Хайх

Бүтээлч байдлыг нэмэгдүүлэх хөгжмийн төрлүүд

Бүтээлч байдлыг нэмэгдүүлэх хөгжмийн төрлүүд

Ажил хийх явцдаа доорх хөгжмүүдээс сонгон сонсоорой

Text: Buro.Mongolia


Хөгжим сонсох нь үр бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх, анхаарал төвлөрүүлэх гэх мэт олон талын ач тустай болох нь судалгаагаар батлагдсаар ирсэн билээ. Гэхдээ энэ нь хөгжим бүр давуу талтай гэсэн үг биш бөгөөд зарим төрлийн хөгжим сэтгэл санааг өөдрөг болгодог бол зарим нь гуниглуулж, уйтгарт автуулax тохиолдол бий. Тэгвэл ажил хэргээ бүтээлчээр хийхийн тулд ямар төрлийн хөгжим сонсох вэ?

Байгалийн дуу чимээ

Ренсселерийн Политехникийн Институтээс оффис ажилчдын дунд явуулсан судалгаанд ажиллаж байх явцдаа шувуу жиргэх, усны урсгал гээд байгалийн дуу чимээ сонсох нь танин мэдэхүйн үйл ажиллагааг сэргээж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг болох нь батлагджээ. Түүнчлэн байгалийн дуу авиа нь анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлээд зогсохгүй сэтгэл санааг дээшлүүлж, өөдрөг болгодог нь ажиглагдсан байна.


Киноны хөгжим

Чухал даалгавар хүлээж авсан үедээ аль эсвэл ядарсан байхдаа ажиллахдаа киноны хөгжим сонсох нь бүтээлч байдлыг дээшлүүлж мөн л анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг байна. Ингэхдээ "The Bourne Identity", "Inception", "First Man", "47 Ronin" зэрэг адал явдалт кинонуудын эрч хүчтэй хэмнэлтэй дуунуудыг сонгоорой.

Видео тоглоомын хөгжим

Хачирхалтай санагдаж болох ч видео тоглоомын хөгжим эрч хүчийг нэмэгдүүлж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг байна. Учир нь видео тоглоомын хөгжим нь тухайн тоглоомыг тоглож буй хүнийхээ ялах сэдлийг төрүүлэх, урам зориг өгөх зорилгоор бичигддэг ажээ. Урам зоригоор дүүрэн бүтээлчээр ажиллахыг хүсвэл "Assassin's Creed 2", "Overwatch", "League of Legends" зэрэг тоглоомуудын хөгжмийг сонсоод үзээрэй.


50-80 BPM хөгжим

Сэтгэл зүйч Эмма Грэй Spotify хөгжмийн тавцангийн судалгааны ажилчидтай хамтран явуулсан судалгааны үр дүнгээр хүний тархи 50-80 BPM буюу минутад 50-80 хэмнэлтэй хөгжим сонсох үед альфа долгион ялгаруулдаг байна. Альфа долгион нь гүн тайвшралын үе болон бясалгал хийх, мөрөөдөх үед хүний тархинаас ялгардаг долгион бөгөөд уг үелзлийн үед төсөөлөл, уран сэтгэмж, ой тогтоолт, шинэ зүйл суралцах болон төвлөрөх чадвар нэмэгддэг ажээ. Дуучин Жастин Тимберлэйкийн "Mirror", Майли Сайрусийн "We Can't Stop", Бруно Марсын "The Lazy Song" зэрэг нь 50-80 BPM төрлийн хөгжимд ордог.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх