Хайх

Хийлдэг шаараар тавилга урладаг Өмнөд Солонгосын дизайнертай танилцацгаая

Хийлдэг шаараар тавилга урладаг Өмнөд Солонгосын дизайнертай танилцацгаая

Ердийн интерьерээс уйдсан хүмүүс анхааралдаа авна уу

Text: Buro.Mongolia


Өмнөд Солонгосын дизайнер Ян Сынжин өнгө өнгийн хийлдэг шаарыг урлагийн бүтээл болгон хувиргах нэгэн бүтээлч, өвөрмөц технологийг хайж олсон байна.

Тэрээр 2015 онд хамгийн анх тавилгын хэлбэр, дүрс дээр туршилт хийж эхэлсэн ба тэр үед өөрийн урласан хачирхалтай хэлбэр бүхий түшлэггүй сандал, кофены ширээ зэргийг толилуулж байсан билээ. Харин тухайн үеэс таван жилийн дараа дизайнер улам туршлага сууж, илүү сонирхолтой санаанууд бодож олсноор цуглуулгадаа буйдан болон түшлэгтэй сандал зэргийг нэмсэн байна. Мөн тус дизайнерын тавилгыг зөвхөн хаалттай дуудлага худалдаагаар худалдан авах боломжтой байдаг онцлогтой билээ.

Ян Сынжин бүтээлүүдээ жинхэнэ хийлдэг шаар ашиглан урладаг. Тэрээр шаарнууд дээр тусгай давирхайн бүтэцтэй түрхлэг найман удаа давхарлаж үүнийгээ долоо хоногийн турш хатааснаар тэсвэртэй гялгар бүрхүүлийг бий болгодог байна. Мөн үүнээс гадна хэд хэдэн боловсруулалтын үе шатууд байдаг бөгөөд эцэст нь хийлдэг шаараар хийгдсэн тавилгууд насанд хүрсэн хүнийг хялбархан даах чадвартай болдог гэнэ. Жижиг хэмжээтэй ширээг бүтээхэд ойролцоогоор нэг долоо хоног зарцуулагддаг байна. Дизайнер Ян Сынжины хэлж буйгаар эдгээр өвөрмөц шийдэлтэй сандал болон буйдангууд нэлээн хатуу мэдрэгддэг ба таны төсөөлж байгаа зөөлөн буйдангаас арай л ондоо гэнэ. Гэхдээ тус тавилгуудын гол онцлог нь тав тухтай байдал биш  харагдах дүр төрх нь гэдгийг санах хэрэгтэй юм. 

Сонирхуулахад, төстэй дизайнтай тавилгын цуглуулгыг зураач Нильс Шурманс 2014 оны Миланы дизайны долоо хоногийн хүрээнд танилцуулсан байдаг. Тэрээр сандал, ширээ болон гэрлийн цуврал цуглуулгыг олонд толилуулсан юм. Гэвч түүний бүтээлүүд амьдрал дээр ашиглахад тохиромжгүй байсан тул зөвхөн үзэсгэлэнд зориулагдан гарчээ.

Харин дизайнер Ян Сынжины урласан тавилгууд айл гэрийн интерьерт шинэ дүр төрхийг бий болгохоос гадна орчин үеийн дотоод засалтай гэрт болон оффисын интерьерт зохицож өнгө нэмэх нь гарцаагүй юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх