Хайх

Албан ёсоор: Пентагон үл танигдах нисдэг биетийн бичлэгийг нийтэллээ

Албан ёсоор: Пентагон үл танигдах нисдэг биетийн бичлэгийг нийтэллээ

2020 он улам бүр л сонирхолтой болсоор

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ний өдөр Пентагон "агаарын үл танигдах үзэгдэл"-ийг харуулсан гурван бичлэгийг албан ёсоор нийтэллээ. Энэ талаар CNN мэдээллэж байна.

Хэт улаан туяаны камерт маш хурдан хөдөлж буй үл танигдах нисдэг биетүүд бичигдсэн бөгөөд бичлэгийг хийсэн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисгэгчид тухайн биетийн хурдыг гайхан, үгээр тайлбарлахад хэцүү болохыг онцолжээ. "Биднийг ойртох үед тухайн биет өмнө зүг рүү чиглэн хоёроос бага минутын дотор асар хурдацтай алга болсон. Биетийн хөдөлгөөн маш огцом байсан. Яг л хананаас ойж буй ширээний теннисний бөмбөг шиг" хэмээн гурван бичлэгийн нэгийг хийсэн нисгэгч CNN-д ярьжээ.

Бичлэгүүдийн нэгийг нь 2004 оны арваннэгдүгээр сард, хоёрыг нь 2015 оны нэгдүгээр сард хийсэн бөгөөд 2017 онд Пентагоны архиваас алдагдан хэвлэлүүдээр тархаж байсан юм. Тухайн үед АНУ-ын батлан хамгаалах яам тайлбар өгөлгүй өнгөрч байсан хэдий ч өнгөрсөн оны есдүгээр сард бичлэгүүд жинхэнэ болохыг хүлээн зөвшөөрсөн билээ. Харин одоо тэд бичлэгүүдийг албан ёсоор нийтэлж, олон нийтэд хүргэхээр шийдсэн байна.

"Удаан шинжилсний эцэст эдгээр нууцын ангилалд хамрагдаагүй бичлэгүүд нь ямар нэгэн нууц системийг илрүүлэхгүй ба агаарын үл танигдах үзэгдэлтэй холбоотой цэргийн мөрдөн байцаалтад нөлөөлөхгүй болохыг тогтоосон" хэмээн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч албан ёсны мэдэгдэлдээ дурдсан юм.

"Эдгээр үл танигдах биетүүд нь АНУ болон өөр аль ч орны бүртгэлд байхгүй шинж чанаруудыг харуулсан" хэмээн 2007-2012 онуудад идэвхтэй байсан агаарын үл танигдах үзэгдлүүдийг судалдаг нууцын ангилалтай хөтөлбөрийн удирдагч Луи Элизондо 2017 онд CNN-д хуваалцаж байжээ.

 

цааш үзэх