Хайх

Коронавирусын эрүүл мэндэд үзүүлэх урт хугацааны хор нөлөөг эмч нар тайлбарлаж байна

Коронавирусын эрүүл мэндэд үзүүлэх урт хугацааны хор нөлөөг эмч нар тайлбарлаж байна

Халдвар аваад эдгэрсэн ч өөр хүндрэлүүд үүсэх тохиолдол их байна

Text: Buro.Mongolia


Зураг: The Wall Street Journal

Дэлхий даяар 55 сая гаруй хүнд халдвар тархаж, 1 сая гаруй хүний амийг авсан COVID-19 цар тахлын эрч сулрахгүй үргэлжилсээр байна. Энэхүү шинэ төрлийн коронавирус (SARS-CoV-2) нь шинж тэмдэггүй хөнгөн халдвараас эхлээд үхэлд хүргэх аюултай хүнд өвчин хүртэлх клиникийн спектрийн дагуу хүн, хүнд өөрөөр нөлөөлж байгаа бөгөөд одоогоор дэлхий дахинаа халдвар авсан нийт хүнээс 35 сая гаруй нь эдгэрээд байгаа юм. Гэсэн ч эдгэрсэн хүмүүс дунд хүнд хэлбэрийн шинж тэмдгүүд илэрсээр байгаа, мөн гол эрхтнүүдийн үйл ажиллагаа нь алдагдсан тохиолдлууд олон байгааг эмч нар судалсаар байна. COVID-19 нь шинэ төрлийн өвчин тул хүний эрүүл мэндэд үзүүлэх урт хугацааны хор нөлөө, үр дагаврыг эмч нар болон эрдэмтэд одоо л бага, багаар тодорхойлж эхэлж байгаа билээ.

Эмч нарын онцолж буйгаар халдвар аваад эдгэрсэн олон өвчтөн, тэр дундаа эмнэлэгт эмчлүүлэх шаардлагагүйгээр эдгэрсэн залуу өвчтөнүүд ч хүртэл эдгэрснийхээ хэдэн долоо хоног, эсвэл бүр хэдэн сарын дараа бүхэл биед нь нөлөө үзүүлэх өөр хүндрэлүүдтэй тулгарч байгаа гэнэ. Тодруулбал ядарч сульдах, сэтгэхүйн асуудлуудтай тулгарах, ой санамж алдагдах, хоол боловсруулах асуудлууд үүсэх, зүрхний цохилт тогтворгүй болох, толгой өвдөх, толгой эргэх, цусны даралт хэлбэлзэх, тэр ч бүү хэл үс унах зэрэг үр дагаврууд ажиглагдаж байгааг The Wall Street Journal энэ арваннэгдүгээр сарын 1-нд гаргасан нийтлэлдээ бичжээ.

Эмч нарын хувьд нэг зүйл гайхмаар байгаа нь COVID-19 халдварыг хөнгөн хэлбэрээр туссан өвчтөнүүдэд ч хүртэл дээр дурдсан хүндрэлүүд илрээд байгаа юм. "Ихэвчлэн хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүст л эдгэрсний дараа ч хүндрэлүүд үлддэг. Гэтэл COVID-ийн хувьд нөхцөл байдал өөр байна" хэмээн Оксфордын Их Сургуулийн профессор, Их Британийн Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн зүгээс гаргасан коронавирусын эрүүл мэндэд үзүүлэх урт хугацааны хор нөлөөний талаарх анхны судалгааг ахалсан ерөнхий эмч Триша Грийнхол WSJ сэтгүүлд ярьжээ.

Түүний хэлснээр коронавирусыг хөнгөн хэлбэрээр туссан олон өвчтөнүүдийн хувьд "өвчин нь өөрөө тийм хүнд биш ч эдгэрсний дараа ойн санамж алдагдах, зүрхний цохилт тогтворгүй болох зэрэг үр дагаврууд заримдаа хэдэн сарын турш үргэлжилж байгаа" гэнэ.

"Хүн эрүүл мэндээ алдах үед л эрүүл байхдаа хичнээн азтай байсныгаа ойлгодог" хэмээн өдгөө 43 настай хуульч, гурван хүүхдийн ээж Элизабет Муур мөн сэтгүүлд хуваалцжээ. Коронавирусын халдвар авахаас өмнө тэрээр идэвхтэй цаначин, долоо хоногтоо хэд, хэдэн удаа дасгал хөдөлгөөн хийдэг нэгэн байсан бөгөөд энэ оны гуравдугаар сард, тус өвчнийг туссанаас хойш ой санамж нь алдагдаж, мөн хоол боловсруулах эрхтний асуудлуудтай тулгарснаар нийт 13 кг хаяжээ.

Нийт 4,000 COVID-19 өвчтөн хамрагдсан, саяхан хийгдсэн нэгэн судалгаанд, 18-49 насны өвчтөнүүдийн 10%-д нь халдвар авснаас хойш дөрвөн долоо хоногийн турш шинж тэмдгүүд илэрсээр байсан бол, нас үл хамааран нийт өвчтөнүүдийн 4,5%-д нь найман долоо хоногийн турш шинж тэмдгүүд илэрч, 2,3%-д нь 12 долоо хоногоос дээш хугацааны турш шинж тэмдгүүд илэрсэн байна.

Мөн эмнэлэгт хэвтээгүй COVID-19 өвчтөнүүдийг хамруулсан өөр нэгэн судалгаанд, нийт өвчтөнүүдийн 25%-д нь халдвар авснаас хойш 90 өдрийн турш аль нэг шинж тэмдэг илэрсээр байсан нь тогтоогджээ.

Бусад амьсгалын замын халдварт өвчнүүдтэй харьцуулбал коронавирусын эрүүл мэндэд үзүүлэх урт хугацааны хор нөлөө илүү ноцтой болохыг эрдэмтэд онцолсоор байгаа юм. Халдвар уушгинд эхэлдэг ч маш олон тохиолдолд зүрх, бөөр, хоол боловсруулах болон мэдрэлийн системүүдэд давхар нөлөөлж байгаа гэнэ.

"COVID-19 шиг ийм олон янзын эрхтний тогтолцоонд ийм олон хэлбэрээр нөлөөлдөг өөр өвчнийг харж байсангүй" хэмээн Нью-Йорк дахь Mount Sinai Health System эмнэлгийн коронавирус тусаад эдгэрсэн өвчтөнүүдийг халамжилдаг хэсгийн ерөнхий захирал Зижан Чен хэлжээ. "Бид уг халдварыг аваад эдгэрсэн тохиолдолд буцаад хэвийн амьдралдаа ордог гэж анх боддог байсан. Гэтэл эдгэрсэн ч өмнөх шиг ээ эрч хүчтэй байхаа больсон, дуртай юмаа хийж чадахаа больсон өвчтөнүүд олон байна. Энэ нь л хамгийн ихээр айдас төрүүлж байна".

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх