Хайх

Архитектурын аялал: Риогийн модернист барилгууд

Архитектурын аялал: Риогийн модернист барилгууд

Орчин үеийн архитектур

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ жилийн Олимпийн ба Паралимпийн наадмын гэр болсон Рио-де-Жанейро хотод гоо сайхны мэс засал, наран шарлагын газруудаас гадна, үзэх харах зүйл олон байдаг

Өнөөдөр "art nouveau" буюу модерн архитектурын үндэс суурийг тавьсан гэгддэг Виктор Ортагийн асар олон тооны дагагчид бий болжээ. Яг л бусад архитектурын урсгалтай адил, дэлхийн өнцөг бүрт байгаа модернист барилгууд тухайн архитекторын хэв маяг ба цаг уурын байдлаасаа хамаарч хоорондоо эрс тэс ялгаатай байдаг. Тэгэхдээ хамгийн гайхалтай нь Рио-де-Жанейрод бүгд нэг дор цогцолсон юм. Скандинавын биеэ барьсан байдал, өмнө зүгийн далайцтай байдлын хамт энд зэрэгцэн оршдог.

Модерн урсгал давамгайлдаг Риогийн архитектурт Лина Бо Барди, Оскар Нимейер, Лусио Коста зэрэг хүмүүс асар их хувь нэмэр оруулсан бөгөөд тэд Европ ба Америкийн өв соёлоос үндэслэсэн өөрсдийн гэсэн урсгал бий болгосон. Халуун орны цаг агаарын нөлөөгөөр үүссэн маш их ургамал дунд бетон барилгууд гайхалтай харагдана. Тэгэхдээ энэ бол Риогийн цорын ганц архитектурын чиглэл биш юм. Ингээд бүх зүйлийг илүү дэлгэрэнгүй тайлбарлахын тулд бид Рио-де-Жанейрогийн хамгийн гайхалтай найман барилгыг дэлгэж байна.

Нитерой дахь орчин үеийн урлагийн музей, 1996 (архитектор Оскар Нимейер)

Архитектурын аялал: Риогийн модернист барилгууд (фото 1)

Louis Vuitton-ы 2017 оны аяллын цуглуулгын загварын шоуны дараа олонд танигдсан архитектурын сувд гэгдэх барилгаас эхэлцгээе. Гуанабара булангийн эрэг дагуу байрлах "Museu de Arte Contemporânea de Niterói" нь загварын шоуны тайз болсноор хоромхон зуур од болсон. Загварын шүүмжлэгчид ба сонирхогчид энэ барилгад маш өндөр үнэлгээ өгч байсан юм. Загварын шоунд зориулж музейн барилгыг нэг их бэлдэх шаардлага ч байсангүй. Яг л дэлхий дээр буусан сансрын хөлөг мэт харагдах энэхүү барилга нь тэртээ тэргүй гайхамшигтай харагдаж байсан. Сонирхуулахад, музейн гурван давхар бүхэлдээ дэлхийн өнцөг бүрийн орчин үеийн урлагийн бүтээлүүдийг цуглуулсан байдаг.

Густаво Капанемагийн ордон, 1943 (архитектор Лусио Коста)

Архитектурын аялал: Риогийн модернист барилгууд (фото 2)

Анх 1960 оноос эхлэн Эрүүл мэнд ба Боловсролын яамны байр болсон Густаво Капанемагийн ордон нь Америкийн хамгийн анхны модернист барилга юм. Тухайн үед Костагийн дор дадлагажиж байсан Оскар Нимеийер, Карлуш Леао, Афонсу Эдуарду Рейди, Эрнани Васконселуш, Жоржи Макаду Морейра ба тусгай "од" зочин Ле Корбюзье нар ажилласан байна. Өөрөөр хэлбэл мастеруудын баг бүтээжээ. Ийм олон хүний хамтран бүтээсэн барилга гайхалтай болох нь тодорхой. Энэхүү бетон барилгыг босгоход Португалийн цагаан-цэнхэр хавтан зэрэг зөвхөн Өмнөд Америкийн бүтээгдэхүүн ашигласан байна. Хотын төвд байрлах тус барилга нь олон талын үүрэгтэй. Жишээ нь барилгын материал нь сэрүүн байлгаж, сүүдэр гаргах зориулалттай. Мөн мэдээж 15 давхар өндөр тул зай хэмнэнэ. Барилга нь тухайн цаг үедээ ч, одоо ч хүмүүсийн нүдийг баясгасаар байна. 

Рио-де-Жанейро дахь Гэгээн Себастьяны сүм, 1976 он (архитектор Эдгар Фонсека)

Архитектурын аялал: Риогийн модернист барилгууд (фото 3)

Тус хотын хамгаалагч Гэгээн Себастьяныг оршин суугчид эцэг эхтэйгээ адил хайрлан хүндэлдэг билээ. Эндэхийн хүмүүс маш их  сүсэг бишрэлтэй. Тэр нь Эдгар Фонсекигийн бүтээсэн 75 метр өндөр сүмд бүрэн шингэсэн юм шиг харсан хүн бүрт алмайрал төрүүлнэ. Тэр ч бүү хэл, Сан-Себастьян-до-Рио-де-Жанейро сүмийн захиргааны байр болсон байгаа. Өмнө нь "Lady of Mount Carmel" сүм өмнө нь энэхүү үүргийг гүйцэтгэж байжээ. Энэ бүх хувьслууд сүсэг бишрэл сүмд биш, харин хүний дотор байдгийг дахин нэг баталсан юм. Гаднах үзэмжээрээ яг л Маяачуудын пирамидыг санагдуулах энэхүү сүм нь дотроо таван мянган хүний багтаамжтай.

Mendes de Moraes (Pedregulho) нийтийн байр, 1947 он (архитектор Афонсу Эдуарду Рейди)

Архитектурын аялал: Риогийн модернист барилгууд (фото 4)

Энэхүү цогцолбор нь Сан-Кристован дүүрэгт байрладаг бөгөөд 1950-1960-аад онд өнцөг булан бүрээс ирсэн цагаачдын ачаар Риогийн үйлдвэржилтийн анхны "эд ангийн" нэг болсон юм. Сонирхуулахад энд болон Рио хотын бусад бүх хэсгийн адилаар хөл бөмбөг маш их хөгжсөн ба Фигэйра-де-Мелу цэнгэлдэх хүрээлэн үүсгэн байгуулагдсан байна. Энэхүү орон сууцны барилга нь төрийн албан хаагчдад зориулсан бөгөөд тус цогцолборт хүний хэрэгцээг хангах бүхий л зүйл байдаг. Жишээ нь спорт заал, эрүүл мэндийн төв, усан сан, сургууль, дэлгүүрүүд нь Рэйдиг бүр 1940-өөд онд л дэд бүтэц гэж юу болохыг маш сайн мэддэг байсныг илтгэнэ.

Casa das Canoas, 1951 он (архитектор Оскар Нимейер)

Архитектурын аялал: Риогийн модернист барилгууд (фото 5)

Энэ бол домогт архитекторын өөртөө болон гэр бүлдээ зориулж барьсан сууц юм. Газар нутгийн байдлыг нь огт өөрчлөлгүй үлдээсэн бөгөөд тэр энэ газарт бетон ба шилээр хийсэн хувийн байшингаа гайхалтай зохицуулан босгож чаджээ. Гаднах усан сан нь хүртэл байгалийн чулууны хэвийг яг таг дууриасан байна. Нимейерийн хувийн сууц Барра-да-Тижука хөвөөн дээр байрладаг. Энд мөн олон төрлийн амралтын газрууд ч оршдог байна.

Копакабана эргийн зугаалах хэсэг, 1970 он (архитектор Роберто Бурле Маркс)

Архитектурын аялал: Риогийн модернист барилгууд (фото 6)

Роберто Бурле Маркс нь натурализмыг баримтлагч, байгаль хамгаалагч гэдгээрээ алдартай. Тиймээс бараг дөрвөн км үргэлжлэх далайн эргийн зугаалах хэсгийн цэмцгэр дизайныг үүгээр тайлбарлаж болох юм. Зам дээр байрлах олон өнгийн мозайк зураг нь далайн давалгаа эсвэл элсэн манханыг дүрсэлнэ. Энэхүү бүтээл нь далайн эргийн байршилтайгаа гайхалтай сайхан зохицож байлаа.

Орчин үеийн урлагийн музей, 1955 он (архитектор Афонсу Эдуарду Рейди)

Архитектурын аялал: Риогийн модернист барилгууд (фото 7)

Дээр дурдсан архитектор Марксын бүтээсэн Фламенго цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн хойд хэсэгт байрлах энэхүү музей нь панаром маягийн том, том цонхнуудтай. Харин цонхны гаднах урт, хавтгай баганууд нь барилга тогтох "хөл" болж өгдөг. Музейн дээвэр лүү мушгиа хэлбэрийн шатаар өгсөх ба дээрээ ресторан ба баар ажиллана. Ресторанаас Гуанабара булан ба "Элсэн чихрийн толгой" уулын гайхалтай дүр зураг харагддаг. Тиймээс музейд урлагийн хөтөлбөрөө дуусгаад хоолны соёлыг нь сонирхож болох юм.

Морейра Саллесын Институт, 1951 он (архитектор Олаво Редиг-де-Кампос)

Архитектурын аялал: Риогийн модернист барилгууд (фото 8)

Гавеа дүүргийн модот цэцэрлэгт хүрээлэнд байрлах энэхүү цогцолбор нь анхандаа Бразилийн бизнесмен, дипломатч Уолтер Морейра Саллесын гэр бүлд зориулж баригджээ. Тэрээр энэхүү байшинд өндөр албан тушаалтай зочдод зориулсан үдэшлэг хийхээр төлөвлөж байсан ба үүнийгээ ч архитектор Олаво Редиг-де-Кампост хэлсэн байна. Шилэн ханатай орчин үеийн загвартай байшин нь дотроо усан сантай, трапец хэлбэрийн хашаатай байсан нь үдэшлэг зохиоход үнэхээр тохиромжтой байсан юм. Байшингийн захиалагч тийм ч амар хүн байгаагүй тул түүнд зориулж хаалганы бариулаас эхлээд (яг Саллесын гарын хэлбэрт таарсан байх ёстой) барилгын жижиг хэсэг бүрийг сайтар төлөвлөн бүтээж байжээ. Одоо бол энэхүү цогцолборт төрөл бүрийн урлаг соёлын арга хэмжээ, үзэсгэлэнгүүд зохион байгуулагддаг. Тиймээс тус байшингийн анхны зориулалт нь хэвээрээ байгаа гэж хэлж болно.

цааш үзэх