Хайх

Хүйтний улиралд эрч хүчээр дүүргэх эрүүл хооллолтын дүрмүүд

Сэрүү татсан энэ үед эрүүл мэнддээ илүү анхаарах хэрэгтэй

Text: Buro.Mongolia


Хүйтний улиралд хэрхэн зөв хооллож, эрүүл байдлаа хадгалах талаар хоол тэжээлийн мэргэжилтэн Натали Макиенко ярилаа.

Улирал бүр бид өмсөх хувцсаа сольдгийн адил хэрэглэж буй хоол хүнсээ ч мөн шинэчлэх шаардлагатай билээ. Гэхдээ энэ нь зөвхөн улирлын чанартай хүнс ногоо түлхүү идэх хэрэгтэй гэсэн утгатай биш юм. Учир нь хүний бие организмд явагддаг процессууд илүү нарийн төвөгтэй бөгөөд хооллолтдоо өөрчлөлт гаргах шаардлага нь хүний биоритм буюу биологийн хэмнэлтэй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл өдрийн турш бие организм дахь бодисын концентрац өөрчлөгддөг (тийм ч учраас бид цусны шинжилгээ өгөхдөө өлөн байх шаардлагатай байдаг) ба улирал солигдоход биеийн тодорхой нэг эрхтэн эсвэл системд ирэх ачаалал нь ихэсдэг.

Жишээ нь зуны улиралд зүрх судасны өвчин, цус харвалт, артерийн тромбоз илүү их тохиолддог. Харин намар ханиад томуу, шээсний систем, дархлааны тогтолцооны нэг хэсэг болох гэдэс их ачаалалд ордог. Мөн намрын улиралд бөөр маш их ачаалалд өртдөг.

Намрын улиралд дараах эрүүл мэндийн асуудалтай хүмүүс илүү их эрсдэлд өртдөг:

  • Элэгний өвчин.
  • Шээсний замын чулуужилт.
  • Бодисын солилцооны эмгэг.
  • Тулай өвчин.
  • Харшил.
  • Цус багадалт.
  • Цусны эмгэг.
  • Артерийн гипертензи буюу артерийн даралт ихсэлтийн эмгэг.
  • Цистит буюу давсагны үрэвсэл.

Намрын улиралд түлхүү уураг хэрэглэж дэглэм, мацаг барьдаг эсвэл цагаан хоол иддэг хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаарах хэрэгтэй.


Намрын улиралд тохирох хооллолт

Хэрэв та бага өвдөж, биеийн бодисын солилцооны үйл ажиллагаагаа хэвийн болгож, жингээ хасаж, улирал солигдохтой холбоотойгоор 3-5 кг жин нэмэхгүй байж, их хэмжээний өөх тос, чихэрлэг хоол идэх хүслээс ангижрахыг хүсдэг бол дараах намрын улиралд мөрдөх хэрэгтэй хэд, хэдэн хоол тэжээлийн дүрмүүдтэй танилцаарай.

Хүйтний улиралд эрч хүчээр дүүргэх эрүүл хооллолтын дүрмүүд (фото 1)
  • Өдөр бүр заавал өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолоо идэж байх хэрэгтэй. Харин хөнгөн зуушны хувьд өдрийн турш ганц удаа л идэхийг зөвлөж байна. Гэхдээ цөсний хүүдийн өвчинтэй, эсвэл цөсний хүүдийгээ авахуулсан тохиолдолд, мөн бамбай булчирхайн дутмагшил, сандрал дайралт, үүрээр 5-6 цагт босдог хүмүүс болон хөхүүл эмэгтэйчүүд өдрийн турш хэрэглэх зуушаа хязгаарлахгүй байж болно.
  • Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг багасгах. Ерөнхийдөө хүн бүр нэг долоо хоногийн турш сүү, сүүн бүтээгдэхүүн огт хэрэглэхгүй байх нь эрүүл мэндэд тустай байдаг. Харин долоо хоног өнгөрмөгц биеийн байдлаа харгалзан цаашид сүү болон сүүн бүтээгдэхүүнийг долоо хоногт хоёроос илүүгүй удаа хэрэглэх нь зүйтэй.
  • Таны өдөр тутмын хоол хүнс ургамлын гаралтай тос, самар, өөх тос агуулсан загаснуудаар бүрдсэн байх хэрэгтэй. Гэхдээ сүүлийн үед хүмүүсийн өдөр тутамдаа тогтмол хэрэглэх болсон авокадог бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй юм. Учир нь авокадоны хэт их хэрэглээ цусны өтгөрөлт болон шүүлтүүрийн түвшинд сөргөөр нөлөөлөх талтай байдаг. Өдөрт авокадоны ¼ идэх нь зүйтэй юм.
  • Бууцай, сельдерей, тунхууны үндэс, улаан лооль, улаан лууван, хан боргоцой, нимбэг, яншуй зэрэг оксалийн хүчил болон их хэмжээний ургамлын хүчил агуулсан хоол хүнсийг бага хэмжээгээр хэрэглэх.
  • Хэт өтгөн цай болон кофеноос татгалзах. Өдөрт 2-3 аяга кофе ууж хэвшсэн бол өдрийн турш ганц аяга кофе ууж сураарай. Мөн намрын улиралд согтууруулах ундаа хэрэглэх тохиромжгүй байдаг юм. Гэхдээ долоо хоногт нэг хундага сайн чанарын дарс уухад гэмгүй.
  • Хүйтний улиралд хамгийн тохиромжтой хооллолт бол тод ба цагаан өнгийн хоол, хүнс юм. Эдгээр хүнсний жагсаалт болон хоолны жортой доороос танилцаарай.
  • Таны хооллолтын 50 орчим хувийг жигнэж, чанаж болгосон бүлээн хоолнууд эзэлж байх хэрэгтэй.
  • Өглөөний цайндаа бүлээн смүүти аль эсвэл чихэрлэг амттай жимс идэж хэвших.
  • Хооллолтын муу зуршилдаа эргэн очихгүйн тулд, мөн чихэрлэг зүйлсэд татагдахгүйн тулд өдрийн хоолондоо өег, эрч хүчээр дүүргэх хоол идэх. Хоол боловсруулах үйл ажиллагааны оргил үе буюу 12.30-15.30 цагийн хооронд өдрийн хоолоо идэж байгаарай. Хэрэв ингэлээ гээд ч оройн цагаар өлсөх мэдрэмж төрж байгаа бол хооллолтдоо амьтны эсвэл ургамлын гаралтай уураг нэмээрэй. 

Намрын улиралд ямар хүнс ногоо түлхүү хэрэглэх вэ?

Бид зөвхөн улирлын чанартай хүнс ногооны талаар дурдсан байгааг анхаараарай. Харин хүнсний тос, самар болон ихэнх үр тариаг улирлаас үл хамааран хэрэглэж болно.

Хүйтний улиралд эрч хүчээр дүүргэх эрүүл хооллолтын дүрмүүд (фото 2)
  • Ногоо. Лууван, хулуу, өнгөт байцаа, чихэрлэг төмс, артишок, манжин, сонгино, сармис, амтат чинжүү, нарийн ногоо.
  • Жимс жимсгэнэ. Авокадо, гадил, хар чавга, инжир, алим, лийр, огноо.
  • Уух зүйлс. Ургамлын гаралтай цай (ялангуяа ганга өвсний), ногооны бүлээн смүүти, цагаан гаа болон ойн жимсний цай, цикорий болон самрын сүү, жимсний ундаа, компот.
  • Амтлагч. Ягаан давс, цагаан гаа, шанцай, турмерик, хатаасан ургамал, ваниль, гоньд, паприка.

Нэг өдрийн хооллолтын санаа ба жорууд

Хүйтний улиралд эрч хүчээр дүүргэх эрүүл хооллолтын дүрмүүд (фото 3)
Хүйтний улиралд эрч хүчээр дүүргэх эрүүл хооллолтын дүрмүүд (фото 4)

Өглөөний цай: Хулууны смүүти

Орц:

  • 1 ш лийр/алим.
  • 150 г хулуу.
  • цагаан гааны үндэс эсвэл 1/4 халбага шанцай.
  • цэвэр ус.

Хийх жор:

  1. Лийр болон хулууг 4-5 см хэмжээний дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ. Шарах шүүгээнд арван минут жигнэх эсвэл жигнүүрт зургаан минут болгоно. Дээрээс нь бага зэрэг шанцай нэмж болно. 
  2. Шарах шүүгээнээс гаргаж ирсэн ногоо болон жимсээ холигч машинд хийж, дээрээс нь цэвэр ус, цагаан гааны үндсээ хийгээд сайтар холих хэрэгтэй. Смүүтиний өтгөн байдал яг зөв хэмжээнд хүртэл хүссэн хэмжээгээрээ цэвэр ус нэмж болно. 

Өдрийн хоол: Бүлээн будаатай поке

Орц:

  • 150-170 г цагаан, бор эсвэл улаан өнгийн будаа.
  • 125-150 г бага зэрэг давсалсан улаан эсвэл туна загас.
  • 50-70 г авокадо.
  • 100-120 г өргөст хэмх.
  • 40-50 г аругула (рукола) ногоо.
  • 70-100 г аспарагус буюу хэрээн нүд.
  • 80-100 г улаан лооль.
  • 100 г брокколи.
  • 1 х.х. цэвэршүүлээгүй оливын тос.
  • дурын хэмжээгээр давс, перец.

Хийх жор:

  1. Будаагаа агшаана. Бага зэрэг хөрснийх нь дараа оливын тос хольж хутгана.
  2. Буцалсан усанд аспарагус ногоог нэг минут буцалгана.
  3. Авокадо болон өргөст хэмхийг дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ. Харин загсаа уртааш нь нимгэн хэрчинэ.
  4. Улаан лооль болон брокколиг жижиглэж хэрчинэ.
  5. Гүнзгий ёроолтой тавганд бүх орцоо хийгээд сайтар хутгана. Дурын амтлагчаар амтлаад поке бэлэн боллоо.

17.00 цагаас өмнөх зууш: Карамель мэт крем

Орц:

  • 3-4 ш огноо жимс.
  • 2 х.х. наргил модны самрын аль эсвэл дурын ургамлын гаралтай сүү.
  • 1 х.х. наргил модны самрын тос эсвэл шар тос.

Хийх жор:

  1. Огноо жимсийг халуун усанд 1-3 цаг байлгана.
  2. Дараа нь сайтар усаар угааж, гаднах хальсыг нь авна. Доторх ясыг салгаж, жижиглэж хэрчинэ.
  3. Холигч машинд бүх орцоо сайтар холино.

Оройн хоол: Жигнэсэн цэцэгт байцаа

Орц:

  • 1 ш цэцэгт байцаа.
  • 2 х.х. цэвэршүүлсэн оливын тос.
  • 1 ц.х. гоньд.
  • дурын хэмжээгээр давс, амтлагч.
  • 1 хумс сармис.
  • 50 г моцарелла бяслаг.

Хийх жор:

  1. Шарах шүүгээгээ 200 хэм хүртэл халаана.
  2. Цэцэгт байцааг усаар угааж, навчсыг нь салгана.
  3. Саванд тос, амтлагчаа хольж, сармисаа жижиглэн хэрчинэ. Үүнийг цэцэгт байцааг амтлаад шарах шүүгээний хуудсан дээр зориулалтын цаасан дээр жигд тарааж тавина. 40-50 минутын турш шарна.
  4. Хоолоо таваглахдаа дээрээс нь бяслагаа үрж, дурын амтлагч ногоогоор чимэглэж болно. Нунтагласан перец сайхан амт оруулдаг.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх