Хайх

Тавдугаар сарын зурхай: Одон гарагт орох чухал өөрчлөлтүүд болон тэдний нөлөөлөл

Тавдугаар сарын зурхай: Одон гарагт орох чухал өөрчлөлтүүд болон тэдний нөлөөлөл

Text: Buro.Mongolia


2023 оны тавдугаар сард сарны хиртэлт, одон гарагуудын ухрах хөдөлгөөн урьдын адилаар идэвхтэй байна. Тухайлбал, өөрчлөлт хариуцдаг Дэлхий ван гараг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн таван сарын урттай ухрах хөдөлгөөн хийх болно. Дэлхий ван гараг манай нарны аймгаас хамгийн хол байршдаг тул ухрах хөдөлгөөнөөс үүдсэн үр дагаврууд бидний өдөр тутмын амьдралд мэдрэгдэхээс илүүтэйгээр хүмүүсийн далд ухамсар, хариу үйлдэлд нөлөөлөх боломжтой.

Цаашлаад тавдугаар сарын 5-ны шөнийн 01:34 минутад хилэнцийн ордод сарны бүтэн хиртэлт тохионо. Хилэнцүүд хамгийн хүчтэй сэтгэл хөдлөлтэй ордод тооцогддог учраас энэ үеэр хүмүүсийн хүсэл тэмүүлэл өдөөгдөж эхэлнэ. Мөн сар хиртэлтийн үеэр Дэлхий ван, Буд гараг хоёул ухрах хөдөлгөөн хийх тул бид өнгөрсөн лүүгээ эргэн харж суралцах тал дээр анхаарлаа хандуулна. Сайн мэдээ дуулгахад, Буд гараг энэ сарын 14-ний өдөр ухрах хөдөлгөөнөө үхрийн ордод дуусгаж ерөнхий уур амьсгал уужуу тайвуу болно. Мөн аз тохиол хариуцдаг Бархасбадь гараг хонины ордноос үхэр лүү шилжин 13 сарын турш байрших төлөв гарчээ. Өмнөх сард та гал махбодтой хонины ордны нөлөөгөөр гэнэтийн, тогтворгүй зүйлстэй нүүр тулж байсан бол энэ сарын 19-ний өдөр тохиох үхрийн ордны шинэ сар танд дутагдаад байсан газартаа буусан, үнэнтэйгээ нүүр тулсан мэдрэмжийг өгөх болно.

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд нарны ордноос гадна мандалт ордныхоо тайлбарыг давхар уншаарай. Мандалт ордоо төрсөн цагийнхаа тусламжтай мэдэх боломжтой бөгөөд энд дарж натал хүснэгттэйгээ танилцаарай.


Хонь

Тавдугаар сарын зурхай: Одон гарагт орох чухал өөрчлөлтүүд болон тэдний нөлөөлөл (фото 1)

Хонины ордныхон энэ сард орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаарна. Гэхдээ тавдугаар сарын 5-ны өдөр тохиох хилэнцийн орд дахь сарны хиртэлт таны гүн гүнзгий сэтгэл хөдлөлийг идэвхжүүлж аливаа зүйлийг дэгсдүүлэхэд, эсвэл өөрийгөө бусдаас тусгаарлахад хүргэх боломжтой. Хонь болон хилэнц хоёул Ангараг гарагт харьяалагддаг тул хонинуудад сонор сэрэмж нэмэгдэх, хамгаалах механизм ачаалах, нөхцөл байдалд маш эмзгээр хандах гэхчлэн хилэнцийн зан чанар давамгайлах болно.

Аз тохиол хариуцдаг Бархасбадь гараг 16-ны өдөр хонины ордноос гарч байгаа тул та бүр ч их санхүүгийн байдалдаа анхаарлаа хандуулна. Үүний сацуу хонинууд өөрийгөө үнэлэх үнэлэмжийн талаар дахин эргэцүүлж эхэлнэ. Бархасбадийн нөлөөгөөр энэ жилийн эхээр таны өөртөө итгэх итгэл нэмэгдэхийн сацуу амар амгалан айлчлан ирнэ. Тэр дундаа Буд гарагийн ухрах хөдөлгөөн тавдугаар сарын 14-нд дууссанаар амьдрал тань илүү тайван замдаа орох болно.


Үхэр

Тавдугаар сарын зурхай: Одон гарагт орох чухал өөрчлөлтүүд болон тэдний нөлөөлөл (фото 2)

Үхрийн ордныхонд төрсөн өдрийн мэнд хүргэе! Нар таны ордод тавдугаар сарын 20 хүртэл байрших тул энэ хугацаанд хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж, өөрөөрөө бахархаж өнгөрүүлэхэд тохиромжтой. Тавдугаар сарын 5-ны өдөр тохиох хилэнцийн орд дахь сарны хиртэлтийн нөлөөгөөр тогтворгүй санагдаж байсан хосын, эсвэл нөхөрлөлийн харилцаандаа цэг тавих шаардлагатай тулна. Ингэхдээ бурууг бусдад тохохоосоо өмнө нөхцөл байдлыг том зургаар харахыг сануулъя.

Тавдугаар сарын 16-нд аз тохиол хариуцдаг Бархасбадь гараг сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаагаа таны орд дээр байршиж үхрийн ордныхны амьдралд чухал өөрчлөлтийг дагуулна. Нөгөөтээгүүр Буд гарагийн ухралт 14-ний өдөр зогсох ба ухралтын дараах ойлгомжгүй мэдрэмжүүд тавдугаар сарыг дуустал төрөх боломжтой. Гэсэн ч Бархасбадь гарагийн ачаар хайр сэтгэлийн харилцаа, ажил мэргэжлийнхээ хүрээнд санасан бодол, хийх үйлдлүүд тань бүтэмжтэй байж, нөхцөл байдал тэнцвэржинэ.

Тавдугаар сарын 21-ний өдөр Нар ихрийн ордод очиход таны уян хатан зан чанар, шинэ нөхцөл байдалд дасах чадвар идэвхжиж хадгаламж нэмэгдэх гэх мэтээр санхүүгийн эерэг үр дагавар гарна.


Ихэр

Тавдугаар сарын зурхай: Одон гарагт орох чухал өөрчлөлтүүд болон тэдний нөлөөлөл (фото 3)

Юун түрүүнд тавдугаар сарын 5-ны өдөр тохиох хилэнцийн орд дахь сарны хиртэлтийн нөлөөгөөр ихрийн ордныхон эрүүл мэнд, өдөр тутмын амьдралдаа анхаарч эхэлнэ. Мөн энэ сарын эхний долоо хоногт танд хэнээрхэх, хардах мэдрэмж хүчтэйгээр төрөх боломжтой. Эдгээр мэдрэмжээ эсэргүүцэхийн оронд суралцах ёстой зүйлсийг нь олж хараарай. Таны дотор төрж буй эгдүүцэл бүр ямар нэгэн зүйл өөрчлөгдөх ёстойн дохио юм.

Ихрийн ордныхныг хариуцдаг Буд гараг ухрах хөдөлгөөнөө 14-нд дуусгах ч харилцаа холбооны асуудлууд тавдугаар сарын сүүлээр шийдэгдэнэ. Мөн Бархасбадь гараг тавдугаар сарын 16-ны өдөр үхрийн орд руу шилжих үеэр та өнгөрсөн саруудад маш их дотогш чиглэж байснаа анзаарна. Харин сарын сүүлээр буюу 21-нд ихрийн ордныхны ганцаардмал байдал, оюун санаа идэвхжих ба төрсөн өдрийнхөө сарыг тайван амгалан өнгөрөөх нөхцөл бүрдэнэ.


Мэлхий

Тавдугаар сарын зурхай: Одон гарагт орох чухал өөрчлөлтүүд болон тэдний нөлөөлөл (фото 4)

Сар бол мэлхийн ордныхны гараг гэж явдаг тул тавдугаар сард тэд өндөр ачаалал мэдэрнэ. Тэр дундаа энэ сарын 5-ны өдөр тохиох сарны хиртэлтийн нөлөөгөөр мэлхийн ордныхон хувь заяа, жинхэнэ хайр, адал явдал, залуу насны асуудлаа шийдэж чадна. Энэ үер төрөх сэтгэл хөдлөл тань нэг талаас дарамттай, нөгөө талаас таныг чөлөөлөх боломжтой. Хамгийн гол нь мэдрэмжээсээ зугтаалгүй бүрэн дүүрэн хүлээж аваарай.

Тавдугаар сарын 14-ний өдөр Буд гарагийн ухралт дуусаж, цаашлаад хоёр өдөр өнгөрөхөд элбэг дэлбэг байдал, аз тохиол хариуцдаг Бархасбадь гараг дараагийн 13 сарын турш үхрийн ордонд байршсанаар мэлхийнүүдийн нөхөрлөл болон нийгэмтэй тогтоох харилцаа холбоо идэвхжих болно. Иймд мэлхийн ордныхон үхрүүдийн аливааг удаанаар боловч баттай хийдэг зуршлыг хэрэгжүүлж, шийдвэр гаргахдаа асуудалд сониучаар хандаж, далд ухамсар тань юу хэлж байгааг ажиглаарай.


Арслан

Тавдугаар сарын зурхай: Одон гарагт орох чухал өөрчлөлтүүд болон тэдний нөлөөлөл (фото 5)

Өнгөрсөн сард болсон хонины орд дахь нарны хиртэлт арслангуудад сонгосон замдаа итгэлтэй болох эрч хүчийг мэдрүүлсэн байх ёстой. Тэгвэл тавдугаар сарын 5-ны өдөр болох хилэнцийн орд дахь сарны хиртэлт таны өнгөрсөн амьдрал, үндэс угсаа, орон гэртэй холбоотой талуудыг идэвхжүүлнэ. Энэ сард өнгөрсөнд болсон ичгэвтэр түүх, эсвэл оюун санааг тань чилээдэг зүйлс эргэн сөхөгдөж магадгүй. Тэдгээр асуудалтайгаа нүүр тулах болсон нь цаанаа учир шалтгаантай гэдгийг санаарай. Үүнээс гадна гэр бүл, ахуйтай холбоотой чухал шийдвэрийг Буд гарагийн ухралт зогссоны дараа буюу тавдугаар сарын 14-нөөс хойших өдрүүдэд гаргавал зохистой.

Аз тохиолын гараг Бархасбадь тавдугаар сарын 16-ны өдөр үхрийн ордод шилжсэнээр танд энэ сард гарч ирэх үйл явдлуудад дасахад багагүй хугацаа орно. Арслангийн ордныхны өмнө удаанаар урагшлах хэрэгцээ гарах ба тавдугаар сарын хоёрдугаар хагаст карьертай холбоотой шийдвэр дээрээ нухацтай хандах хэрэгтэй. Мөн арслангууд үхрийн ордны шинэ сар гарах 19-ний өдөр өөрт тохирсон, урам зоригоор сэлбэсэн замаа сонгож чигээ өөрчлөхөд тохиромжтой.


Охин

Тавдугаар сарын зурхай: Одон гарагт орох чухал өөрчлөлтүүд болон тэдний нөлөөлөл (фото 6)

Охины ордныхныг хариуцдаг Буд гараг тавдугаар сарын эхний хоёр долоо хоногийн турш ухрах хөдөлгөөн хийх учраас үйл явдал slow motion дээр тавьсан мэт удаан өнгөрч байгаа санагдана. Тиймээс энэ үеэр гүнзгий амьсгаа аваад, өөртөө болон орчлон ертөнцөд итгэхэд л хангалттай. Цаашлаад тавдугаар сарын 5-ны өдөр болох сарны хиртэлт охины ордныхны харилцаа холбоонд нөлөөлнө. Мөн энэ сарын эхний, эсвэл хоёр дахь долоо хоногт охины ордныхон өндөр амжилт гаргах боломжтой. Ингэхдээ өөрийн гаргасан ахиц дэвшлийг хөсөр хаялгүй баяраа тэмдэглэж, талархлаа илэрхийлэхийг од эрхэс охины ордныхноос хүсэж байна.

Аз тохиол хариуцдаг Бархасбадь гараг 16-ны өдөр 13 сарын турш үхрийн ордод байршина. Энэ хугацаанд охины ордныхон аялал, гүн ухаан, медиа, боловсрол, энтертейнментийн салбарт дийлэнх анхаарлаа хандуулж, эрчим хүчээ тэдгээрт зарцуулж эхэлнэ. Гэвч Буд гарагийн ухралтын нөлөө тавдугаар сарыг дуустал мэдрэгдэх боломжтой тул яаран шийдвэр гаргахаас цааргалаарай.


Жинлүүр

Тавдугаар сарын зурхай: Одон гарагт орох чухал өөрчлөлтүүд болон тэдний нөлөөлөл (фото 7)

Тавдугаар сарын 5-нд тохиох сарны хиртэлтийн үеэр та шийдэл нь олдоогүй асуудал дээрээ төвлөрнө. Мөн сарны хиртэлт таны мөнгө санхүү, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг идэвхжүүлж, сүүлийн зургаан сарын турш хийсэн зүйлээсээ тэс өөрөөр орлогын эх сурвалжаа төрөлжүүлэхээр зорино. Томоохон шийдвэрүүдийг Буд гарагийн ухралтын дараа буюу тавдугаар сарын 14-ний өдрөөс хойш гаргахыг зөвлөе. Эс бөгөөс та гаргасан шийдвэрээсээ буцах магадлалтай. Хийхээсээ илүү хэлэх нь амар байх бөгөөд хиртэлтээс гарах эрчим хүч бид бэлэн болсон эсэхийг үл харгалзах нөхцөл байдлыг буруу тийш залах боломжтой.

Тавдугаар сарын 7-нд жинлүүрийн ордныхныг хариуцдаг Сугар гараг мэлхийн ордод байршсанаар та хэт эмзэг мэдрэмтгий болон тавгүйтэж болзошгүй. Үүн дээр нэмээд Бархасбадийн үхрийн орд руу хийх шилжилт хөдөлгөөн, Буд гарагийн ухрах хөдөлгөөний зогсолт таныг тухтай бүсээс тань гаргана. Эцэст нь хэлэхэд, тавдугаар сард жинлүүрийнхэн тухгүй гэж боддог байсан зүйлээсээ тухтай мэдрэмж авахад суралцана.


Хилэнц

Тавдугаар сарын зурхай: Одон гарагт орох чухал өөрчлөлтүүд болон тэдний нөлөөлөл (фото 8)

Тавдугаар сарын 5-ны өдөр сар хиртэлт хилэнцийн ордод тохионо. Иймд хиртэлтийн нөлөө хилэнцийнхэнд бусад ордныхоос 10 дахин хүчтэй мэдрэгдэх болно. Та нөхцөл байдлыг гартаа авахыг хичээсэн ч үл бүтэх магадлал маш өндөр байна. Тиймээс нулимс дуслуулах, ганьхрах зэрэг сэтгэл хөдлөл мэдрэхдээ бэлэн байгаарай.

2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр таны ордод нар хиртсэнээс хойш хилэнцүүд асар их оюун санааны эргэцүүлэлтэй нүүр тулж байгаа бөгөөд тавдугаар сард болох сарны хиртэлтийн үр дүнд тус эргэцүүлэл тань дээд цэгтээ хүрнэ. Цаашлаад Сугар гараг 7-ны өдөр мэлхийн ордод байршсанаар таны дотор цунами дэгдэх мэт хүчтэй мэдрэмжүүд өдөөгдөх болно. Эдгээр үйл явдал дээр нэмэгдэн хилэнцийн ордныхныг хариуцдаг Дэлхий ван гараг ухрах хөдөлгөөн хийж зогсолтгүй их өөрчлөлтийг зөгнөж байна.

Таны хүнд нөхцөл байдлаас хошин мэдрэмжийнхээ тусламжтай аюулгүй гардаг чадвар энэ бүх зүйлийг хэт зүрхэндээ хүлээж авахгүй байхад түлхэц болно. Эцэст нь Буд гараг тавдугаар сарын 14-нд ухрах хөдөлгөөнөө зогсоож, 19-нд үхрийн ордны бүтэн сар гарахад таны оюун санаа хөнгөрөх шатандаа орж байна. Нэг зүйлийг сануулж хэлэхэд, сарны хиртэлт бол зовлон биш, харин орчлон ертөнцийн илгээж буй тусламж юм.


Нум

Тавдугаар сарын зурхай: Одон гарагт орох чухал өөрчлөлтүүд болон тэдний нөлөөлөл (фото 9)

Хэд хэдэн шалтгааны улмаас тавдугаар сар нумын ордныхны хувьд чухал үүрэг гүйцэтгэх болно. Нэгдүгээрт, өөрчлөлт хариуцдаг Дэлхий ван гараг хумхын ордод ухрах хөдөлгөөн хийснээр таны харилцаа холбоо идэвхжиж эхэлнэ. Дэлхий ван, Буд гараг хоёул ухрах хөдөлгөөн хийж буйн улмаас ярихаасаа өмнө бодож, оюун бодолд орж ирсэн санаа бүрээ гадагш урсгахаас зайлсхийгээрэй. Эс бөгөөс асуудал улам ужгирч, сэтгэл шархалж үлдэх боломжтой.

Тавдугаар сарын 5-ны өдөр болох сарны хиртэлт бол нумын ордныхны хувьд өөртэйгөө сүнслэг харилцаагаа улам нягт болгох боломж юм. Мөн хиртэлтийн үр дүнд нумын ордныхон бусдад хаалт тавьж, хамгаалалтын болон эмчлэгдэх горимдоо шилжин орно. Үүний сацуу тэднийг хариуцдаг Бархасбадь гараг тавдугаар сарын 16-нд үхрийн ордод байршихад нумууд одоо л нэг амсхийх цаг ирснээ мэдрэх болно. Уйгагүй гишгэсэн хаазнаасаа хөлөө авч өөртөө цаг гарган удаан боловч баттай урагшлах амьдралынхаа мөчлөгийг угтан аваарай.


Матар

Тавдугаар сарын зурхай: Одон гарагт орох чухал өөрчлөлтүүд болон тэдний нөлөөлөл (фото 10)

Тавдугаар сарын 5-ны өдөр тохиох сарны хиртэлтийн үр дүнд матрын ордныхон итгэл даах хүмүүстэйгээ харилцаагаа бататгаж харин зарим нэгнийг амьдралаасаа тайвнаар гаргах болно. Уламжлал ёсоор сарны хиртэлтийн улмаас матрын ордныхон тавгүйтэл мэдрэх боломжтой. Таны зан араншинд өөрчлөлт орж, энгийн байдгаасаа өөрөөр биеэ авч явах хандлага үүснэ. Энэ үеэр харин матрын ордныхны дайснаа олж илрүүлэх мэлмий нээгдэнэ.

Тавдугаар сарын 16-ны өдөр аз тохиол хариуцдаг Бархасбадь гараг таны ижил махбодтой үхрийн ордод 13 сарын турш байршсанаар матрынхны өмнө хайр дурлалын харилцаагаа шинээр эхлүүлэх боломж нээгдэнэ. Энэ үеэр хостойгоо, харьцдаг хүнтэйгээ, аль эсвэл өөрөө өөрийгөө болзоонд авч явахад тохиромжтой. Та сүүлийн үед дийлэнх энергиэ карьертаа зориулсан бол одоо өөрийгөө бодох цаг ирлээ. Матрын ордныхон хайраа өөр лүгээ чиглүүл. 


Хумх

Тавдугаар сарын зурхай: Одон гарагт орох чухал өөрчлөлтүүд болон тэдний нөлөөлөл (фото 11)

Өөрчлөлт шинэчлэлт хариуцдаг Дэлхий ван гараг өнгөрсөн гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хумхын ордод байршсан бөгөөд тавдугаар 1-ний өдрөөс ухрах хөдөлгөөн хийж эхэлсэн билээ. Иймд танд орчлон ертөнцтэй илүү гүн гүнзгий холбоо тогтоож буй мэт мэдрэмж төрж, зөн совин идэвхжих боломжтой.

Тавдугаар сарын 5-нд сар хилэнцийн ордод хиртэх, хоёр хоногийн дараа Сугар гараг мэлхийн орд руу шилжих үйл явдлууд тохионо. Эдгээр орд нь ус махбодтой тул хумхын ордныхон гүн гүнзгий дотроо хадгалдаг өөрсдийн хэрэгцээтэйгээ нүүр тулж тавгүйтэл мэдэрнэ. Гэвч таныг хариуцдаг Санчир гараг одоогийн байдлаар загасны ордод байршиж байгаа нь хумхуудыг өөрийн эмзэг байдлаа давуу тал болгон ашиглах чадварт суралцуулж байгаа юм. Уг чадварынхаа тусламжтай та тавдугаар сарын ард амжилттай гарч чадна.


Загас

Тавдугаар сарын зурхай: Одон гарагт орох чухал өөрчлөлтүүд болон тэдний нөлөөлөл (фото 12)

Тавдугаар сарын 1-ний өдөр болох Дэлхий ван гарагийн ухрах хөдөлгөөн, цаашлаад дөрвөн өдрийн дараа тохиох хилэнцийн орд дахь сарны хиртэлт таныг өөрийгөө таньж мэдэх, гаднаас нь дүгнэх аялалд гаргах болно. Дэлхий вангийн ухралтын нөлөөгөөр загасны ордныхны сүнслэг байдал, хаалттай зан чанар, дотроосоо эмчлэгдэх талууд идэвхэжнэ. Мөн таны ордод сорилт тэмцэл хариуцдаг Санчир гараг 2026 он хүртэл байрших ба ингэснээр орчлон ертөнцөөс илгээх аливаа сургаалд илүү уян хатан хандаж сурах юм. Тавдугаар сарын 5-ны өдөр тохиох сарны хиртэлт загасны ордныхны гүн ухаан болон өргөжин тэлэх талуудыг идэвхжүүлж бүх зүйлийг шинээр эхлэхийн тулд өнгөрснөө тавьж явуулах ёстойг сануулна.

Бархасбадь гараг энэ сарын 16-нд үхрийн ордод байрших нь шинэ эхлэлийг илтгэнэ. Мөн 14-ний өдөр Буд гараг ухрах хөдөлгөөнөө зогсоох ч ойлгомжгүй мэдрэмжүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ. Гэсэн ч Буд гарагийн байрших үхрийн ордны зан чанар загасныхантай нийцтэй байдаг тул та урам зоригоор цэнэглэгдэх, газартаа буух, энэ жил тавьсан зорилгуудаа биелүүлэхдээ тууштай хандах болно.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх