Хайх

Коронавирус тусаад эдгэрсэн BURO.-гийн орос найзууд юу болсон тухай ярьж байна

Коронавирус тусаад эдгэрсэн BURO.-гийн орос найзууд юу болсон тухай ярьж байна

Text: Buro.Mongolia


Зураг: Buro.Russia

Монгол төдийгүй дэлхийн бүх улс орнуудад нөхцөл байдал хүнд байгаа энэ үед бид Оросын BURO. сэтгүүлтэй холбогдон, тэнд коронавирус тусаад эдгэрсэн хүмүүсийн сэтгэгдлийг цуглууллаа. Тэд өвчлөлтийн үеэр бие организмд нь ямар өөрчлөлтүүд орж байсныг, өвчин туссан нөхцөлд ямар арга хэмжээ авахыг, мөн хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ийнхүү хуваалцаж байна.

Тодруулга: BURO.-гийн редакц уг нийтлэлдээ хувь хүний туршлагаас хуваалцаж байгаа бөгөөд ямар нэгэн эмнэлгийн мэргэжилтний зөвлөгөөг хүргээгүй болно. Коронавирусын шинж тэмдэг илэрсэн хүмүүс нэн даруй эмчид хандаж, гэрийн нөхцөлд өөрсдийгөө дур мэдэн эмчлэхгүй байхыг анхааруулж байна.

Коронавирус тусаад эдгэрсэн BURO.-гийн орос найзууд юу болсон тухай ярьж байна (фото 1)

Александр Цыпкин,

зохиолч

Хаанаас энэ вирусыг авснаа үнэхээр мэдэхгүй байна, одоо ч гэхдээ тэр чухал биш болчихлоо. Вирус Москва даяар “зугаалж” байгаа. Бид бүгд л энэ өвчнийг тусаж таарах байх, хамгийн гол нь эмнэлгүүд ачааллаа даах боломжтой байх хэрэгтэй тул халдварын тархалтыг аль болох удаашруулах хэрэгтэй. Хүн төрөлхтөн энэ амаргүй өвчнийг хэрхэн эмчлэх талаар бүрэн гүйцэд ойлголт аваагүй байгаа ч орчин үеийн анагаах ухаан сайн тэмцэж чадаж байна. Миний бүх шинжилгээнүүд сөрөг гарч, эмч нар намайг эдгэрсэн гэж үзэж байгаа ч би одоо ч сульдсаар л байна. Гэхдээ үнэнийг хэлэхэд би коронавирусыг авснаас долоо хоногийн дараа гэхэд л шинжилгээнүүд сөрөг болж хувирсан хэдий ч тэр үед миний биеийн байдал дордсоор л байсан.

Хавар (Оросод) хөл хорионы дэглэм тогтоох үед би үүнийг маш зөв арга хэмжээ гэж харж байсан. Харин одоо соёлын обьектүүдийн үйл ажиллагааг зогсоож байгаа шийдвэрийг төдийлөн сайн ойлгохгүй байна. Метро ажилласаар л байна, тэнд өдөр бүр маш олон хүн хөдөлгөөнд оролцож л байна. Гэхдээ магадгүй ирээдүйд бид энэ тавигдсан бүх хорионууд, авагдсан арга хэмжээнүүдэд талархах байх. Харамсалтай нь энэ нь зүгээр нэг худал шуугиан биш харин бидний амьдралыг бүхэлд нь өөрчлөх өвчин мөн юм. Би одоо бас эрүүл амьдралын хэв маягтай болох хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгосон. Архаг өвчнүүдээс гадна илүүдэл жинтэй байх нь коронавирусын өвчлөлийг илүү хүнд болгодгийг онцолж хэлмээр байна.

Энэ өвчнийг туссан хүн болгонд хандаж хэлэхэд, эмч нарын зөвлөгөөг маш сайн дагаж, өөрсдөө дур мэдэн өөрийгөө эмчлэхгүй байхыг анхааруулмаар байна. Бусад өвчтөнүүдийн ууж байгаа эмийг дур мэдэн уух гэж байгаа бол яг таны нөхцөл байдал, эрүүл мэндийн байдал, бие организмын онцлогт тохирохгүй байх магадлалтайг санаарай. Мөн өвчин туслаа гээд битгий айж сандарч, энэ нь амьдралын төгсгөл мэт хараарай. Гэхдээ бас үүний хажуугаар өвчин үхэлд хүргэх аюултайг ойлгон, эдгэрэхийн тулд сэтгэл санаа болон үйлдлээрээ бүхнээ зориулан хичээгээрэй. Хэрвээ олон өдөр дараалан өндөр халуунтай байвал зайлшгүй эмчид хандах хэрэгтэй шүү.


Коронавирус тусаад эдгэрсэн BURO.-гийн орос найзууд юу болсон тухай ярьж байна (фото 2)

Божена Рынска,

сэтгүүлч

Миний хувьд хамгийн түрүүнд толгой маш их өвдөж бас нүдний салст бүрхүүл үрэвсэж ( конъюнктивит) эхэлсэн. Хэрвээ вирус хоёр хоногийн дотор идэвхэждэг бол би ресторан эсвэл банк орохдоо халдвар авсан, хэрвээ 4-5 хоногийн дотор бол манай асрагч нийтийн тээврийн хэрэгслээс зөөж авчирсан байх. Өвчлөлтийн үеэр юу ч хийх чадваргүй байсан. Би өвчнийхөө тухай тэмдэглэл хөтлөхийг хичээж байсан тул өдөрт арай гэж нэг хэдэн мөр бичдэг байсан. Харин бусад үед нь зүгээр л орон дээрээ хэвтдэг байсан. Маш их, бүр маш их сульдсан. Гэр зуурын ажил байтугай ном унших, зурагт үзэх ч тэнхэл байгаагүй.

Яг одоо хийгдэж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг би хангалтгүй гэж харж байгаа. Бид одоо хатуу хөл хорионд орох хэрэгтэй. Гэхдээ төрөөс ресторан эзэмшигчдийг болон хохирол амсаж буй бусад бизнес эрхлэгчдийг заавал дэмжих ёстой.

Өвчин тусаагүй хүмүүст хандаж хэлэхэд, амны хаалтаас гадна нүднийхээ салст бүрхэвчийг хамгаалах үүднээс нүүрний хаалт заавал зүүхийг зөвлөх байна. Гараа тогтмол ариутгаж, нүүрэндээ хүрдэг зуршлаасаа салах хэрэгтэй. Өвдсөн хүмүүст харин ус их хэмжээгээр ууж, ариун цэврийн өрөө орохоос өөр бусад үед аль болох хэвтэж, амарч байхыг зөвлөж байна. Энэ бүх зүйл хурдан дусаасай гэж маш их мөрөөдөж байна. Хамгийн түрүүнд Англи, Испани эсвэл Бельги руу аялна аа.


Коронавирус тусаад эдгэрсэн BURO.-гийн орос найзууд юу болсон тухай ярьж байна (фото 3)

Елена Лесс,

L’Enigme брэндийн үүсгэн байгуулагч

Испани руу нисэх замдаа онгоцон дотор, эсвэл онгоцноос буугаад онгоцны буудал дотор туссан байх гэж бодож байна. Учир нь Москвагаас нисэхэд тестийн хариу сөрөг байсан юм. Испанид очоод дасгал хийж байх үед зүрх гэнэт л маш хүчтэй цохилж, амьсгал давчдаад эхэлсэн. Тухайн үед өөрийгөө нислэгээс болоод ядарчихсан байна гэж бодоод л өнгөрсөн. Үүнээс гурван хоногийн дараа шүдний оо болон өглөөний кофеныхоо үнэрийг мэдрэхгүй байсан. Дараа нь сульдаж, ханиалгаж эхэлсэн. Мөн нэг өрөөнөөс нөгөө рүү орохын хооронд л амьсгал давчдаж байсан. Гэхдээ яг жинхэнээсээ сэтгэл түгшээсэн шинж тэмдэг нь хеместезис байсан. Хеместезис гэдэг нь амны хөндийд халуун эсвэл хүйтэн оргих, чимчгэнэх зэрэг өөр өөр шинж тэмдгүүдээр илэрдэг арьс болон салст бүрхүүлийн мэдрэмтгий байдлыг хэлдэг юм. Миний хувьд амны хөндийд хүйтэн оргиж эхэлсэн. Зүгээр ч нэг хүйтэн биш бүр хөлдүү агаар мэдрэгдэж байсан. Энэ шинж тэмдэг гурван хоногийн турш үргэлжилж, намайг их ч зовоосон доо.

Миний бодлоор бид коронавирусын эхний давлагааны үеэр хангалттай хатуу арга хэмжээ авч чадаагүй. Аль болох л хатуу дэглэм тогтоох ёстой байсан. Тэгсэн бол үр дагавар нь ч бага байх байсан.

Өвчлөлтийн үеэрээ би долоо хоногт хоёр удаа шинжилгээ өгч, ийм байдлаар хэдэн сарыг өнгөрүүлсэн. Хэрвээ халдварыг авсан бол хий дэмий сэтгэлээр унаж, дархлаагаа улам муутгахгүй байхыг зөвлөх байна. Өвчлөлтийн туршид би нэг ч халуураагүй. Би компьютер томограф хийлгээгүй, эм уугаагүй. Миний хувьд ганц аврал нь ус болон амин дэмүүд байсан. Хамгийн гол нь пульсоксиметр худалдаж аваад цусан дахь хүчилтөрөгчийн түвшинг хянаж байх хэрэгтэй. Байдал жоохон л муудвал шууд л эмчид хандах нь зүйтэй.


Коронавирус тусаад эдгэрсэн BURO.-гийн орос найзууд юу болсон тухай ярьж байна (фото 4)

Елена Темиргалиева,

“Мильфей” гоо сайхны салоны үүсгэн байгуулагч

Анх саунад орж байх үедээ бие тавгүйрхэж байгааг анзаарсан. Эрсдэл гаргахгүйн тулд шууд л шинжилгээ өгөхөөр шийдсэн. Шинжилгээний хариу эерэг гарсан. Миний биеийн халуун хэвийн байж, бүх үнэрийг мэдрэх чадвартай байсан тул анх хариугаа хараад итгээгүй. Гэсэн ч хоёр хоногийн дараа үнэрлэх мэдрэмж алга болж, ковид туссанаа хүлээн зөвшөөрсөн. Эхний өдрүүдэд сэтгэл түгшиж, хамгийн түрүүнд ойр дотнынхондоо санаа зовниж байсан. Тиймээс шууд л өөрийгөө тусгаарласан. Юу юугүй л үхчих болов уу гээд маш их айж байсан. Харин дараа нь энэ байдлаасаа залхаж, ой модонд алхахаар шийдсэн. Хэрвээ өдрийн эхний хагаст хангалттай тэнхэл байгаа бол онлайн хичээл харж йогоор хичээллэхээр шийдсэн. Энэ нь миний сэтгэл санаа болон бие махбодын байдалд их сайнаар нөлөөлсөн.

Халдвар авсан хүмүүст хандаж хэлэхэд, биеийн байдлаа сайтар анзаарч, боломж нь байвал дасгал хөдөлгөөн хийж байгаарай. Мөн өдөрт дор хаяж 3л ус ууж, хэт хүнд хоолоор организмоо ачаалахгүй байж, эерэг зүйлс бодоорой. Халдвар аваагүй хүмүүс харин олон хүнтэй газруудаас холуур байж, маскаа тогтмол зүүж, дархлаагаа дэмжээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх