Хайх

Dior брэндийн домогт жакетын тухай 5 баримт

Dior брэндийн домогт жакетын тухай 5 баримт

"Bar" жакет

Text: Бюро 24/7


Dior загварын ордны “Bar” жакет энэ онд 73 нас хүрч байна. Тэгвэл бид түүхийн салшгүй нэг хэсэг болсон, брэндийн хамгийн алдартай энэхүү загварын талаар юу мэдэх вэ?

I

"Bar" жакет бол New Look стилийн үндэс суурь ба гол бэлгэдэл юм. Хамгийн анх энэ загварыг 1947 оны хоёрдугаар сарын 12-нд олон нийтэд танилцуулсан бөгөөд энэ өдөр Кристиан Диор өөрийн анхны цуглуулгыг дэлгэсэн байдаг. Мэргэжилтнүүдийн таамагладгаар Диор энэхүү загварыг анх коктейл үдэшлэгүүд, Парисын тансаг зочид буудлуудын баарнуудад өмсөх зориулалттайгаар урласан тул "Bar" гэх нэршлийг авсан гэдэг.

II

New Look гэх нэршил нь харин Harper's Bazaar сэтгүүлийн ерөнхий редактор Кармель Сноугийн ачаар үүссэн байдаг. Тэрээр Диорын загварын шоуг үзсэний дараа "Хүндэт Кристиан, таны даашинзууд үнэхээр шинэлэг юм. Энэ бол жинхэнэ new look!" хэмээн хэлж байжээ.

III

Галбирт төгс суусан эсгүүр гаргахын тулд Диор модон манекений хэлбэрийг алхны тусламжтай өөрчлөн илүү эмэгтэйлэг болгосон байдаг. "Би даашинзуудаа геометрийн хэлбэр дүрстэй атлаа эмэгтэй хүний галбирт төгс сууж, силуэтийг нь илүү тодотгож өгдөг байлгахыг хүссэн. Бэлхүүсийг тодотгож, ташаа болон цээжний хэмжээг томсгосон. Мөн жакетын хэлбэрийг илүү хурц, материалыг нь илүү биетэй болгохын тулд бүх материалыг перкаль болон тафтагаар доторлож өгсөн" хэмээн Кристиан Диор ярьж байсан билээ.

IV

Dior загварын ордны бүтээлч захирлын албан тушаалыг 1996 оноос 2011 он хүртэл хашсан дизайнер Жон Гальяно брэндийг удирдаж байх хугацаандаа домогт жакетыг өөрийн гоо зүйн дагуу өөрчлөн гаргадаг байсан. Тэрээр тод өнгөтэй, дорнын аястай эсвэл савхин материалтай гээд олон төрлийн өвөрмөц хувилбар танилцуулж байсан билээ. Харин Раф Симонс 2012-2015 онуудад брэндийг удирдахдаа Кристиан Диорын хэв маягийг хадгалан "Bar" жакет дээр суурилсан смокинг, пальто, цээживч зэрэг илүү даруухан, цэмцгэр хувилбаруудыг танилцуулдаг байсан.

V

Өнөөдрийн байдлаар Dior ордны бүтээлч захирлын үүргийг Мария Грация Кьюри гүйцэтгэж байгаа бөгөөд тэрээр үүсгэн байгуулагч Кристиан Диорын гаргаж байсан алдарт эсгүүрүүдийг эргэн сэргээж, брэндийн ихэмсэг, цэмцгэр хэв маягийг хадгалахын хажуугаар шинэ материал болон хатгамлын техникээр туршилт хийн, эмэгтэйчүүдийг дэмжсэн загварууд гаргадгаараа үнэлэгддэг билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх