Хайх

Ногоон цайны ач тусын талаар та хэр их мэдлэгтэй вэ?

Ногоон цайны ач тусын талаар та хэр их мэдлэгтэй вэ?

Олон төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ

Text: Buro.Mongolia


1000 гаруй жилийн турш нийтэд түгээмэл хэрэглэгдэж, эрүүл мэндийн олон талт ач тус болоод амт, үнэрээрээ сайшаагдаж ирсэн ногоон цай нь эртний Хятад улсаас гаралтай. Ногоон цайг зөвхөн camellia sinensis гэх ургамлын навчаар хийдэг бөгөөд тус ургамлын төрөл зүйл, тариалсан хөрс, үйлдвэрлэлийн явц болон ургац хураасан хугацаа зэргээс хамаарч өөр өөр амт, үнэр бий болдог.

Ногоон цай нь фенол, антиоксидант болон үрэвсэл намдааж, эсийг гэмтэхээс сэргийлдэг байгалийн нэгдэл полифенолоор баялаг. Мөн ногоон цайнд агуулагдах эпигаллокатехин хэмээх химийн найрлага нь хүний эрүүл мэндэд нэн тустай бөгөөд энэхүү цайг өдөр тутмын эрүүл амьдралын хэв маягтай хослуулан хэрэглэх нь ямар ач тустай талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.


НОГООН ЦАЙНЫ АЧ ТУС


Ногоон цайны ач тусын талаар та хэр их мэдлэгтэй вэ? (фото 1)

ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ

Ногоон цай болон зүрх судасны өвчлөлийн холбоо хамаарлын талаарх ижил төрлийн 31 судалгааг тоймлон үзэхэд ногоон цай нь биен дэх муу холестерины хэмжээг бууруулдаг бөгөөд энэ нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, зүрхний шигдээс болон цус харвах эрсдэлийг бууруулахад тусалдаг нь тогтоогдсон байна. Одоогоор зүрх судасны эрүүл мэндэд тустай өдөр тутмын ногоон цайны хэрэглээ тодорхойгүй хэвээр байгаа ч гурваас таван аяга ногоон цайг эрүүл хооллолттой хослуулан хэрэглэх нь энэ төрлийн өвчлөлөөр нас барах эрсдэлийг 41 хүртэлх хувиар бууруулдаг гэжээ.

ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛНА

Ногоон цай нь энерги нэмэгдүүлж, ой санамж сайжруулдаг кофейн болон стресс бууруулж допамин, серотонины үйлдвэрлэлийг дэмждэг L-теанин амин хүчлийг хамтад нь агуулдаг учраас насжилттай холбоотой мэдрэлийн аливаа эмгэгээс сэргийлж, тархины үйл ажиллагааг сайжруулж, стресс ядаргааг бууруулах чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

ЖИН ХАСАХАД ТУСАЛНА

Кофейн болон катехины найрлагууд нь бодисын солилцоог сайжруулж, өөх тос шатах үйл явцыг хурдасгадаг болох нь хэд хэдэн судалгааны үр дүнд тогтоогджээ. Тухайлбал, 2021 оны нэгдүгээр сард PubMed эрүүл мэндийн вэбсайтад нийтлэгдсэн нэгэн судалгааны үр дүнд 12 долоо хоногийн турш ногоон цайг өндөр тунгаар уусан оролцогчдын биеийн жин болоод биен дэх холестерин, липопротеиний түвшин мэдэгдэхүйц буурснаас гадна ямар нэгэн сөрөг нөлөө ажиглагдаагүй байна.

ЦУСАН ДАХЬ САХАРЫН ХЭМЖЭЭГ ЗОХИЦУУЛНА

Нийт найман орны нэг сая гаруй насанд хүрэгчдийг хамруулсан 19 төрлийн судалгааны үр дүнг авч үзэхэд, өдөр бүр дор хаяж дөрвөн аяга хар, ногоон эсвэл олонг цайг арван жилийн турш уусан оролцогчдын хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл бага байжээ. Мэдээж үүнд амьдралын хэв маяг чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд хятад судлаачдын хийсэн судалгааны үр дүнд өдөр бүр ургамлын гаралтай, тэр дундаа ногоон цай уух нь чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй уг өвчлөлөөр нас барах эрсдэлийг ч мөн бууруулж байжээ.

ЗАРИМ ТӨРЛИЙН ХОРТ ХАВДАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ

Ногоон цайны зохистой хэрэглээг эрүүл амьдралын хэв маягтай хослуулж чадсанаар хөхний хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар болон амны хөндийн хорт хавдруудаар өвчлөх эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулдаг болох нь тогтоогдсон байдаг. Ногоон цай нь чөлөөт радикалуудтай тэмцэхэд тусалдаг полифенолын нэгдлээр баялгаас гадна антиоксидант ихээр агуулдаг нь дээрх төрлийн хорт хавдруудаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.


НОГООН ЦАЙНЫ СӨРӨГ ҮР ДАГАВАР


Ногоон цайны ач тусын талаар та хэр их мэдлэгтэй вэ? (фото 2)

Ногоон цайг өдөрт найм хүртэлх аяга уух нь хэвийн гэж тооцогддог бөгөөд үүнээс хэтрүүлбэл кофейны хэт их хэрэглээтэй холбоотойгоор сэтгэл санааны тайван бус байдал, нойргүйдэл, толгой өвдөх, шингэн алдалт болон зүрх хэт хурдан цохилох зэрэг сөрөг үр дагаврууд илрэх боломжтой. Мөн хэрэв та жирэмсэн болон элэгний ямар нэгэн өвчлөлтэй бол эмчийн заавраар хэрэглэхийг зөвлөж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх