Хайх

Болзооны үеэр гаргаж болохгүй алдаанууд

Болзооны үеэр гаргаж болохгүй алдаанууд

Нөгөө л нэг зөвлөгөөнүүдээс гадуурх DATE TIPS

Text: Buro.Mongolia


Борооны таатай үнэрийг сэвшээ салхи зөөж, нялх ногоог нарны элч дулаанаар төөнөөд хаа сайгүй хайрын үгс шивнэлдсэн хосууд зөрөх зуны орой айсуй. Ийм үдэш ажил алба, эсвэл хичээл сургуулиа тараад шуудхан гэртээ харина гэхэд сэтгэл гэгэлзээд нэг л боломгүй. Хэн нэгний гараас чанга атгамаар, хөөрхөн харцнаас нь далдичиж ичингүйрч зогсмоор санагдах хайрын шувуухайнууддаа зориулж болзооны үеэр эндүүрч болохгүй үгс, андуурч болохгүй алдаануудын тухай практик зөвлөмж хүргэе.

Таны эксийг танаас өөр хэн ч сонирхохгүй

Хүсэж догдолж уулзсан энэ үдшийн гол сэдэв нь та болон таны болзоот хүн болохоос биш өнгөрсөн амьдралын тань бүтэлтэй, бүтэлгүй хайр дурлалын эзэд биш юм шүү. Тэд хэн байсан нь хэнд ч хамаагүй, та хэн болох нь л түүнд хамгийн сонин. Тиймээс болзоот хүнээ сэтгэл зүйч, эсвэл философич хэмээн андуурч, түүнийг тухгүй байдалд оруулах хэрэггүй. Өнгөрсний тухай урт яриа таныг уйтгартай, дурлалын шинэ түүх эхлүүлэх тэнхээгүй өнгөрсөндөө гацчихсан нэгэн мэт сэтгэгдэл төрүүлэх вий.

Ухаалаг утаснаасаа уяатай байх хэрэггүй

Болзооны цаг бол элдэв янзын зураг авч, инстаграмдаа нийтлэх тохиромжтой үе яавч биш. Нугасан хошуутай селфи, ширээний тансаг чимэглэлүүд болон тавагтай хоол болгоны зургийг авч постлоод байвал та олон нийтийн анхаарлын төвд байхыг л хамгийн их чухалчилдаг мэтээр ойлгогдох магадлалтай. Түүнчлэн болзоот хүн тань зураг авхуулах дургүй, эсвэл таны сошиал медиа хаягууд дээр одоохондоо илчлэгдэхийг хүсэхгүй байж болно шүү дээ.

Харилцан ярианд бүү хэт их давамгайл

Ярианд хоёр талаас эн тэнцүү оролцож, үзэл бодлоо харилцан солилцох ёстой байтал таны үг олширч, сэдэв сунжирч, сонсож буй хүний толгой дохих нь ихсэж байх вий. Та баялаг амьдралын түүхтэй, ярих сонин сайхан ихтэй байсан ч харилцан яриа бол монолог биш гэдгийг битгий мартаарай. Мөн болзооны эзэн хэдий таны гадарладаг сэдвийг ярьж байлаа ч бүхнийг мэддэг, чаддаг хүн шиг аяглах хэрэггүй. Энэ бол хоолны дуршил бууруулагч эвгүй үнэртэй яг адил ихэрхүү, аминч зангийн илрэл юм. Зөв үед оносон үг хэлчихдэг сайн сонсогч байхад буруудах юм үгүй.

Болзооны үеэр гаргаж болохгүй алдаанууд (фото 1)

Хэтэрхий амархан өгөөш тийм ч амттай биш

Шохоорхдог хүнтэйгээ болзохдоо маш их догдолж, түүний юм бүхэнд хайлж урсаж буйг тань ойлгож байгаа ч дурлалын тоглоом дөнгөж эхэлж байгааг битгий мартаарай. Та ердөө эхний нүүдлээ хийж байхдаа л ноёнд идүүлчхэж болохгүй шүү дээ. Хэн хэнийгээ сайн таних хүртэл тоглоомыг уйдахааргүй сонирхолтой, тэнцвэртэй байлгах нь ухаалаг тактик юм. Түүнийг өөрийн болгох гэж хэт их улайрч байгаа мэт буруу дохио өгснөөр дурлалт хүнээ өөрөөсөө түлхэж орхих вий.

Болзоот орчиндоо тохируулж хувцасла

Сонгодог хөгжим эгшиглэсэн үнэтэй, тансаг ресторанд хичээснээ мэдэгдүүлэхгүйн тулд хэтэрхий чөлөөт хувцастай очих, эсвэл олон хүн орж гарсан уушны газрыг дуурийн театртай андуурсан мэт хувцаслаж очихын аль аль нь таныг болон түүнийг тухгүй байдалд оруулах сөрөг талтай. Гэхдээ болзоот хүнээ хүндэтгэж дэгжин хувцаслах нь өглөө сэрээд гарт тааралдсанаа аваад өмсчихсөн мэт өнгө муутай хувцасласнаас хэд дахин дээр гэдгийг санууштай.

Хэр их ууж байгаагаа хяна

Зарим хүмүүс яриандаа халаад хэр их ууж байгаагаа хянадаггүй. Өглөө сэрээд юу ярьснаа санаж ядан амаа барихыг хүсэхгүй байгаа бол тал шил вино эсвэл ганц, хоёр шил пивоноос цааш хэтрүүлэх хэрэггүй. Болзоо бол зүрхний андтайгаа уулзсан мэт ууж суух цаг биш, өөрийгөө зөвөөр илэрхийлж дурлалын оч бадраах чухал боломж юм.

Цагаасаа хоцрох нь болзоог бүхэлд нь сүйтгэж мэднэ

Рестораны булангийн ширээнд хоосон хана ширтэж, ямар ч зорилгогүй утсаа оролдож, бугуйн цагаа байсхийгээд хараачлан үдшийг барахыг хэн ч хүсэхгүй. “Түгжрэл аймшигтай байна” гэдэг үгийг болзоот бүсгүй/хархүү тань байтугай захирал тань ч хүндэтгэх шалтгаанд тооцохоо болиод удаж буй. Эмэгтэй хүн болзооноосоо үл ялиг хоцроод очиход гэмгүй гэдэг хандлага үлэг гүрвэлийн үетэй хамт устчихсан гэдгийг санаарай. Тиймээс хувийн зохион байгуулалт муутай, болзсон хүнээ үл хүндэтгэсэн мэт таагүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд өглөөнөөс эхлэн цагаа зөв төлөвлөх нь гарцаагүй чухал зүйлсийн нэг билээ.

Үйлчилгээний ажилтныг үл хүндэтгэсэн хандлагын гай их

Магадгүй таны сонгосон зоогийн газрын үйлчилгээ тааруу, хоол нь амтгүй, орчин нь тухгүй байж болно. Гэхдээ ажлаа хийж буй гүйцэтгэх албан тушаалтныг хувийн туслах шигээ санаж дээрэнгүй харьцах нь тун бүдүүлэг хандлага юм. Үүний оронд соёлтойгоор гомдлоо илэрхийлж, болзооныхоо уур амьсгалд анхаарлаа хандуулсан нь хавьгүй дээр. Та хэдий загварлаг, боловсролтой, карьертай, чинээлэг нэгэн байлаа ч өөрөөсөө өөр түвшний хүмүүст хандах хандлага тань таныг хөнгөхөн тодорхойлчихно гэдгийг санаарай

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх