Хайх

Эдгээр бүтээгдэхүүнүүдийг эрүүл хооллолтын цэснээсээ хасахгүй байж болно

Эдгээр бүтээгдэхүүнүүдийг эрүүл хооллолтын цэснээсээ хасахгүй байж болно

Text: Buro.Mongolia


Зураг:

"За маргаашаас хоолны дэглэм барьж эхлэх юм чинь гурилаа хасаад, нүүрс усаа хасаад, чихрээ хасаад…". Хасах гэдэг үг арай л их давтагдаад байна уу? Жингээ хасахын тулд хоолны цэснээсээ өөх, тос, нүүрс үс болон цавуулагтай “муу” хоолыг хасах ёстой гэж бид боддог. Үнэн хэрэгтээ хүссэн жиндээ хүрч, эрүүл байхын тулд өөрийгөө хэт их хязгаарлах албагүй гэнэ. Тодруулбал, бидний “муу” хэмээн тодотгосон бүтээгдэхүүнүүдийг зохистой хэмжээгээр өдөр тутамдаа хэрэглэх бүрэн боломжтой талаар хоолны тухай цогц мэдээг хүргэдэг Delish.com сайтын хоол, тэжээлийн мэргэжилтнүүд зөвлөсөн байна. Ингээд яг ямар бүтээгдэхүүнүүдийг цэсэндээ үлдээж болохыг дэлгэрэнгүй харцгаая.

Коктейль

АНУ-ын Спортын Анагаах Ухааны Үндэсний Академийн мэргэжлийн дасгалжуулагч Линдси Ванзилак “Эрүүл байхын тулд согтууруулах ундаанаас бүрэн татгалзах шаардлагагүй” гэжээ. Тэрээр маш олон төрлийн согтууруулах ундаанууд байдгаас ургамлаар хийдэг текилаг илүү эрүүл сонголт болно гэж зөвлөсөн бөгөөд текила нь хүний биед хурдан шингэхийн сацуу цардуулаас хамааралтай хэвлийн таргалалт үүсэхэд нөлөөлдөггүй гэж хэлсэн байна. Түүнчлэн текила нь бусад согтууруулах ундаануудтай харьцуулахад бага шартуулдаг гэнэ шүү.

Эдгээр бүтээгдэхүүнүүдийг эрүүл хооллолтын цэснээсээ хасахгүй байж болно (фото 1)
Эдгээр бүтээгдэхүүнүүдийг эрүүл хооллолтын цэснээсээ хасахгүй байж болно (фото 2)

Цагаан талх

Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхээр хичээж буй хүмүүс нэг зүсэм ч болов цагаан талх идэхгүй байхыг зорьдог. Учир нь цагаан талх биед муу гэх ойлголт олны дунд тархсан байдаг. Харин үнэн хэрэгтээ талхнаас биш уг бүтээгдэхүүнд ордог химийн нэмэлтүүдээс болж эрүүл мэндийн асуудлууд үүсдэг гэжээ. Тодруулбал, “Дэлгүүрт зарагддаг талхыг үр тарианы эндосперм хэсгээр хийдэг ба хадгалах хугацааг уртасгахын тулд олон төрлийн нэмэлтүүдийг оруулдаг. Энэ нь тэжээллэг чанарыг нь хэд дахин алдагдуулдаг тул гэртээ өөрийн гараар талхаа барих нь зөв сонголт болно” хэмээн хоол боловсруулах эрхтний эмч Шварц тайлбарлажээ.

Пицца

Баяртай мэдээ! Пицца нь шим тэжээлтэй хоолны жагсаалтад зүй ёсоор ордгийг мэргэжилтнүүд хэллээ. Тодруулбал, шинжлэх ухааны үндэслэлтэй хоол, хүнсний тухай мэдээнүүдийг нийтэлдэг “Nona’s Nutrition Notes” сайтын хоол судлаач Донна Роуз пиццаны эрүүл жорыг санал болгожээ. Тэрээр пиццаныхаа гурилыг аль болох нимгэн хийж төрөл бүрийн ногоо болон Витамин А, Витамин С, кали, фосфор, фолийн хүчил, бета-каротин болон бусад олон ашигтай тэжээлүүдээр баялаг улаан лоолиор амтлахыг зөвлөсөн байна. 

Эдгээр бүтээгдэхүүнүүдийг эрүүл хооллолтын цэснээсээ хасахгүй байж болно (фото 3)
Эдгээр бүтээгдэхүүнүүдийг эрүүл хооллолтын цэснээсээ хасахгүй байж болно (фото 4)

Төмс

Шим тэжээлээр баялаг ч дутуу үнэлэгддэг ногоонуудаас төмс тэргүүн эгнээнд жагсаж байна. Мэргэжлийн хувийн дасгалжуулагч, хоол зүйч Жон Фоукс “Төмс бол хамгийн хямд атлаа цардуулын шим тэжээл, Витамин В, кали, фолат, магни болон Витамин С-ээр баялаг ногоо юм. Тиймээс энэ ногоог шарах шүүгээнд шарж эсвэл жигнэн өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөж байна ” хэмээн Delish.com сайтад өгсөн зөвлөгөөндөө дурджээ.

Попкорн

Чөлөөт цагаараа дуртай киногоо буйдан дээрээ  тухлаад үзэх оройг ямар нэг давслаг, шаржигнуур зуушгүйгээр төсөөлшгүй. Тэгвэл заавал химийн нэмэлт бүтээгдэхүүн ихээр агуулдаг чипс худалдаж авахын оронд халуун попкорноо давслаад идэхийг зөвлөж байна. Попкорн нь эслэгээр баялаг бөгөөд бүтцийнх нь ихэнх хувийг агаар эзэлдэг тул илчлэгийн хэмжээ нь ч бага байдаг.

Эдгээр бүтээгдэхүүнүүдийг эрүүл хооллолтын цэснээсээ хасахгүй байж болно (фото 5)
Эдгээр бүтээгдэхүүнүүдийг эрүүл хооллолтын цэснээсээ хасахгүй байж болно (фото 6)

Өндөгний шар

Өндөгний шарыг эрүүл хооллолт, жин хасах дэглэмд тэр бүр зөвлөдөггүй. Учир нь энэ хэсэгт холестерол болон тос ихээр агуулагддаг. Гэхдээ энэ нь бүтээгдэхүүний илчлэгийг л өндөр болгоно уу гэхээс хүний эрүүл мэндэд хорт нөлөө үзүүлэхгүй юм. Жишээ нь, зүрхний шигдээсийн эрсдэл өндгөнд агуулагдах өөх тосноос биш ханасан тосноос болж үүсдэг. Өндөгний шард цагаанд нь агуулагддаггүй усанд уусдаг амин дэмүүд байдаг бөгөөд өдөрт гурав хүртэлх ширхгийг идэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй билээ. Тиймээс та хоолныхоо цэснээс уг бүтээгдэхүүнийг бүр мөсөн хасахаасаа өмнө ахин нэг бодоод үзээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх