Хайх

Rolex тусгай төсөл: Гольф сонирхогч Б.Самадитай хийсэн ярилцлага

Rolex тусгай төсөл: Гольф сонирхогч Б.Самадитай хийсэн ярилцлага

Text: Buro.Mongolia


Алтай Холдинг ХХК-ийн ерөнхийлөгч, JCI Монгол Үндэсний Байгууллагын гадаад харилцааны хорооны захирал, мөн Монголын гольфийн спортын залуу төлөөлөл болоод буй Б.Самади залуучуудад үлгэр дуурайл болох шинэ үеийн лидерүүдийн нэг билээ. Ийм ч учраас BURO. болон Rolex брэнд хамтран бусдад урам зориг өгөх, амжилтын төлөө тэмүүлэхэд нь түлхэц болох ярилцлагуудыг цуврал болгон хүргэдэг уламжлалынхаа дагуу энэ удаад түүнийг онцоллоо. Ажил, сонирхлоо алийг нь ч алдагдуулалгүй олон зүйлийг нэг дор амжуулж яваа Б.Самадитай гольфийн талаар яриа өрнүүлснийг хүргэж байна.

Rolex тусгай төсөл: Гольф сонирхогч Б.Самадитай хийсэн ярилцлага (фото 1)

Бусад олон спортын төрлүүд дундаас яагаад гольф гэж? Гольф анх хэзээ тоглож эхэлсэн, бас энэ спортын юунд нь дурласан бэ?

Өмнө нь сонирхдог байсан ч нь 2018 оноос яг идэвхтэй тоглож эхэлсэн. Миний бодлоор гольфт дурлах хоёр элемент байдаг юм. Юуны өмнө та энэ спортоос маш их таашаал авна, сурахад их гоё спорт.


Өглөө эрт талбай дээр гарахад шүүдэр буучихсан, цэнгэг агаар үнэртээд л, шувууд жиргээд л, шүүдрийн дуслууд наранд гялбаж харагдаад л. Яг тэр мөчид анхны цохилтоо хийхэд тэр хавьд өөр ямар ч дуу чимээ байхгүй, бөмбөгнийхөө цохилтыг л сонсоно. Тэр мэдрэмж үнэхээр гоё.


Нөгөө нэг элемент нь болохоор гольфийн нийгэмлэг өөрөө их халуун дулаан. Хүмүүс өөрсдөө анх эхлэхдээ ямар хэцүү байсныг сайн мэддэг, тэр бүхнээ туулчихсан болохоор шинээр суралцаж байгаа хүмүүсийг маш нээлттэй, дотно хүлээж авдаг, хоорондоо их нөхөрлөдөг. Гольф өөрөө хэн ч, хэнтэй ч тоглож болдгоороо онцлог спорт. Жишээ өвөө эмээ, аав ээжтэйгээ ч өрсөлдөөнтэй тоглох боломжтой учраас гэр бүлээрээ хичээллэсэн ч болно. Мөн бизнес байна уу, өөр салбар байна уу, их сайн нетворкинг болж өгдөг. Түүнчлэн Майкл Жордан, Стефен Карри гэх мэт өөр спортын тамирчид ч байнга дурлаж хичээллэдэг цөөхөн спортын нэг л дээ.

Rolex тусгай төсөл: Гольф сонирхогч Б.Самадитай хийсэн ярилцлага (фото 2)

Дэлхийн алдартай Masters, PGA, U.S Open гэх мэт тэмцээнүүд байдаг. Монголд ямар тэмцээнүүд зохиогддог вэ? Таны хувьд оролцсон тэмцээнүүд, гаргасан амжилтуудаасаа хуваалцаач?

Монголд сонирхогчдын хамгийн хүсэн хүлээж ордог тэмцээн бол улсын аваргын тэмцээн юм. Миний хувьд 2019 oнд Turkish Airways Open-д оролцсон маань өөрөө чамлахааргүй амжилт гэж боддог. Олон улсын тэмцээний зохион байгуулалт, оролцогчдын чадвар маш өндөр түвшинд байдаг юм байна лээ. Мөн энэ жил өөрийнхөө анхны "Hole in one" хийсэн. "Hole in one" гэдэг нь эхний цохилтоороо бөмбөгийн нүхэнд оруулахыг хэлдэг. "Hole in one" хийх магадлал сонирхогчдын хувьд 12500-д нэг, мэргэжлийн тамирчдын хувьд 2500-д нэг байдаг. Ирээдүйд Rolex ба Augusta гольфийн талбай хамтран зохион байгуулдаг Masters тэмцээнд орохыг мөрөөддөг. Уг тэмцээнд зөвхөн дэлхийн шилдгүүд оролцдог гэж ойлгож болно.

Анх эхэлж байсан үетэй харьцуулахад Монголд гольф хэр хөгжсөн байна вэ? Залуучууд сонирхох нь ихсэж байна уу?

Монголд тоглох нөхцөлийн хувьд ч, сонирхогчдын чадварын хувьд ч том ахилтууд гарсан. Mount Bogd-ын дэлхийн стандартын талбайг дэмжиж Монголын Мастер Тайм ХХК гаднын орнуудын гольфийн талбайд ч тэр болгон харагддаггүй Rolex талбайн цагийг байрлуулж өгсөн, мөн мэргэжлийн тамирчдын хэрэглэдэг Rolex "signed" Taylormade, Tietlist бөмбөгнүүдээр тоглох боломжийг Монголын гольф сонирхогчдод олгож байгаа.

Rolex тусгай төсөл: Гольф сонирхогч Б.Самадитай хийсэн ярилцлага (фото 3)

Гольф сонирхож, хичээллэж эхэлмээр байгаа хүмүүс яаж эхлэх вэ? Мэргэжлийн түвшинд тоглохыг хүсвэл хэдэн настайгаасаа хичээллэх хэрэгтэй вэ?

Анх эхлэхдээ сууриа зөв тавьж эхлэх хэрэгтэй. Буруу сурсан техникийг өөрчлөхөд хэцүү байдаг учир багш аваад сурч эхэлсэн нь дээр байдаг. Мэргэжлийн түвшинд тоглохоор бэлдвэл дөрөв, тавтайгаасаа, эсвэл бүр тэрнээс ч өмнө эхэлж болно. Гэхдээ алтан дундаж нь 8-12 нас байдаг. Энэ гэхдээ сурч эхлэх нас нь шүү.

Монголчууд дэлхийн том тэмцээнүүдэд амжилт гаргах боломжтой юу? Мөн гольф мөнгөтэй хүмүүсийн спорт гэдэг ойлголт монголчуудын дунд байдаг?

Дэлхийн шилдэг гольфийн тамирчдын дунд ази хүмүүс маш их байдаг. Тэр тусмаа БНСУ-ын эмэгтэйчүүд гольфийн ертөнцийг эзэгнэдэг гэж хэлж болно. Монголчууд маань ганцаарчилсан спортод илүү амжилт гаргадаг учраас бидний хувьд ирээдүйд бүх зүйл боломжтой. Ямар ч спортыг сонирхогчдын түвшинд тоглоход нээх их зардал гардаггүй. Учир нь шаардлагатай зүйлсийг нь түрээсэлж болно. Харин мэргэжлийн түвшинд тоглохыг хүсвэл бүх спорт их зардалтай байдаг. Мэргэжлийн тамирчдын ард нь олон хүнтэй баг ажилладаг, мөн зөвхөн өөрсдийн хувийн хэрэгслийг ашиглах шаардлагатай шүү дээ.

Rolex тусгай төсөл: Гольф сонирхогч Б.Самадитай хийсэн ярилцлага (фото 4)

Rolex цагны брэнд мөртөө гольфийн хамгийн том тэмцээнүүд, мэргэжлийн болон өсөж яваа залуу тамирчдыг дэмжиж ивээн тэтгэдэг. Rolex ба гольф яг ямар холбоотой вэ?

Rolex брэнд гольфийн ертөнцийг үүрд өөрчилсөн их гурвалын нэг гэгддэг Арнолд Палмертай 1967 онд хамтарч эхэлснээс хойш гольфтой тасралтгүй холбоотой байгаа. Тамирчдын мөрөөдөл болсон хамгийн том тэмцээнүүдийг зохион байгуулж, чадварлаг залуусыг дэмждэг брэнд юм. Жишээ нь хамгийн алдартай гольфчин Тайгер Вудс Rolex-ийн нүүр царай юм.

Rolex тусгай төсөл: Гольф сонирхогч Б.Самадитай хийсэн ярилцлага (фото 5)
Rolex тусгай төсөл: Гольф сонирхогч Б.Самадитай хийсэн ярилцлага (фото 6)

Өөрийг тань сонирхогчийн түвшинд тоглодог гэж хэлж болох уу? Ер нь гольфийн спортод тамирчдын зэрэглэлийг ямар хэмжүүрээр тогтоодог юм бэ?

Болно, болно. Одоогоор Монголд мэргэжлийн тамирчин байхгүй. Гольфт handicap индекс гэж юм бий. Шинэ тоглогч байна уу, про байна уу, хүнд нь таарсан handicap индекс тооцож өгдөг. 2019 оноос өмнө бол клуб, холбоо, орон болгон өөр өөр handicap системтэй байсан. Харин дараа нь дэлхийн хамгийн том гэгддэг Америк, Английн гольфийн холбоонууд нийлээд нэгдсэн handicap системтэй болохоор шийдэж дэлхий даяараа нэг системтэй болсон. Handicap индексийг тухайн талбайнаас шалтгаалж гаргадаг юм. Талбай бүр өөр үнэлгээтэй байдаг бөгөөд хэр хүнд, хэцүү гэдгээр нь тооцдог аргачлалтай. Миний Монголд тооцоолуулсан индекс Мадагаскарт ч тэр, Америкт ч тэр бүх газар хүчинтэй байх юм. Mоunt Bogd-ыг Японы гольфийн холбооноос хэмжиж, үнэлгээг нь гаргадаг албан ёсны хүмүүс ирээд тогтоогоод явчихсан. Тэгэхээр би индексээ авч яваад өөр орны ямар нэгэн талбайн яг аль хэсгээс цохиж байгаагаасаа шалтгаалаад тэр үнэлгээндээ боддог арга байдаг. Миний handicap энэ курс дээр ийм оноогоор тооцогдох юм байна гээд л нийт цохисон онооноосоо тэр оноог нь хасчихдаг гэх юм уу.

Гольф эрүүл мэндэд хэр сайн бэ?

Гольфийг нэг раунд тоглоход дунджаар 6-7 км алхдаг. Цэвэр агаарт алхана гэдэг утгаараа бие, сэтгэл санаанд их сайн.

Таны бодлоор гольф ч юм уу, ямар нэг хоббитой байх нь хүнд ер нь ямар ач тус өгдөг бол?

Гольфоос өмнө би ямар нэгэн хоббитой байгаагүй гэж бодож байна. Хоббитой болсноос хойш харин энэ нь ямар чухал зүйл болохыг ойлгодог болсон. Учир нь хүн нэг юманд дуртай болчихоороо тэрнийхээ төлөө сэтгэл зүрх, цаг зав, хүч хөдөлмөрөө гаргах чадалтай болчихдог. Цаанаасаа л энергийн нөөцтэй байдаг. Бүр сүүлдээ хоёр, гурван хоббитой болоод ирэхээр энэ нь олон зүйлийг нэг дор зохицуулах ур чадвар болоод ирдэг. Тэр нь эргээд ажил, амьдралд нь эергээр нөлөөлөх боломжтой. Хоббигоо зохицуулж чадаж байгаа юм чинь ажил, амьдралаа ч зохицуулах менежментийн ур чадварыг сайжруулж өгдөг гэх юм уу.  

Ярилцсанд баярлалаа.

Rolex тусгай төсөл: Гольф сонирхогч Б.Самадитай хийсэн ярилцлага (фото 7)

Rolex тусгай төсөл: Гольф сонирхогч Б.Самадитай хийсэн ярилцлага (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх