Хайх

Deep Work гэж юу вэ? Үүнийг хэрэгжүүлэх яагаад чухал вэ?

Deep Work гэж юу вэ? Үүнийг хэрэгжүүлэх яагаад чухал вэ?

Анхаарал төвлөрөлт бол супер хүч

Text: Buro.Mongolia


Төвлөрөх чадвар тань хэр сайн бэ? Өдөрт хэдэн цагийг сайтар төвлөрч ажиллахад зарцуулдаг вэ? Хэрэв та үнэхээр гүн төвлөрч чаддаг нэгэн бол сайн хэрэг. Харин яагаад ч юм хэдэн минутаас илүү сууж чаддаггүй, гар утсанд ирэх зурвас бүрийг алгасалгүй шалгадаг, үргэлж олон төрлийн бодолд автаж суудаг нэгэн бол танд тохирох зөвлөгөөг хүргэж байна.


Deep Work буюу гүн төвлөрөл гэж юу вэ? 

Хэрэв та зохиолч Кал Ньюпортын “Deep Work: Rules for Focused Success in a Distracted World” номыг уншсан бол энэ талаар маш сайн ойлголттой болсон байх. Тэрээр гүн төвлөрч ажиллана гэдэг нь өөрийн бүх анхаарлыг нэг зүйл дээр төвлөрүүлж, анхаарал ихээр сарниулдаг хэрэгцээгүй зүйлсээс татгалзаж сурах явдал бөгөөд ялангуяа өрсөлдөөн ихтэй өнөөгийн нийгэмд хурдтай бас ухаалаг байж богино хугацаанд үр дүнтэйгээр ажиллаж сурах нь зайлшгүй эзэмших чадваруудын нэг хэмээн тодорхойлсон юм.


Ямар ач тустай вэ?

Сайн гүйцэтгэл

Анхаарлаа гүн төвлөрүүлэн ажиллаж сурах нь ажлын тань гүйцэтгэлийн чанарт ихээхэн нөлөөлдөг. Мөн өөрт байгаа нөөц боломж, чадавхыг ойлгож, үүгээрээ  ямар нэгэн үнэ цэнийг бүтээх нь давхар сэтгэл ханамж бий болгодог байна.

Зөв хэмнэл

Та ажлаа хийх явцдаа хэдэн удаа утсаа шалгаж, хэдэн цагийг сошиал орчинд өнгөрөөдөг вэ? Амар биш ч гэлээ анхаарал сарниулдаг чухал бус зүйлсээс аажим аажмаар холдож чадвал богино хугацаанд, илүү эрч хүчтэйгээр чухал ажлын ард гарж сурах ба энэ нь таныг өөрийн гэсэн ажиллах арга барил, зөв хэмнэлтэй болоход тусална.

Урам зориг

"Shallow Work" буюу анхаарал шаарддаггүй хөнгөн ажлууд тийм ч их үнэ цэн бүтээж чаддаггүй. Харин анхаарал төвлөрөлт, цаг хугацаа ихээр шаарддаг ажлууд хүний тэвчээрийг шалгаж, тархи их ачаалуулах бөгөөд энэ л үед та өөрийнхөө жинхэнэ чадварыг ойлгож, цаашдаа илүү ихийг хийж бүтээх урам зоригтой болдог байна. 


Хэрхэн дадал болгох вэ? 

Мэдээж хүн бүрийн ажиллах, төвлөрөх арга барил өөр учраас үүнийг дадал болгон хэвшүүлэхийн тулд яг өөрт тохирсон зөв стратегийг бий болгох хамгаас чухал. Тэгвэл зохиолч Ньюпорт өөрийн номдоо дараах дөрвөн арга барилыг санал болгосон юм.

Бүрэн тусгаарлах арга

Хамгийн хатуу аргуудын нэг. Анхаарал сарниулдаг зүйлс болон чухал биш гэж үзсэн ажлуудаа хэдэн долоо хоног, хэдэн сарын турш хааж орхиод зөвхөн чухал ажил дээрээ л бүрэн төвлөрч суух арга. Жишээлбэл, цахим шуудангаа шалгахгүй, утсаа асаахгүй, бүр хэнтэй ч уулзахгүйгээр өрөөндөө амьдарч болно. Энэхүү арга нь богино хугацаанд өндөр үр дүн шаарддаг салбарын хүмүүст тохиромжтой.

Цагаа хуваах арга

Тогтсон биш ч гэсэн өдрийн аль нэг цагийг өөрийн төвлөрөх цаг болгоод бусад үед хүссэн зүйлээ хийх арга. Энэ нь гэр бүлтэй хүмүүст ажил, амьдралын тэнцвэрээ хадгалахад нэн тустай бөгөөд нарийн төлөвлөгөөтэй, маш тодорхой зорилготой хүмүүст хамгийн сайн тохирдог байна. 

Хуваарь зохиох арга

Долоо хоногийн аль нэг өдрийг, эсвэл өдөр бүр тодорхой нэг цагийг гүн төвлөрлийн үе болгон өөрт тохирох тогтмол цагийн хуваарь зохиож, үүнийгээ ягштал баримтлах арга. Энэхүү арга нь өдөр бүр суух шаардлагатай мөн тууштай хүмүүст тохиромжтой.

Уян хатан ажиллах арга 

Зөвхөн шаардлагатай, боломжтой, завтай үедээ л гүн төвлөрөх. Магадгүй хамгийн амархан нь юм шиг санагдаж болох ч бодит байдал дээр маш сайн төвлөрч чаддаг хүмүүст л зориулагдсан арга барил. Учир нь ийм үед төвлөрч чадахгүй байх магадлал маш их бөгөөд уян хатан, илүү амар байдлаар ажиллаж сурахын тулд өөрийгөө маш сайн дадлагажуулсан байх шаардлагатай юм.

Мөн төвлөрч суух газар, өөртөө зохиосон дүрэм, сахилга баттай байх чухал ба шаардлагатай үед маш сайн амарч, өөрийгөө урамшуулж сураарай.  

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх