Хайх

Маркус Нг: \"Хоолны жор бол зүгээр л зааварчилгаа. Харин тухайн хоолыг амилуулж өгдөг хүн нь тогооч\"

Маркус Нг: "Хоолны жор бол зүгээр л зааварчилгаа. Харин тухайн хоолыг амилуулж өгдөг хүн нь тогооч"

Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын ерөнхий тогооч Маркус Нгтэй хийсэн ярилцлага

Text: Г.Тэмүүлэн


Жинхэнэ Хятад зоог, олон орны хоолны сонголттой буфет ресторан, салахын аргагүй амттай бяцхан амттанууд гээд хүн бүрийн хоолны дуршилд нийцсэн эсвэл аливаа нөхцөл байдалд тохирсон зоогуудыг нэг дороос зөвхөн Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд л олж болно. Их хотын рестораны салбарт дэлхийн стандартыг тогтоож, хоолны сонголт, амт, чанараараа үргэлж шилдэг нь байж чаддаг энэхүү зочид буудлын гал тогоонд ямар хүмүүс ажиллаж, тэрхүү амтат зоогуудын концепцыг хэн бодож олон "урладаг" бол хэмээх бодол төрсөн нь сониуч зандаа хөтлөгдөн таван одтой зочид буудлыг зорин ярилцлага хийх сэдэл өгсөн юм.

Хутон, Кафе Парк, Наадам, Лобби Лаунж гээд Шангри-Ла Улаанбаатар зочид буудал дахь бүх ресторануудын гал тогоо болон хүлээн авалтын зоогийг 15 жилийн мэргэжлийн туршлагатай, ерөнхий тогооч Маркус Нг хариуцаж эхлээд удаагүй байна. Маркус 2004 онд Малайзын Shangri-La Hotel Kuala Lumpur зочид буудалд тогоочийн карьераа эхлүүлсэн бөгөөд энэ хугацаанд Sukhothai Shanghai, Тайвань дахь Shangri-La Far Eastern Hotel, Папуа Шинэ Гвинейн Laguna Hotel зэрэг томоохон сүлжээ зочид буудлуудад ажиллаж, туршлага хуримтлуулсан юм.

Биднийг түүнээс ярилцлага авахаар очиход цасан цагаан дүрэмт хувцастай, эелдгээр инээмсэглэсэн эрхэм угтан авсан бөгөөд гал тогооны ажил буцалж байдаг ид ачаалалтай үеэр таарсан тул завсарлага авахад хүрсэн нь тодорхой байлаа. Ярилцлагын үеэр бид Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын хэрэгжүүлж эхлээд буй эрүүл хооллолт болон байгаль орчинд ээлтэй бодлогын талаар ярилцсан юм. Мөн тэрээр зочид буудлын ирээдүйн төлөвлөгөөний талаар хуваалцахын зэрэгцээ өөрийн дуртай Монгол хоолныхоо талаар ярьж, тогооч болохыг хүсэж буй залууст хэдэн зөвлөгөө өгсөн байгаа.

Анх та яагаад хоолны салбарыг сонирхож энэ салбарт карьер хийхээр шийдсэн бэ?

Би анхнаасаа л тогооч болохыг хүсдэг байсан. Ер нь би хүүхэд байхаасаа л хоолонд их дуртай байсан нь хоолны салбарт ажиллах шийдвэрт маань нөлөөлсөн юм болов уу. Би нэг газраа удаан суух дургүй, үргэлж хөдөлгөөнтэй байхыг илүүд үздэг. Мөн ээж маань миний мэргэжлийн сонголтод их нөлөөлсөн л дөө. Тэр миний хоолонд дуртайг мэддэг болохоор шууд л хоолны сургуульд элсэж орохыг минь дэмжсэн.

Карьерын тань эхэн үетэй харьцуулбал өнөөдөр рестораны салбар хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?

Маш их өөрчлөлттэй тулгарсан. Яагаад гэвэл миний мэдэх үе, одоо үе хоорондоо их ялгаатай. Өнгөрсөн хугацаанд рестораны салбарт маш их өөрчлөлтүүд явагдсан тул шинэ үед нийцүүлэн ажиллах хэрэг гарсан. Менежментийн хувьд ч тэр. Хүмүүсийн хувьд ч тэр. Миний үе болон одоо үе гэсэн хоёр үеийг би үзсэн. Орчин үед хоолны жор, хоол хийх арга барил, ялангуяа сүүлийн үед технологийн хөгжил дэвшлийн ачаар тоног төхөөрөмж ч өөрчлөгдөж байна.

Өнөөдөр өмнөх үеийн арга барилаар хүмүүсийг удирдаж чадахгүй. Хэрэв өмнө нь ахлах тогооч нар хоолны жор, арга барилаа нууцалдаг байсан бол одоо бүх зүйлээ бусадтай хуваалцах хэрэгтэй болсон. Тэртээ тэргүй өнөөдөр хүн бүхэн интернетэд холбогдоод, хэрэгтэй мэдээллээ амархан авчихдаг болсон. Ер нь миний бодлоор хоолны жор гэдэг бол зүгээр л зааварчилгаа. Харин тухайн хоолыг амилуулж өгдөг хүн нь тогооч. Мөн хуучин цагт тогооч олон цагаар ажиллах ёстой гэсэн хэвшмэл ойлголт тогтсон байдаг байсан. Одоо бол мэдээж шаардлагатай тохиолдолд тогооч багийнхаа хамтаар олон цагаар ажилладаг ч ерөнхийдөө ажил, амьдралын хоорондын тэнцвэрийг олохыг хичээдэг болсон. Тэр тусмаа дэлхий даяар ажлын хүчний дутагдалд орж байгаа өнөө үед энэ их чухал л даа. Миний бодлоор гал тогооны багийнханд, энд ажиллаж буй хүмүүст анхаарал хандуулах нь их чухал. Яагаад гэвэл бид багийнхаа гишүүдтэй гэр бүлээсээ илүү цагийг өнгөрүүлж байна.

Маркус Нг: "Хоолны жор бол зүгээр л зааварчилгаа. Харин тухайн хоолыг амилуулж өгдөг хүн нь тогооч" (фото 1)

Та өмнөх ажлын туршлагаасаа бидэнтэй хуваалцахгүй юу.

Би янз бүрийн ресторанууд, жижиг, том, сүлжээ зочид буудлуудад ажиллаж үзсэн. Би өмнө нь гурван зочид буудал, нэг рестораны нээлтийн өмнөх бэлтгэл ажлыг (pre-opening) хийж байсан туршлагатай. Тэдгээрээс Вьетнамд нэгэн томоохон рестораны бэлтгэл ажлыг хийсэн нь миний анхны хилийн чанад дахь туршлага болсон. Дараа нь Папуа Шинэ Гвинейн Laguna Hotel, Тайбей хотын Шангри-Ла, Шанхайн Sukhothai зочид буудлуудад тус, тус ажиллаж байлаа. Надад улс орон бүр өөр, өөр туршлага өгсөн. Хүмүүс, соёл гээд би очсон газар бүрээсээ шинэ зүйл суралцсан.

Та Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд байршдаг бүх рестораныг удирддаг. Ресторан тус бүрийн онцлог нь юу вэ?

Хутон бол Шангри-Ла зочид буудлын нэрийн хуудас болсон ресторан. Одоогоор хотын хамгийн шилдэг Бээжин нугасыг Хутоноос олж болно. Учир нь бид уламжлалт аргаар, модоор галласан зууханд, зах зээлд байгаа хамгийн сайн чанарын жинхэнэ Бээжин нугас ашиглан зоогоо бэлддэг. Тийм ч учраас бусад ресторануудтай харьцуулахад арай өндөр үнэтэй. Хутон нь гэр бүлийн зоог, бизнесийн уулзалтад тохиромжтой "А-ла карт" төрлийн ресторан. Кафе Парк бол Ази, Европ зэрэг олон үндэстний зоогоор бүхэл өдрийн турш үйлчилдэг гэр бүлийн буфет ресторан юм. Мөн бид улирал бүр, баяр наадмыг тохиолдуулан цэсээ шинэчилдэг. Бидний одоо байрлаж байгаа (Уг ярилцлагыг Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын Наадам ресторанд хийсэн болно - ред. тэмдэглэл) Наадам рестораны хувьд олон төрлийн уух зүйлс, амьд хөгжмийн хамтлаг зэрэг энтертэйнмент болон орчин үеийн бистро стилийн зоогийг хослуулсан ресторан. Үдийн цай уух эсвэл зүгээр л найз нөхдийн уулзалтын өмнө тухлахыг хүсвэл Лобби Лаунжийг зорьж болно.

Тогоочийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Ерөнхийдөө их урт өдөр шүү (Инээв). Миний ажлын өдөр ихэвчлэн гол хоолны цагуудаар буюу өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолны бэлтгэл ажлыг хянахаас эхэлдэг. Би өдөр бүр хоолны амт, үзэмж, бэлтгэх хугацаа зэргийг шалгаж, дараа нь тогооч нартайгаа уулзан зааварчилгаа өгдөг. Ямар нэгэн онцгой тохиолдол гараагүй үед миний ажлын өдөр ойролцоогоор 12 цаг үргэлжилнэ. Ер нь бол тухайн үеийн ажлын ачааллаас л шалтгаалдаг. Хэрэв тусгай хүлээн авалт, зочидтой байвал 16 цаг ажиллах тохиолдол ч гарна.

Маркус Нг: "Хоолны жор бол зүгээр л зааварчилгаа. Харин тухайн хоолыг амилуулж өгдөг хүн нь тогооч" (фото 2)

Таны үндсэн хоолны стиль юу вэ?

Би орчин үеийн арга барилаар бэлтгэсэн уламжлалт Зүүн Өмнөд Ази хоолоор мэргэшсэн.

Таны нэрийн зоог юу вэ?

Үхрийн махан ренданг гэдэг хоол бий. Ерөнхийдөө Малайз, Индонез үндэсний хуурай аргаар болгосон үхрийн махан кари гэж тодорхойлж болно. Наргил модны самрын сүү болон 16 төрлийн халуун ногоогоор бэлтгэж ихэвчлэн наргил модны самартай будааны хамтаар зооглодог.

Таны хувьд тогооч байхын хамгийн сайхан зүйл нь?

Гал тогооны эрч хүчтэй орчин, өндөр ачаалал таалагддаг. Бидний хувьд ачаалал, галзуу хэмнэл нь өдөр тутмын ажил болсон байдаг. Би ер нь л өдөр тутмын ажилдаа хайртай. Мэдээж ямар ч ажил хялбар биш. Ажил бүрт л тодорхой хэмжээний хүндрэлүүд тохиолддог. Энэ нь бидний өөрсдийн л сонголт шүү дээ.

Таны бодлоор рестораныг амжилтад хүрэхэд ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?

Үйлчилгээ, гал тогоо, зочид буудлын зүгээс өгөх маркетингийн дэмжлэг. Олон нийтийн сүлжээний эрин үед маркетинг маш чухал үүргийг гүйцэтгэх болсон. Үүнээс гадна үйлчлүүлэгчдийнхээ юу хүсэж байгааг мэдэх их чухал гэж бодож байна. Өөрөөр хэлбэл бид зочдынхоо хүсэл сонирхлыг маш сайн мэдэж, тэднийг сэтгэл ханамжтай байлгахын тулд маш уян хатан ажиллах ёстой. Мөн мэдээж хэрэг хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдал хамгийн чухал. Эдгээр зүйлс амжилттай рестораныг бий болгодог гол түлхүүрүүд гэж би бодож байна.

Таны хоол хийж өгөхийг хүсдэг гурван хүн?

Зочид болон гэр бүлээ нэрлэнэ. Миний хувьд алдартнууд ч гэсэн зочдын тоонд орно. Бид алдартнуудад ч гэсэн яг л бусад зочдынхоо адилаар ижил хандаж, стандартын дагуу үйлчилгээ үзүүлдэг.

Тэгвэл таны үйлчилж байсан хамгийн алдартай зочдыг нэрлэж болох уу?

Дэвид Бекхэм, Хятад ба Малайзын алдартай уран бүтээлчид, APEC-ийн үеэр ирсэн дэлхийн удирдагчид, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама ба түүний багийнхныг дурдаж болох юм. Сонирхуулахад VIP зочид ихэвчлэн олон төрлийн тусгай заалтууд, шаардлагуудыг тусгаж өгсөн байдаг. Тухайлбал өрөөний толийг тодорхой өнцөгт байрлуулсан байх, тодорхой нэг жимсийг тодорхой цагт л идэх, зөвхөн тодорхой сортын жимс бэлдэх гэх зэрэг хүсэлтүүд тавьдаг. Бид ч мөн тэдгээр шаардлагуудыг нь биелүүлэх үүрэгтэй. Тэдгээр өндөр албан тушаалтай зочид улсынхаа онцлог, соёлд нийцүүлэн өөр, өөр хүсэлт тавих нь бий. Жишээ нь Хятад зочид хоолны аюулгүй байдлыг шалгадаг тусгай хүмүүстэй ирсэн. Еврей зочид биднийг гал тогоонд хоол хийж эхлэхээс өмнө маш их ус буцалгаж, тусгай зан үйл хийж байсан нь их сонирхолтой санагдсан. Мөн Малайзуудын хувьд Лалын шашинтай учраас гахайн мах иддэггүй, зөвхөн халал аргаар бэлтгэсэн мах иддэг гэх зэрэг тухайн улс орны онцлогоос шалтгаалсан олон зүйлсийг тооцоолох хэрэгтэй болдог.

Та зөвхөн хоолыг нь туршиж үзэх зорилгоор дэлхийн ямар, ямар улсаар аялах байсан бэ?

Гуанжоу, Хонг Конг, Макао, Тайланд. Гуанжоу их гоё хоолтой. Хонг Конгд очин дим сам, олон төрлийн шорлог, шарсан мах, вонтон гоймон идэх дуртай. Бас би Италийн Неаполь эсвэл Сицил явж үзэхийг хүсдэг. Тэнд очоод төрөл бүрийн шинэхэн оливын тос, гар аргаар бэлтгэсэн пастанууд, шинэхэн улаан лоольтой пицца туршиж үзэхийг хүсэж байна.

Малайзын Пенанг муж их гоё хоолтой гэж сонссон юм байна.

Тийм шүү. Би өөрөө Пенанг мужаас гаралтай. Пенанг болон Малакка мужуудыг Малайзын хоолны диваажин гэж нэрлэдэг. Учир нь хоол нь маш амттай атлаа үнэхээр хямд үнэтэй байдаг. Миний зүгээс гудамжны хоолнуудыг заавал туршиж үзэхийг зөвлөж байна.

Таны хамгийн дуртай Монгол хоол юу вэ?

Би хуушуурт дуртай. Би бараг бүх Монгол хоолыг идэж үзсэн. Хорхог, хонины толгой, үхрийн элэг, цуйван гээд бүгдийг нь л туршиж үзсэн. Хонины толгой надад бага зэрэг өвөрмөц санагдсан. Цуйванг бэлэн гурилаар бус өөрийн гараар элдэж хийвэл илүү гоё юм билээ.

Хэрэв таныг үлдсэн амьдралынхаа туршид ганц л хоол идэж болно гэвэл ямар хоол сонгох вэ?

Нутгийнхаа хоолыг л сонгоно доо (Инээв). Малайз, тэр тусмаа Пенанг их олон янзын хоолтой. Жишээ нь Хятад, Малайз, Энэтхэг үндэсний зоогууд хосолсон байдаг тул хэзээ ч уйдахгүй.

Шангри-Ла зочид буудалд анх удаа хүрэлцэн ирж буй зочдод зориулан заавал туршиж үзэх хэрэгтэй хоолыг санал болгохгүй юу.

Хутон рестораны Уламжлалт аргаар бэлтгэсэн Бээжин нугасыг заавал амталж үзээрэй. Лобби Лаунжийн үдийн цайг амралтын өдрүүдээр туршиж үзэхийг мөн зөвлөх байна. Эцэст нь Наадам рестораны хуушуур эсвэл бургерыг заавал туршиж үзэх хэрэгтэй. Учир нь бид шинэхэн орц найрлага ашиглан, гар аргаар бэлтгэдэг.

Та Улаанбаатар хотын хоолны салбарыг хэрхэн тодорхойлох вэ? Таны анхаарлыг татсан ресторан эсвэл тренд бий юу?

Олон нийтийг тэр дундаа жуулчдыг татах тал дээр сайжирч байгаа гэж хэлнэ. Ялангуяа шинэ онгоцны буудал нээгдэж, Монголд ажлын болон аялал жуулчлалын чиглэлээр илүү олон хүн ирж байгаа энэ үед. Ер нь эрэлт байгаа тохиолдолд хөрөнгө оруулалт нэмэгдэж, энэ эрчээрээ олон хүн Монголд ирэх болно. Улмаар рестораны тоо, орц найрлагын төрөл нэмэгдэж, чанар нь ч сайжирна. Хэдийгээр төгс гэж хэлүүлэхэд цаг хугацаа шаардлагатай ч бид зөв замаараа явж байгаа гэж бодож байна.

Та тогооч болохыг хүсэж байгаа хүмүүст хандан зөвлөгөө өгнө үү.

Шаргуу ажилла, шинэлэг бай. Гал тогоонд чи бүхнийг хамгийн багаас нь эхлэн хийж үзэж байж сурдаг учраас шаргуу ажиллах хэрэгтэй л гэж хэлье.

Авьяас шаардагдахгүй гэж үү?

Миний бодлоор хамгийн авьяаслаг тогооч нарт ч шаргуу ажиллах шаардлага гардаг. Гал тогоонд бүхнийг амархан заагаад өгдөг товч зааварчилгаа гэж байдаггүй. Учир нь тогоочийн мэргэжил бол ур чадвар шаарддаг ажил. Жишээ нь чи загас цэвэрлэх, мах хэрчихийг өөрөө л сурах хэрэг гарна. Хэн ч чиний өмнөөс үүнийг хийхгүй. Зөвхөн өөрөө хийж, туршиж үзэж байж л бүхнийг сурна. Бас тогоочийн мэргэжил их хүнд. Ихэвчлэн бидэнд гэр бүлийн уулзалт, найз нөхдийнхөө хуримыг алгасах хэрэг гардаг. Мөн амралтын өдрүүд, шинэ жил, зул сар, Валентины баяр, Цагаан сар зэрэг тэмдэглэлт өдрүүд бидний ид ачаалалтай байдаг үе. Энэ нь бидний ажлын онцлог гэх үү дээ.

Маркус Нг: "Хоолны жор бол зүгээр л зааварчилгаа. Харин тухайн хоолыг амилуулж өгдөг хүн нь тогооч" (фото 3)

Маркус Нг: "Хоолны жор бол зүгээр л зааварчилгаа. Харин тухайн хоолыг амилуулж өгдөг хүн нь тогооч" (фото 4)

Та хоолны цэсээ боловсруулахдаа юунаас сэдэл авдаг вэ?

Тухайн улс орны соёл, хүмүүс, хүнсний бүтээгдэхүүн надад сэдэл өгдөг. Би аль болох Монголын дотоодын бүтээгдэхүүн хэрэглэж, дотоодын фермер, тариаланчид, бяслаг үйлдвэрлэгч зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихийг зорьдог. Хэдийгээр Монголд олон төрлийн хүнсний ногоо, жимс байхгүй ч бид чацаргана, төмс, улаан лооль, сонгино, өргөст хэмх гэх мэт аль болох Монголын хөрсөнд ургуулсан дотоодын бүтээгдэхүүнээ ашиглахыг хичээдэг.

Таны хамгийн дуртай орц найрлага юу вэ?

Халуун ногоо. Би өөрөө Зүүн Өмнөд Ази гаралтай учраас хоолондоо үргэлж олон төрлийн халуун ногоо ашиглахыг илүүд үздэг. Яг ижил халуун ногоог өөр, өөр хэмжээтэй хийхэд л огт өөр амттай хоолнууд бий болдог нь үнэхээр сонирхолтой шүү.

Бид 2019 онд Шангри-Ла Улаанбаатар зочид буудлаас ямар зүйлсийг хүлээж болох вэ?

Бид эрүүл хоолны соёлыг шат дараалалтайгаар хэрэгжүүлж эхлээд байгаа. Миний бодлоор сүүлийн үед шинэ үеийн Монгол залуус эрүүл хоолны үнэ цэнийг мэдэрч, хоол бүхэн их махтай байх тусмаа сайн биш гэдгийг ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс бид эхлээд Кафе Паркт хөнгөн, эрүүл хоолны булан туршиж үзэхээр төлөвлөж байгаа. Үүний дараа энэ хөтөлбөрөө Хутон, Наадам ресторануудад хэрэгжүүлэхээр шийдсэн. Түүнчлэн бид хоол болон ундааны элсэн чихрийг хус модны чихрээр орлуулахаар туршиж байна. Бид үүнийг өмнө нь олон оронд туршиж үзсэн байгаа. Ерөнхийдөө бол бид илүү эрүүл хооллолтыг дэмжих зорилгоор ажиллана.

Заавал анхааралдаа авах хэрэгтэй сүүлийн үеийн хоолны тренд бий юу?

Миний бодлоор бид хүнсний ногоонд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрэв өмнө нь хүнсний ногоог зөвхөн хачир хэмээн хүлээн авдаг байсан бол одоо ширээний гол зоог болон хувирсан. Жишээ нь цэцэгт байцааг л гэхэд маш олон төрлөөр бэлтгэж болдог. Бас олон хүн цагаан хоолны талаар буруу ойлголттой явдаг юм билээ. Хүмүүс цагаан хоолыг амт муутай, уйтгартай хоолоор төсөөлөөд байдаг. Гэхдээ бүх зүйл тухайн цагаан хоолыг хэрхэн бэлтгэхээс шалтгаална. Би жирийн махтай хоолноос ч илүү амттай цагаан хоол хийдэг ресторануудад үйлчлүүлж үзсэн.

Өмнө нь хүмүүс ихэвчлэн өдрийн хамгийн чухал хоол болох өглөөний цайг алгасдаг байсан бол одоо заавал эрүүл хүнсээр хийсэн өглөөний цай ууж дадшиж байгаа нь бас нэгэн зөв хандлага байх. Эцэст нь дэлхий даяар хуванцрын хэрэглээг багасгаж байгаа нь их сайшаалтай. Зарим орны тариаланчид байгаль орчинд хог хаягдал үүсгэхгүй байх зорилгоор бүтээгдэхүүнээ хуванцар уутаар баглахын оронд гадил жимсний хальс, хулс модны мяндас зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглах болсон. Ер нь л дэлхийн олон оронд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж, дахин боловсруулагддаг технологи ашиглаж байгаа нь гол чиг хандлага. Энэ нь зөвхөн 2019 онд ч биш цаашид маш олон жилийн турш хэрэгжих төлөвлөгөө юм.

Бид ч мөн байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Одоо Шангри-Ла Улаанбаатар зочид буудал бүхэлдээ хуванцар соруул ашиглахаа больсон. Зочин зөвхөн өөрөө хүсэлт тавьсан тохиолдолд л бид цаасан соруул санал болгож байгаа. Мөн гал тогоонд бид хуванцар баглаа боодол бус шилэн сав, цаас ашиглан хүнсээ хадгалахыг хичээж байна. Бид цаашид ч хуванцрын хэрэглээг багасгах зорилгоор аажим, аажмаар шат дараалалтай төлөвлөгөө хэрэгжүүлнэ. Нүд ирмэхийн зуур бүх хуванцраасаа салж чадахгүй ч аажим, аажмаар хэрэгжүүлсэн байхад ирээдүйд нэг л өдөр хуванцраас бүрэн ангижирна гэж найдаж байна.

Хэзээ нэгэн цагт Улаанбаатар хотын аль нэг ресторан Мишелиний од аваасай гэж бид хүсдэг. Таны бодлоор Улаанбаатар хотод Мишелиний одтой ресторан хэзээ нээгдэх бол?

Монголд зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн, орц найрлага үнэхээр хомс байдаг. Хэрэв бүх орц, найрлага нь байсан тохиолдолд яагаад болохгүй гэж? Гэхдээ мэдээж тэр хүртэл бидэнд тодорхой хугацаа шаардагдана гэж бодож байна.

Та Монгол үйлчлүүлэгчдийг хэрхэн дүгнэх вэ? Бид бусад орны зочдоос ялгардаг уу?

Бид дэлхийн хаана ч очсон янз бүрийн л үйлчлүүлэгчидтэй нүүр тулдаг. Дийлэнх зочид маань их зөв хандлагатай хүмүүс байдаг. Ер нь дэлхийн аль оронд ч бид яг л ижил төрлийн асуудалтай тулгардаг. Гэхдээ бүх зүйл бидний үйлчлүүлэгчдээ хандах хандлагаас л шалтгаална. Зочид гомдол гаргасан тохиолдолд бид үүний учир шалтгааныг олж, алдаагаа дахин давтахгүй байхыг хичээнэ.

Кафе Парк рестораны хоолны төрөл дээр хүмүүс санал бодлоо идэвхтэй илэрхийлдэг юм шиг санагдсан. Та өдөрт хэдэн төрлийн хоол бэлддэг мөн цэсээ хэр олон шинэчилдэг талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу.

Кафе Паркийн цэс ээлжлэн солигдох журмаар явдаг. Ази, Европ хоолны цэс өдөр бүр шинэчлэгдэж байдаг. Өглөөний цайны хувьд зарим бүтээгдэхүүнийг шинэчилдэг. Гэхдээ үхэр болон тахианы шорлог зэрэг зочдын дуртай хоолнуудыг хэт их өөрчилдөггүй. Түүнчлэн бид илүү олон төрлийн орц найрлага нэвтрүүлж, тогоочдод илүү олон төрлийн зоог "урлах" боломжийг бүрдүүлж өгөхийг зорьж байна. Зочидтой ярилцаж, тэдний юу хүсэж байгааг олж мэдэн тэднийг сэтгэл ханамжтай байлгах нь хамгийн чухал зүйл юм.

Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх