Хайх

Бахархлын сар гэж юу вэ?

Бахархлын сар гэж юу вэ?

ЛГБТК+ нийгэмлэгийн бахархлын сар тохиож байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Зургаадугаар сард халуун дулааны улирал эхлэхээс гадна "Pride month" буюу "Бахархлын сар"-ыг дэлхий даяар тэмдэглэдэг байна. Энэхүү сарын хугацаанд ЛГБТК+ нийгэмлэгийн хүмүүсийн эрхийг хамгаалах үүднээс олон нийтээрээ цугларч, өөрсдийн эрх чөлөө ба бэлгийн чиг баримжаагаараа бахархан тэмдэглэж өнгөрөөдөг билээ. Бахархлын сарын гол зорилго нь ЛГБТК+ нийгэмлэгийн хүмүүст тулгардаг асуудлуудыг хөндөн ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөн өрнүүлж, тайван жагсаал хийж, дуу хоолойгоо нэгтгэхэд оршдог юм.

Бахархлын сарын түүх нь ЛГБТК+ нийгэмлэгийн хүмүүс ялгаварлан гадуурхах үзэлтэй тулгарч, бусдад өөрсдийнхөө хэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэж байсан үеэс эхлэлтэй. Бүр тодруулбал, 1969 оны зургаадугаар сарын 28-нд АНУ-ын Нью-Йорк хотод ижил хүйстэн хүмүүс өөрсдийн эрх ашгийн төлөө хэд хэдэн удаа цагдаа нарт эсэргүүцэл үзүүлж эхэлсэн бөгөөд уг үйл явдлыг Стоунволлын бослого гэж нэрлэсэн юм. Энэхүү бослогыг АНУ болон дэлхийн өнцөг булан бүрт ЛГБТК+ хүмүүсийн эрх ашгийг хамгаалах томоохон хөдөлгөөнийг эхлүүлсэн тодорхойлогч үйл явдал гэж үздэг билээ.

"Бахархлын сар" гэх нэрийг Нью-Йоркийн Бренда Ховард хэмээх бисексуал эмэгтэй өгсөн юм. Тэрээр Стоунволлын бослого болсны нэг жилийн ойгоор олон зуун жагсагчдыг цуглуулан Нью-Йорк хотын гудамжинд гарч, ижил хүйстнүүдэд эрүүгийн хариуцлага тооцож байсан хууль тогтоомжид эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг. Уг жагсаал нь ЛГБТК+ бахархлын анхны арга хэмжээнд тооцогдож, жил бүрийн зургаадугаар сард зохион байгуулагддаг баяр ёслол болж өргөжсөн билээ. Өнөөдөр энэ арга хэмжээний хүрээнд парад зохион байгуулагдаж, шүлэг болон зохиол унших, илтгэл тавих арга хэмжээнүүд хийгдэж, гудамжны наадам болж, хүмүүст энэ сэдвээр боловсрол олгох зорилготой хөтөлбөрүүд явагдаж сая сая оролцогчдыг татдаг юм.

Харин ЛГБТК+ нийгэмлэгийн хүмүүсийг илтгэдэг солонгон өнгийн тугийг 1978 онд зохион бүтээжээ. Тугийг Сан-Франциско хотын дарга Гилберт Бейкер хэмээх анхны нээлттэй ижил хүйстэн захиалж хийлгэсэн гэдэг. Тэрээр ЛГБТК+ хүмүүсийн олон төрөл янзыг илэрхийлэх хүсэлтэй байсан тул солонгоос санаа авсан гэж хэлж байжээ.

Мөн Монгол улсад бахархлын сараар анх 2014 онд "Тэгш эрхийн төлөө алхалт" гэх нэр доор 14 хүн Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал хийсэн юм. Монголын ЛГБТ Төвийн мэдээлэлж байгаагаар жил ирэх тусам жагсаалд улам их хүн оролцож, тэгш эрхийн төлөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа юм байна.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх