Хайх

Сам хорхойтой хоолны 4 жор

Сам хорхойтой хоолны 4 жор

Өдөр тутмын хоолны цэсэндээ өөрчлөлт оруулах цаг иржээ

Text: Buro.Mongolia


Сам хорхойтой скрэмбл өндөг

Сам хорхойтой хоолны 4 жор (фото 1)

Орц:

  • 1 ш шарах зориулалттай дөрвөлжин талх
  • 3 ш өндөг
  • 50 г цэвэрлэсэн бар сам хорхой
  • 20 мл ургамлын тос
  • 20 г терияки соус
  • 3 г гүнжидийн үр
  • 15 г бууцай

Соусны орц:

  • 50 г хайлуулсан бяслаг
  • 50 г 33% whipping cream
  • дурын хэмжээгээр давс/перец

Хийх жор:

  1. Соус бэлтгэхийн тулд whipping cream болон хайлуулсан бяслаг хэрэгтэй. Саванд эдгээр хоёр орцыг хийж буцалгана. Дээрээс нь давс/перец нэмнэ. Бэлэн болсон соусыг хөргөх хэрэгтэй.
  2. Хайруулын тавган дээр талхаа хоёр талаар нь сайтар шарна. Дээрээс нь соусаа түрхэж, бууцайгаа тавина.
  3. Сам хорхойг ургамлын тосонд болтол нь шарж, терияки соус нэмээрэй.
  4. Тусдаа саванд өндгөө хийж, сэрээ эсвэл зориулалтын хутгуураар сайтар хутгана.
  5. Хайруулын тавган дээр ургамлын тос хийж, өндгөө шарна. Хэдхэн хором хүлээсний дараа хутгуураар наймын тоо дүрсэлж буй мэт өндгөө болгоомжтой хутгана.
  6. Өндөг бэлэн болсны дараа давс нэмнэ. Харин скрэмбл өндөг нь дотроо бага зэрэг чийглэг байх хэрэгтэй гэдгийг санаарай.
  7. Болсон скрэмбл өндгөө бууцайтай талх дээр тавьж, дараа нь соустай сам хорхойгоор бүрнэ. Хамгийн сүүлийн шат бол гүнжидийн үр цацах юм.
  8. Хэрэв хүсвэл дугуй хэлбэрээр хэрчсэн сонгиноор хоолоо чимэглэж болно.

Васабитай сам хорхой

Сам хорхойтой хоолны 4 жор (фото 2)

Орц:

  • 100 г цэвэрлэсэн сам хорхой
  • 100 г талхны үйрмэг
  • 200 мл цэвэр ус
  • 100 г васаби соус
  • 2 г давс
  • 2 г нунтагласан хар перец
  • 68 г тортилла бин
  • 10 г кориандр амтлагч
  • 10 г оливын тос
  • 64 г лайм

Васаби соусны орц:

  • 100 г майонез
  • 30 г васаби
  • 65 г лаазтай өтгөрүүлсэн сүү (Оросын молоко)
  • Бүх орцыг хамт холино

Тортилла бингийн орц:

  • 120 г гурил
  • 1,5 г хүнсний сода
  • 8 г эрдэнэ шишийн цөцгийн тос
  • 17 г эрдэнэ шишийн гурил
  • 2,5 г давс

Хийх жор:

  1. Тортилла бин хийхийн тулд бүх орцуудыг хамт холино. Болсон зуурмагыг элдэж, дунд зэргийн гал дээр хоёр талаас нь болтол нь шарна.
  2. Цэвэр ус болон талхны үйрмэгийг хамт хольж, сайтар хутгана. Сам хорхойг энэхүү зуурмаганд өнхрүүлнэ. Бэлэн болтол нь хайруулын тавган дээр хуурах хэрэгтэй.
  3. Бэлэн болсон васаби соусанд сам хорхойгоо дүрнэ.
  4. Тортиллаг жижиглэж, дээрээс нь сам хорхойгоо тавиарай. Лайм жимсний шүүсийг дээрээс нь цацаж идэхэд тун тохиромжтой байдаг.

Өтгөн соустай сам хорхой

Сам хорхойтой хоолны 4 жор (фото 3)

Орц:

  • 100 г 33% whipping cream
  • 20 г улаан лоолийн соус
  • 20 г эрдэнэ шиш
  • 60-70 г сам хорхой
  • бага зэрэг оливын тос

Хийх жор:

  1. Чанаж болгосон эрдэнэ шишийг оливын тосоор тослоод 180 градусын шарх шүүгээнд 20 минут шарна.
  2. Эрдэнэ шиш болон сам хорхойг жижиглэн хэрчээд хайруулын тавган дээр 4-5 минут шарна.
  3. Харин соус бэлтгэхийн тулд тусдаа саванд whipping cream, улаан лоолийн соусыг хамт хольж, дунд зэргийн гал дээр бэлэн болгоно.
  4. Соусыг гүнзгий ёроолтой тавганд хийж дээрээс нь шарсан эрдэнэ шиш болон сам хорхойгоо өрж тавина.

Бүйлс самартай сам хорхой

Сам хорхойтой хоолны 4 жор (фото 4)

Орц:

  • 150 г сам хорхой
  • 500 г талхны үйрмэг
  • 600 мл цэвэр ус
  • 40 мл чихэрлэг чили соус
  • 30 г бүйлс самрын үйрмэг

Хийх жор:

  1. Сам хорхойг талхны үйрмэгэнд өнхрүүлнэ. Дараа нь хайруулын тавган дээр 5-7 минутын турш шарна.
  2. Сам хорхойны илүүдэл тосыг арилгасны дараа чили соусаар түрхэх хэрэгтэй. Дээрээс нь бүйлс самрын үйрмэгийг цацна.
  3. Хүсвэл васаби соустай хамт зооглож болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх