Хайх

Хит трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад хэрхэн багтсан тухай дизайнерууд ярьж байна

Хит трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад хэрхэн багтсан тухай дизайнерууд ярьж байна

Дизайнер А.Учрал, Б.Нямсүрэн

Text: Ж.Чинбат


Монголын бэлэн хувцасны зах зээлд хамгийн олон дизайнер Говь брэндийн Загварын урланд ажилладаг. Бид шинэ улирлын цуглуулга дээр ажилласан голлох хоёр дизайнертай уулзаж ярилцлаа

Гучин таван жилийн түүхтэй Говь брэндэд сүүлийн үед ямар хувьсал өөрчлөлт гарч байна вэ? Үүнийг харахын тулд бид дөнгөж саяхан танилцуулагдсан намар-өвөл 2016-2017 цуглуулга дээр ажилласан загвар зохион бүтээгч Б.Нямсүрэн, А.Учрал нартай уулзаж ярилцлаа. Тэд тансаг бөгөөд үнэтэй ноолууран хувцсан дээр шинэчлэлт хэрхэн хийгддэг тухай, монгол эрчүүдийн хүсэл сонирхолд нийцэх загвар зохиохын тулд Pitti Uomo-д хийдэг судалгааныхаа талаар ярьлаа. Нэг улирлын цуглуулгад 1970-1990 оны хооронд хит болж байсан супер трэндүүдийг хэрхэн нэгтгэсэн болохыг бид тэднээс асууж тодруулсан байгаа. Дизайнер Б.Нямсүрэн Санкт Петербург хотын Технологи Дизайны Их сургууль, А.Учрал Сөүл хотын Хонг-Иг сургуулийг төгссөн тул Ази болон Европт мэргэжил эзэмшиж, монгол хэрэглэгчдэд шинэ загвар зориулан бүтээдэг тэдний дотоод ертөнц бас бидний сонирхлыг татсан юм. 

Говь брэндийн ноолууран бүтээгдэхүүн хэрэглэж үзээгүй нэг ч Mонгол хүн байхгүй гэдэгт би итгэлтэй байна. Харин энэ удаагийн шинэ загвар ямар онцлогтой гарч байгаа вэ?

А.Учрал: Намар-өвөл 2016-2017 цуглуулга маань нийт 179 загвартай гарсан бөгөөд бид ерөнхий гурван дүр төрхийг санал болгож байгаа. 70-аад оныг санагдуулам классик, ихэмсэг дүр төрх эхний хэсэгт орсон бол 80-aад оны ретро дүр төрхөөс спорт хэв маяг, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой чөлөөт элемэнтүүдийг бид загвартаа авч оруулсан. Гурав дах 90-ээд оны сэдэвтэй хэсэгтээ өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлэх сул загварууд бүхий даруухан хэрнээ гранж дүр төрх санал болгосон. 

Өөр, өөр цаг үед чиг хандлага болж байсан зүйлсийг та бүхэн загвартаа хэрхэн оруулж өгсөн бэ?

Б.Нямсүрэн: Сүлмжэл хувцасны зохион бүтээлт нь хэцүү бөгөөд адармаатай зүйл байдаг. Энэ чиглэлээр мэргэших гэж би сүүлийн долоон жил ажилласны эцэст энэ удаа бүтэн цуглуулга гаргасан юм. Ерөнхийдөө 1970, 80, 90-ээд онуудын хамгийн загварлаг элемэнтийг загвартаа оруулж өгөхийг хичээсэн. Цуглуулгын эмэгтэй загварууд дээр сул, биед эвтэйхэн, хөдлөхөд таатай, тэгсэн хэрнээ загварлаг байхуйц бодож сүлжмэлийн суурь зохион бүтээлтийг эвдэж өгсөн. Мөн эдгээр онууд хэрхэн илэрч байна вэ гэвэл 1970 оныг свитер зах, урт ханцуй, трапеци өмд гэх мэт загвараар, 80-аад оныг шинэлэг сүлжээстэй, том сул цамцнуудаар, 90 оныг oversize пальто, кардиган загваруудаар гаргасан байгаа. Тухайн үед хүмүүсийн сонирхдог байсан элемэнтүүдийг орчин үеийн загварын чиг хандлагатай уялдуулан оруулж өгсөн тул бүх насны хүмүүс намар өвлийн цуглуулгыг сонирхох байх гэж найдаж байна. 

Хит трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад хэрхэн багтсан тухай дизайнерууд ярьж байна (фото 1)Хит трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад хэрхэн багтсан тухай дизайнерууд ярьж байна (фото 2)Хит трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад хэрхэн багтсан тухай дизайнерууд ярьж байна (фото 3)

Говь ХК том корпораци учраас бүтээгдэхүүн хөгжүүлэлт нь олон шат дамжлагатай явдаг байх. Үүнийг уншигчдад товчхон базаад танилцуулахгүй юу? Говийн шинэ загварын анхны санаа хэрхэн эцсийн бүтээгдэхүүн болдог вэ?

Б.Нямсүрэн: Хамгийн эхлээд бид тухайн жилд тренд болох дүр төрхүүдээ судлаж, Италийн Pitti Uomo зэрэг томоохон үзэсгэлэнд очдог. Энэ жил Pitti Uomo 89 үзэсгэлэн дээр үе, үеийн хамгийн загварлаг элемэнтүүдийг нэгтгэсэн байсан нь бидэнд бүтээлч урам өгсөн байгаа. Судалгаанаас үүдээд бид ямар сүлжээс, эсгүүр гаргах вэ гэдэг дээр шилжиж ажилладаг. Дизайнерууд бид санаагаа виртуал ертөнцөд төсөөлж, дараа нь ерөнхий зургаа гаргадаг. Үүнийг зохион бүтээгч нар маань тоо, томъёогоор дүүрэн тооцоолол болгон хөрвүүлэх болно. Тэр тооцооллыг программистууд компьютерт оруулснаар дэвшилтэт сүлжигч машинаар сүлжин оёж, боловсруулалт хийгдсэнээр эцсийн бүтээгдэхүүн болон гардаг даа.

А.Учрал: Мөн дүр төрх, загварын судалгаанаас өмнө нь бид борлуулалтын мэдээндээ дүн шинжилгээ хийж, зах зээл дээр хэрэглэгч юу таашааж байгааг нарийвчлан хардаг. Өөрөөр хэлбэл загвар зохион бүтээлт маань зах зээлээсээ хамаарч гардаг юм. Үүнээс цуглуулгын маань хэд нь сүлжмэл бүтээгдэхүүн, хэд нь нэхмэл ба оёмол загвар байх вэ гэдэг нь шийдэгддэг. 

Тэгвэл загвар зохион бүтээлтийн урланд хэчнээн дизайнер ажилладаг вэ? Гадны брэндүүдийг тодорхойлдог бүтээлч захирлын үүргийг хэн гүйцэтгэдэг вэ гэдгийг уншигчид маань сонирхож байгаа байх.

А.Учрал: Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газар сүлжмэл, нэхмэл гэж хуваагдсан 30 орчим хүнтэй. Үндсэн найман дизайнер, хориод загвар зохион бүтээгчтэй. Эдгээр хүмүүсийг бүгдийг нь Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газрын захирал Б.Болормаа маань удирдан ажилладаг юм. 

 шинэчлэнэ гээд зарим зүйлсийг огт орхиж болохгүй. Хэрэглэгч нэгэнт дуртай болчихсон загвар, хээ, элемэнтүүд ашиглагдсан хэвээр байдаг

Загварын ертөнцөд улирал бүр шинэ тренд гардаг. Та бүхэн ноолууран бүтээгдэхүүнийг цаг үетэй хослуулах ямар арга хэрэглэдэг вэ?

Б.Нямсүрэн: Сүлжмэл загварын хувьд бид сүлжээсээр шийдэж өгдөг. Энэ жилийн загвар дээр гэхэд зөгийний үүр, үелсэн фукуро, хос хошууны хирамэ зэрэг илүү 3D харагдах шинэлэг сүлжээс оруулж, загварыг ердийн цулгуй биш болгосон.

А.Учрал: Сүлжмэл бүтээгдэхүүнээс гадна оёмол хувцас цуглуулга бүрт сайжирч байдаг. Манайд бүтээгдэхүүн хөгжүүлэлтээс гадна Говь салон гэж бий. Энд жирийн классик загварыг ч жил ирэх тусам улам сайжруулж, өмсгөл суултаас гадна өнгө болон халаас, цахилгаан зэрэг элемэнтүүдийг шинэчилдэг. Мөн шинэчлэнэ гээд зарим зүйлсийг огт орхиж болохгүй. Хэрэглэгч нэгэнт дуртай болчихсон загвар, хээ, элемэнтүүд ашиглагдсан хэвээр байдаг.

Хит трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад хэрхэн багтсан тухай дизайнерууд ярьж байна (фото 4)

Загвар зохион бүтээнэ гэдэг нь сэтгэл хөдлөлийн асуудал гэж харагддаг. Та бүхэн өөрсдийн фантазийг ноолуурт буулгах боломж хэр их байдаг вэ?

Б.Нямсүрэн: Ноолуур өөрөө үнэтэй, тансаг бүтээгдэхүүн болохоор эрс шинэчилж, өөрчлөх боломж зөөлөн оёдлыг бодвол илүү бага л даа.

А.Учрал: Ноолуурыг уран сэтгэмжээр өөрчлөх боломж бага ч гэлээ би нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Говийн загварууд жил бүр өөр, өөр өнгө төрхтэй гарч, солигддог. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр компани маань дизайнерууддаа өөрийн гэсэн дотоод ертөнцөө харуулах боломж олгодог. Тэгэхээр нэг хэвийн, баригдмал биш загварууд гаргах нөхцөл бүрддэг юм. Хүмүүс сайн анзаарвал манай цуглуулга бүр өөр, өөрийн гэсэн уур амьсгалтай гардаг. 

Эрэгтэй загвар монголд маш бага хийгддэг. Тэгэхээр эрчүүдийн хүсэл сонирхол ямар байгааг мэдэж, тэдэнд таалагдах загвар гаргахын тулд та бүхэн хэрхэн ажилладаг вэ?

Д.Нямсүрэн: Яг тийм болохоор л бид эмэгтэй хувцасны үзэсгэлэнгээс илүү Италийн Pitti Uomo-г сонгон оролцдог. Эмэгтэй загвар дээр дизайн гаргах нь харьцангүй хялбар. Ер нь бол итали эрчүүд монголчуудтай нэлээн ойролцоо бие хаа, арьсны өнгөтэй. Тиймээс цуглуулгадаа анхаарч судлах, монгол болгож хөрвүүлэх баялаг санааг бид олж хардаг. 

А.Учрал: Эрчүүд маань орчин үед өөртөө их анхаардаг, биеэ их хөгжүүлдэг болсон тул манай эрэгтэй загварууд сул биш илүү бие барьсан болж байгаа. Ер нь залуучууд баригдмал, бие биетэйгээ адилхан сэтгэх биш, тод өнгийн аксесуар хэрэглэж, хувцаслалтандаа жижигхэн деталь нэмэхэд л загварлаг харагдах боломжтой. Үүнийг бид бас санал болгохыг зорьдог.

Монголчууд ч бас өөрсдийн гэсэн шинж чанартай гэдгийг илтгэх стильтэй болж, дотоод ертөнцөө хувцаслалтаараа харуулж болно. 

Эмэгтэй загвар зохион бүтээх нь харьцангүй хялбар гэлээ. Харин эмэгтэйчүүдэд хандаж өөрийн дүр төрх бүрдүүлэлтэнд санал болгож хэлэх зөвлөгөө танд юу байна вэ?

А.Учрал: Миний хувьд манай бүсгүйчүүд Ази шинж чанараа өөртөө илүү тодотгож гаргаж ирээсэй гэж боддог. Монголчууд ч бас өөрсдийн гэсэн шинж чанартай гэдгийг илтгэх стильтэй болж, дотоод ертөнцөө хувцаслалтаараа харуулж болно. Уран бүтээлчид, зураач нар зэрэг сонирхолтой хүмүүс үүнийг өөр дээрээ гоё гагаж ирсэн байдаг. Харин жирийн охидууд маань зөвхөн Холливүүд, Солонгос жүжигчдээс үлгэр дуурайл авах биш зөвхөн өөрийн гэсэн дүр төрхийг бүрдүүлээсэй.

Энэ удаагийн цуглуулгад үнэгний үстэй шааль, шувууны өд, абстракт хээнүүд харагдаж байна. Эдгээр элемэнтүүд юу илэрхийлж байна вэ?

Б.Нямсүрэн: Цуглуулга хэдийгээр 1970, 80, 90 онд хуваагдаж байгаа ч биднийг урамшуулсан ерөнхий сэдэв бол байгаль. Чулууны хээ, шувууны өд зэрэг зүйлсийг бид хэвлэмэл зурагтай загваруудтай оруулж, цуглуулгын сэдвээ илүү тод харуулахыг хүссэн. Хүмүүс монголын аль ч ноолууран бүтээгдэхүүн адил, төстэй гэж ярьдаг.

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ижил төрлийн компаниудын хамгийн гол ялгаа юунд оршдог вэ?

А.Учрал: Адил төстэй байхын хувьд үгүйсгэх арга байхгүй. Хэрэв нэгэнт адилхан, илт нэгнээсээ дууриагаагүй бол "Хүмүүс адилхан сэтгэжээ" гэж хэлэх байх. Бидэнд ийм зүйл байхгүй. Учир нь Говь бол анхдагч. Харин манай загваруудын өөр хувилбар энд тэнд их харагддаг. Бидний хувьд одоо зах зээл дээрх бусад компаниудаас принт хээ болон пальтогоороо эрс ялгардаг.

Б.Нямсүрэн: Шинэчлэлт, дэвшилттэй байдал компаниудын гол ялгаа юм болов уу. Говь ХК-ий техник, технологи шинэчлэгдсэн учраас хүссэн загвар, хээгээ гаргах боломжтой. Сүлжмэл хувцсанд сүлжээсний хээ маш чухал бөгөөд хязгааргүй өргөн сонголттой байдаг.

Хит трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад хэрхэн багтсан тухай дизайнерууд ярьж байна (фото 5)

Та загвар зохион бүтээгч болно гэж анх хэзээ шийдэж байсан бэ? Эсвэл санамсаргүй сонголт байсан уу? Мөн одоо таныг загвар зохион бүтээгч гэх урам зоригийг юу хамгийн их бүрдүүлж өгдөг вэ?

Б.Нямсүрэн: Анх тавдугаар ангидаа би дизайнер Н.Соёлмаагийн тухай сониноос уншаад загвар зохион бүтээгч болох зорилго өөртөө тавьсан. Улмаар ШУТИС-д орж, Путины тэтгэлгээр ОХУ-д сурч төгссөн юм. Одоо бол хийсэн загвараар маань хүмүүс гоёж, гадуур өмсөөд явж байхад надад маш их бахархалтай санагддаг.

А.Учрал: Миний дизайнер болно гэдэг сонголт санамсаргүй зүйл байгаагүй. Би багаасаа л урлаг, дизайн, хувцсанд дуртай, алдартай загвар зохион бүтээгчдийн тухай кино үзэж, өөрийгөө их хөглөдөг байлаа. Улмаар Солонгостоо шилдэгт тооцогддог Хун-Иг их сургуульд дизайнер, текстил артист мэргэжил эзэмшсэн.

Та бүхэн өөрийгөө өөр талбарт сорих бодол бий юу. Загварын ертөнцийн шинэ, содон зүйлсээс алийг нь илүү таашааж хардаг вэ?

А.Учрал: Чимхлүүр ажилд дуртай учраас от-кутюрыг харах дуртай. Chanel, Dior-ын от кутюр цуглуулгын буй видео тавигдангуут л олоод олон дахин үздэг. Тэд жирийн нэг хатгамал, оёдол, шигтгээг 3D мэт болгож хийж байгаа нь яг л бие даасан урлагийн бүтээл гэж харагддаг. Миний нас залуу, цус шингэн байна. Ерөнхийдөө гадагшаа явж ноолуураас өөр зах зээл дээр өөрийгөө сорино гэж боддог. Боломжгүй зүйл гэж байхгүй

Д.Нямсүрэн: Хоёулаа тэгвэл өөр бодолтой юм байна (инээв). Миний хувьд монгол дизайнерууд гадагшаа гарч болох хамгийн боломжтой зүйл бол ноолуур гэж боддог. Тийм ч учраас энэ салбар луу орсон бөгөөд үүгээрээ дагнана гэж зорьсон байгаа.

Сүүлд "Стелла МакКартни Монголын ноолуурт анхаарал хандуулж байна" гээд нэг сонирхолтой мэдээ гарсныг та бүхэн сонссон уу?

А.Учрал: Тийм ээ, танайд гарсан мэдээ байх аа? Ер нь бол дэлхийн чиг хандлага амьтны үснээс татгалзаж, материал хамаагүй гарздахыг хүсэхгүй байна. Тансаг хэрэглээ буюу ноолуурыг дахин ашиглах боломжтой байгаасай гэж эрмэлзэж байгаа нь дэлхийн загварын чиг хандлага цаашид эко систем рүү улам явахын шинж. Тэр бол зөв. Гэвч үүнийг монголд хүлээж авах боломжгүй шүү дээ. Бидний хувьд ноолуур гадагш экспортлодог гол бүтээгдэхүүний нэг болохоор энэ нь сайн зүйл биш л болов уу.

Бид энэ жилийн төгсгөлд "2016 онд хамгийн шилдэг цуглуулга хийсэн загвар зохион бүтээгч хэн бэ?" гэх санал асуулгыг дахин нэг удаа уншигчдынхаа дунд явуулах байх. Та энэ санал асуулгад ямар дизайнерыг дэмжих вэ?

Б.Нямсүрэн: Michel & Amazonka гэж бодож байна. Тэд илүү бүтээлч, чанар хийц нь сайн бөгөөд монгол хэв шинжээ хадгалж чаддаг.

А.Учрал: Michel & Amazonka. Нэг зүйлдээ баригдахгүй шинэчлэгдэж байгаа нь таалагддаг.

Энэ санал асуулгад та бүхний цуглуулгыг хэрэв оруулбал хүмүүс юуг нь илүү онцолж харж, эргэн дурсаасай гэж хүсэх вэ?

Биднийх гэхээсээ илүү Говь брэндийнх гэж тодорхойлогдоно. Учир нь манай бүх л зүйлс хоорондоо нягт уялдаа холбоотой учраас нэг ч зүйл дутагдаж болдоггүй. Тиймээс манай цуглуулгыг цогц бүхлээр нь харахыг санал болгох байна.

 

цааш үзэх