Хайх

Бяслагтай бялуунаас Nutella хүртэл: Сонгодог амттангуудыг орлох таван арга

Бяслагтай бялуунаас Nutella хүртэл: Сонгодог амттангуудыг орлох таван арга

Эрүүл зуршил

Text: Buro.Mongolia


Зураг:

Бюро 24/7 дижитал сэтгүүлийн нийтлэлч, эрүүл хоолны мэргэжилтэн Ольга Малышева шоколад, бяслагтай бялуу, зайрмаг, сүүн коктейль, тэр ч бүү хэл Nutella-г хэрхэн эрүүл аргаар орлож болох жоруудаа бидэнтэй хуваалцаж байна

Би өнгөрсөн удаа муу нөлөөгүй амттаныг хэрхэн эрүүл амьдралын хэв маягтаа оруулж болох талаар бичсэн. Тэгвэл одоо онолоос шууд дадлага руу орцгооё. Доорх эрүүл мэндэд тустай, энгийн таван жор нь сонгодог амттануудыг хангалттай орлож чадна. Үүнээс гадна, доорх жорнуудад ямар ч элсэн чихэр, гурил, сүү байхгүй. Харин зөвхөн шинэхэн жимс, самар болон хатаасан жимснүүд байгаа. Мөн энэхүү зүйлсийг бэлтгэхэд танаас дээд тал нь 10 минут л шаардах ба цахилгаан зуухны ч хэрэг байхгүй.

1. Сүүний коктейлийн оронд - бүйлсний сүү, гүзээлзгэнэтэй смүүти

Энэхүү амттанг өглөөний цайндаа ч ууж, үд дунд зууш болгоод идчихсэн ч болно. Смүүтиний гол орц нь самрын сүү ба хуураагүй бүйлс эсвэл ойн самар юм. Самар хийснээр тус коктейл нь сонгодог сүүн коктейль эсвэл жимстэй тарагтай төстэй амттай болдог. Үнээний сүү нь жимстэй холилдохоороо муу шингэдэг тул ингэж хийснээр илүү хөнгөн ба эрүүл мэндэд тустай болж байгаа юм. Мөн смүүтигээ илүү өтгөн бүтэцтэй болгохын тулд авокадо юм уу гадил жимс нэмэх хэрэгтэй. Харин ойн жимс коктейлэнд амт бөгөөд өнгө нэмж өгнө. Хэрэв жимсний улирал эхлээгүй байвал хөлдөөсөн, ясгүй ойн жимснээс хүссэнээ сонгож хийгээрэй.

Бяслагтай бялуунаас Nutella хүртэл: Сонгодог амттангуудыг орлох таван арга (фото 1)

Бүйлсний сүү, гүзээлзгэнэтэй смүүти (2-3 хүнд):
• Нэг ширхэг авокадо
• 200 гр гүзээлзгэнэ (хөлдөөсөн эсвэл шинэ)
• Атга аньс
• Тал лаймны шүүс
• Хоёр цайны халбага зөгийн бал эсвэл топинамбурын сироп
• Нэг аяга самрын сүү (нэг аяга ус + 50 г хуураагүй бүйлс эсвэл ойн самар)
Самрын сүү бэлтгэхийн тулд холигчинд ус болон 50 гр самрыг хийж холино. Дараа нь сүүгээ холигчноос гаргаад шигшүүр эсвэл марлиар шүүж, бэлэн болсон сүүгээ холигчны аяганд эргүүлэн хийнэ. Үүний дараа авокадо болон бусад орцоо хийгээд холигчинд дахин сайтар холиод л амттан бэлэн болох нь тэр. Бэлэн болсон смүүтигээ аяганд хийгээд, дээрээс нь ойн жимсээр чимэглэх хэрэгтэй.

2. Шоколадны оронд - самар болон хатаасан жимстэй бөмбөлөгүүд

Хүмүүс ихэвчлэн энэ бөмбөлөгийг "energy balls" буюу эрч хүчний бөмбөлөг гэж нэрлэдэг. Яагаад гэвэл тэд хүч сэлбэхээс гадна, тамир тэнхээгээ түргэн нөхөх зорилгоор идэхэд амар байдаг юм. Орц найрлагад нь янз бүрийн самар, үр, хатаасан жимс орох ба өвөрмөц амттай болгохыг хүсвэл халуун ногоо нэмж туршилт хийж болох юм. Хамгийн гол нь самарнууд нь хуураагүй, хатаасан жимснүүд нь нэмэлт элсэн чихэргүй, өнгө будаг оруулагчгүй, байгалийн гаралтай байх хэрэгтэй. Бэлэн болсон бөмбөлөгүүдийг ойролцоогоор долоо хоног хөргөгчинд хадгалж болно. Хийсэн бөмбөлөгүүдээ ажил руугаа эсвэл аялалд авч явахад амар байдаг шүү. Мөн энэхүү амттанд хүүхдүүд маш дуртай бөгөөд тэдний эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Бяслагтай бялуунаас Nutella хүртэл: Сонгодог амттангуудыг орлох таван арга (фото 2)

Наргил модны самар, чангаанз, шанцтай бөмбөлөгүүд (12 бөмбөлөг):
• 100 гр хуураагүй бүйлс
• 100 гр чангаанз
• Таван цайны халбага наргил модны самрын үйрмэг
• 1,5 цайны халбага шанц (cinnamon)
• Нэг цайны халбага зөгийн бал
• Нэг цайны халбага нимбэгний шүүс
• Ганц, хоёр чимх давс
Эхлээд холигч эсвэл хэрчигчинд бүйлсээ хийж, үйрмэг болтол нь бутлаад дараа нь дээрээс нь наргил модны самрын үйрмэгээ хийж дахин холино. Одоо чангаанзыг хутгаар жижиглэн хэрчиж, холигчинд самраа хийгээрэй. Дараа нь шанц, нимбэгний шүүс болон давсаа нэмээд бүгдийг нь дахин сайтар холино. Харин одоо бэлэн болсон зүйл дээрээ зөгийн балаа нэмж сэрээгээр хутгаарай. Ингээд зуурмагаа өнхрүүлж бөмбөлөг хэлбэртэй болгоод наргил модны самрын үйрмэг эсвэл какао цацаад л гүйцээ.

3. Энгийн зайрмагны оронд - Гадил жимсний мөхөөлдөс

Сонгодог зайрмагны арай эрүүл хувилбарыг өөрийн гал тогоондоо бэлдэж идэхийн тулд танд зөвхөн холигч ба хэдэн ширхэг хөлдөөсөн гадил жимс байхад л хангалттай. Урьдчилаад гадил жимсээ хальслаад, жижиглэн хэрчиж савлаад хөлдөөгчиндөө хийнэ. Ингээд ямар нэг хүйтэн зүйл идмээр санагдсан үедээ хөлдөөсөн гадилаа гаргаж ирээд зөгийн бал, цэвэр ваниль, шанц, какао эсвэл ойн жимстэй холиод л таны "эрүүл" зайрмаг бэлэн болно.

Бяслагтай бялуунаас Nutella хүртэл: Сонгодог амттангуудыг орлох таван арга (фото 3)

Гадил жимсээр хийсэн зайрмаг:
• Гурван ширхэг хөлдөөсөн гадил (Цэвэрлэж, жижиг дугуй хэлбэрээр хэрчсэн)
• Нэг халбага нимбэгний шүүс
• Нэг халбага зөгийн бал
• Нэг урт ванилийн буурцагны доторх хэсэг
Хөлдөөгчнөөс гадил жимсээ гаргаад өрөөний хэмд хэдэн хором байлгаж, бага зэрэг гэсгээнэ. Дараа нь гадил жимсээ бусад орцуудтайгаа нийлүүлж холигчинд хийгээд нэг хэвийн зуурмаг болтол нь холино. Ингээд бэлэн болсон зайрмаг дээрээ үйрмэг болгосон бүйлс, хушны самар эсвэл шинэхэн ойн жимс нэмж болно.

4. Nutella-ны оронд - чавга, ойн самартай крем

Нэг халбага сонгодог Nutella-нд наргил модны тос, элсэн чихэр ба хуурай сүү маш их хэмжээгээр агуулагддаг. Тэгвэл Nutella шоколадны кремний эрүүл хувилбарыг өөрийн гараар хийхэд танд ердөө л холигч ба 10 минут байхад л хангалттай. Энэхүү зөөлөн кремийг амин дэм, эрдэс бодис, эслэгээр баялаг чавга (финики) болон ойн самраар хийдэг. Мөн өөрийн гараар хийсэн шоколадны кремийг таглаатай саванд хийж хөргөгчинд долоо хоног хадгалж болно.

Бяслагтай бялуунаас Nutella хүртэл: Сонгодог амттангуудыг орлох таван арга (фото 4)

Чавга болон ойн самраар хийсэн "гэрийн Nutella"
• Нэг аяга хуураагүй ойн самар
• Нэг аяга чавга
• ½ аяга ус
• Хоёр цайны халбага шингэн зөгийн бал эсвэл агч модны чихэрлэг шүүс (maple syrup)
• 1-2 цайны халбага какао
Ойн самраа шөнийн турш эсвэл дор хаяж таван цагийн турш цэвэр усанд дэвтээнэ. Хэрэв чавга нь бага зэрэг хуурай байвал мөн адил дэвтээж болно. Эхлээд ойн самар болон чавгаа сайтар угааж яснаас нь салгаж цэвэрлэх хэрэгтэй. Дараа нь ойн самар, чавга, ус, какао зөгийн балаа холигч эсвэл хэрчигчиндээ хийж, нэг хэвийн зуурмаг болтол нь холино. Ингээд л таны "Nutella" бэлэн.

5. Бяслагтай бялууны оронд - инжир болон кешью самартай бялуу

Энэхүү амттан нь сонгодог бяслагтай бялууг орлох сайхан сонголт юм. Учир нь тус бялуунд ямар ч элсэн чихэр, гурил, сүү ороогүй бөгөөд бөх орц найрлага нь түүхийгээрээ байдаг тул амин дэм, эрдэс бодис, эрүүл мэндэд тустай ферментүүдээ огтхон ч алдаагүй гэсэн үг. Мөн бяслаг эсвэл аарцыг кешью самар орлож, хамгийн доод шаржигнуур давхаргыг мөн л самар орлох болно. Харин цахилгаан зуухыг холигч болон хөлдөөгч орлож чадна. Түүнчлэн инжирийг өөрийн хүссэн ойн жимс, шоколад эсвэл наргил модны самрын үйрмэгээр солих боломжтой.

Бяслагтай бялуунаас Nutella хүртэл: Сонгодог амттангуудыг орлох таван арга (фото 5)

Инжир болон кешью самартай бялуу (15 см диаметр хэмжээтэй)
Доод давхарга:
• Хатаасан инжир 5-6 ширхэг
• 100 гр хушга
• Чимх далайн давс
Үндсэн давхарга:
• Усанд гурван цаг дэвтээсэн, хуураагүй кешью самар нэг аяга
• 100 мл наргил модны самрын сүү
• 1,5 цайны халбага зөгийн бал эсвэл өөр чихэрлэг сироп
• Гурван ширхэг чангаанз
• Хоёр амны халбага нимбэгний шүүс
• Шинэхэн инжир
Эхлээд инжир болон хушгаа хоёр цаг усанд дэвтээнэ. Дараа нь сайтар угаагаад холигчинд далайн давстай хамт хийж, нэг хэвийн зуурмаг болтол нь холино. Ингээд урьдчилан оливын эсвэл наргил модны самрын тосоор тосолсон тусгай хэвэнд бэлэн болсон зуурмагаа хийнэ.

Үндсэн давхаргыг хийхдээ урьдчилж дэвтээсэн хушга болон кешью самраа бусад орцтойгоо нийлүүлж холигчинд хийж хутгах хэрэгтэй. Хамгийн гол нь нэг хэвийн өтгөн зуурмаг болсон байх ёстой. Дараа нь дээр бэлдсэн доод давхарга дээрээ бэлэн болсон зуурмагаа тавиад хөлдөөгчинд хийж, 3-4 цаг байлгана. Энэхүү бялууг идэхээс нэг цагийн өмнө хөлдөөгчнөөс хөргөгч рүү шилжүүлээрэй. Үүний дараагаар шинэхэн инжир зүсээд бялуун дээрээ тавьж чимэглэнэ. Бялуугаа идэхээсээ өмнө өтгөн цай чанаж бэлдээд эрүүл мэндэд тустай бялуугаа амтлаарай.

 

 

цааш үзэх