Хайх

GOBI брэнд болон Японы алдарт дизайнер Наоки Такизавагийн хамтрал

GOBI брэнд болон Японы алдарт дизайнер Наоки Такизавагийн хамтрал

Наоки Такизавагийн товч намтарыг хүлээн авна уу

Text: Ж.Булган


ГОВЬ брэнд өөрсдийн дараагийн түүхээ ийн бичиж байна. Өдгөө 45 дахь жилдээ Монголын төдийгүй дэлхийн зах зээлд үндэсний түүхий эд болох ноолуурын үнэ цэнийг чанар, эдэлгээ, ур хийц, өвөрмөц дизайнаар тодорхойлсоор ирсэн тус брэнд ирэх улиралд шинэ дизайнерын торгон мэдрэмжээр шинэ цуглуулгуудаа танилцуулж байна.


 НАОКИ ТАКИЗАВА ЭРХМИЙН ТУХАЙ

Өөрийн “NAOKI TAKIZAWA DESIGN” студийг үүсгэн байгуулахаас өмнө тэрээр Issey Miyake брэндэд эрэгтэй эмэгтэй хувцасны бүтээлч захирлын албыг олон жил хашиж үүний дараачаар UNIQLO бэлэн хувцасны брэндийн дизайн хариуцсан захирлаар ажиллаж байжээ. Харин 2024 оноос Ryohin Keikaku компанид нэгдэн, хувцас болон ахуйн барааны төлөвлөлт, дизайны хэлтсийг удирдах болсны зэрэгцээ MUJI Labo-гийн дизайны захирлаар одоог хүртэл ажиллаж байна.

GOBI брэнд болон Японы алдарт дизайнер Наоки Такизавагийн хамтрал (фото 1)

Түүнчлэн тэрээр 2011 оноос Японы хүндэт хатан хаан Мичикогийн хувцас дизайныг хариуцаж ирсэн бөгөөд 2023 оноос хүндэт эзэн хаан болон хатан хааны хувцас дизайныг гардан ажиллаж байна. Түүний амжилтууд үүгээр үл хязгаарлагдаж 2025 онд ANA буюу All Nippon Airways авиа компани 75 жилийн ойдоо зориулан нислэгийн багийн дүрэмт хувцсыг 37 жилийн дараа ахин шинэчлэх шийдвэр гаргасан бөгөөд эл чухал ажлыг Такизавад даатгажээ.

Түүний олон улсын үнэлэмж ч үүгээр хэмжигдэнэ. 2007 онд Наоки Такизаваг Франц улсын Урлаг, утга зохиолын Шевалье цолоор шагнадаж, 2009–2013 онд Токиогийн их сургуулийн Intermediatheque музейн тусгай профессор, 2011–2013 онд Васэда их сургуулийн Соёл, медиа, нийгмийн сургуульд цагийн багшаар тус тус ажиллажээ. Харин 2025 оноос тэрбээр Бээжингийн Хувцас загварын технологийн их сургуулийн Загварын урлаг, инженерчлэлийн сургуулийн зочин профессороор ажиллаж байна.

GOBI брэнд болон Японы алдарт дизайнер Наоки Такизавагийн хамтрал (фото 2)

Ийнхүү дэлхийн хэмжээний брэндүүд, хааны ордон, академик орчин гээд дизайны олон өөр талбарт өөрийн гарын үсгийг үлдээсэн Наоки Такизавагийн дараагийн бүтээлч аялал Монголын ноолууртай огтлолцож байна. Энэ сард GOBI брэнд нь загвар зохион бүтээгч Наоки Такизаватай хамтран ажиллаж буйгаа албан ёсоор зарласан бөгөөд уг хамтралын хүрээнд эх орны үнэ цэнтэй өв болох ноолууран бүтээгдэхүүнийг орчин үеийн амьдралын хэв маягт нийцүүлэн дахин шинэчлэн загварчилж, "MINIMAL, EVERYDAY, ACTIVE" гэсэн тодотголтой шинэхэн бүтээлүүдийг танилцууллаа.

“Бидний хамтын ажиллагаа хил хязгаар, соёлын хүчин зүйлийг давж, хүн бүрийг холбосон цоо шинэ үнэ цэнийг бий болгоно гэдэгт итгэж байна” хэмээн Наоки Такизава онцлон хэллээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх