлагуудын адил. Гэхдээ тэд эдгээр барууны хамтлагуудтай харьцуулбал бие биедээ тодорхой дүр оноолгүйгээр хамтлагтаа ардчиллын орон зай үлдээдэг онцлогтой.

"Аль нэг гишүүн бусдаасаа илүү их бүжиглэж, эсвэл дуулах ёстой гэж бид боддоггүй. Blackpink-ийн амжилт гишүүн бүрийн энергиэс шалтгаалан бүрддэг" хэмээн Женни Vogue Korea-д ярьж байсан билээ.

Дэлхийн загвар болон урлагийн ертөнцийг байлдан дагуулж буй BLACKPINK (фото 4)

Дэлхийн загвар болон урлагийн ертөнцийг байлдан дагуулж буй BLACKPINK (фото 5)

Энэ зургадугаар сард Blackpink жил чимээгүй байсны эцэст шинэ цомог гаргахаар ажиллаж байна. Тэд мөн дуучин Леди Гагатай хамтран түүний Chromatica цомогт зориулан "Sour Candy" синглийг хамтран бичсэн бөгөөд энэ эрчээрээ Барууныг байлдан дагуулсан анхны эмэгтэй K-pop хамтлагаар өргөмжлөгдөхөд тун ойр байна. Харин загварын ертөнцийн хувьд тэд аль хэдийнэ байлдан дагуулчихсан байгаа.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх