Хайх

Электроник, хип хоп хөгжмийг нэг дороос мэдрэх боломж: \"Bass Jungle\" задгай үдэшлэг

Электроник, хип хоп хөгжмийг нэг дороос мэдрэх боломж: "Bass Jungle" задгай үдэшлэг

Энэ зуны анхны задгай хөгжмийн үдэшлэгт урьж байна

Text: Бюро 24/7


Электроник хөгжмийн The Majesty лeйбл болон үдэшлэг зохион байгуулагч Too Hype to Chill нар хамтран "Bass Jungle" гэх зуны анхны задгай хөгжмийн үдэшлэгийг зохион байгуулж байна. “Bass Jungle” нь нийт гурван үдэшлэгээс бүрдэх цуврал арга хэмжээ бөгөөд "Ногоон байгаль, цэвэр агаар, цэнгэг усаа хамгаалахад бидний оруулах хувь нэмэр" санаачилга дор хийгдэж байгаа юм.

"Bass Jungle" арга хэмжээний эхний үдэшлэг тавдугаар сарын 26-нд Их Тэнгэр Клуб Хауст зохион байгуулагдсан ба тус өдөр DJ Letmen, Anu Dol, Tukso нар хөгжмийн сетээ толилуулж, уригдсан залуус мод тарин нэг өдрийг хөгжилтэй, бүтээлчээр өнгөрүүлсэн юм.

Тэгвэл хоёр дах үдэшлэг зургаадугаар сарын 7-нд зохиогдох ба электроник хөгжим сонирхогч залууст зориулсан DJ Workshop хөтөлбөр агуулах юм. Хятадын андерграунд хөгжмийн гол төлөөлөгчдийн нэг болох DJ Kobe Chan-ийн хөтлөн явуулах уг workshop-д хамрагдсанаар электроник хөгжмийн тухай анхан шатны мэдлэг авах боломжтой байна.

Харин арга хэмжээний сүүлийн хэсэг буюу зургаадугаар сарын 8-нд зохион байгуулагдах “Bass Jungle” задгай үдэшлэгт Монголын андерграунд хөгжмийн гол төлөөлөгчид болох GINJIN, Бодьхүү, Lil Thug E, DJ Enkoolion болон АНУ-ын DJ Ozone, Германы DJ Cybersnack, Хятадын DJ Kobe Chan, The Majesty лейблийн DJ BTR, Deez нар сетээ толилуулахаар болжээ. Энэхүү өдөр “Bass Jungle”-ийг зорин очсоноор ширэнгэн ой мэт орчинд хөгжмийн хэмнэлийг цоо шинэ, өвөрмөц байдлаар мэдрэх боломжтой. Шилдэг DJ, уран бүтээлчдийн хөгжмийг нэг дороос сонсон Улаанбаатар хотоо ногоон хот болгоход хувь нэмрээ оруулахыг хүссэн хэн бүхнийг “Bass Jungle”-д урьж байна.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх