Хайх

Бахархлын сар: ЛГБТК+ нийгэмлэгийн тэмцлийг гэрчлэх түүхэн зурагт хуудаснууд

Бахархлын сар: ЛГБТК+ нийгэмлэгийн тэмцлийг гэрчлэх түүхэн зурагт хуудаснууд

Text: Б.Энххүслэн


Зургаадугаар сард халуун дулаан зуны улиралтай зэрэгцэн Pride month буюу Бахархлын сар айлчлан ирдэг. Энэ үеэр ЛГБТК+ нэгдэл өөрсдийн соёлоороо бахархаж, эрхээ хамгаалах зорилгоор дуу хоолойгоо өргөдөг уламжлалтай. Иймд бидний зүгээс бүх куир хүмүүсийн түүхийн товчоон болсон ONE архивын санд хадгалагддаг зурагт хуудаснуудыг хүргэж байна. График артистуудын уран сэтгэмжид сийлэгдэн зургийн цаасан дээр дүрээ олсон эдгээр бүтээлүүд олон арван жилийн турш эрхийнхээ төлөө хийсэн, одоо ч цуцалгүй үргэлжлүүлсээр буй тэмцлийн гэрч нь болжээ.


Бахархлын сар: ЛГБТК+ нийгэмлэгийн тэмцлийг гэрчлэх түүхэн зурагт хуудаснууд (фото 1)

“Gay is Angry”

Энэхүү бүтээлийг зураач, дизайнер Хуан Карлос болон зохиолч Нестор Латронико нар хамтран 1971 онд бүтээж байжээ. Зурагт хуудсыг өнгөт арьстнууд болон латин үндэстний санаачилж байсан Дэлхийн гуравдугаар гей хувьсгалын үеэр гаргасан цаг тооллын бичгийн нүүр хуудсанд ашигласан түүхтэй.


Бахархлын сар: ЛГБТК+ нийгэмлэгийн тэмцлийг гэрчлэх түүхэн зурагт хуудаснууд (фото 2)

“Have Sex - Go to Jail”

ДОХ-ын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг Лос-Анжелесын ACT UP холбоо тус зурагт хуудсыг ДОХ-ын халдвараар өвчилсөн хүмүүсийг гэмт хэрэгтэнд тооцсоноор гарах үр дагаврыг таниулахаар 1991 онд ашиглаж байсан юм. Мөн тэд энэхүү постероор дамжуулан өнгөт арьстан, латин үндэстэн болон транс хүмүүс рүү чиглэсэн ялгаварлан гадуурхалтын шинжтэй бодлогыг эсэргүүцэх сэдлийг хүмүүст төрүүлэх зорилготой билээ.


Бахархлын сар: ЛГБТК+ нийгэмлэгийн тэмцлийг гэрчлэх түүхэн зурагт хуудаснууд (фото 3)

“Florida Orange Juice”

1977 онд Флорида мужийн баталсан бэлгийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхахыг хориглосон тогтоолыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөж байжээ. Тус хөдөлгөөнийг хомофобик дуучин, Florida Citrus жүржийн шүүсний брэндийн нүүр царай Анита Брайнт удирдаж байсан түүхтэй. Үүний хариуд дизайнер Фрэнк Т. Ветген “Florida orange juice is hazardous to your existence” буюу “Флоридагийн жүржийн шүүс таны оршин тогтнолд аюул дагуулна” гэх бичигтэй постер хийж дуучин бүсгүйн үйлдлийг шүүмжилж, cancel хийхийг уриалж байсан удаатай юм.


Бахархлын сар: ЛГБТК+ нийгэмлэгийн тэмцлийг гэрчлэх түүхэн зурагт хуудаснууд (фото 4)

“Stonewall”

1969 оны зургаадугаар сарын 28. Нью-Йорк хотод байрлах Stonewall inn гей бааранд ЛГБТК+ хүмүүс болон цагдаа нарын хооронд үймээн самуун дэгдэв. Энэ бол цагдаа нарын куир хүмүүс рүү хийж байсан олон довтолгоонуудын нэг төдий байсан ч тэдний эсрэг ЛГБТК+ нэгдлийнхэн нийт зургаан хоногийн турш тууштай эсэргүүцэн, энэ нь эцэстээ Стоунволлын бослого хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ. Үүний ачаар бид одоо зургаадугаар сарыг Бахархлын сар болгон тэмдэглэж байна.

Тэгвэл тус зурагт хуудсыг Лос-Анжелесын куир нийгмийн идэвхтнүүд Стоунволлын бослогыг эргэн сануулахын тулд долоон жилийн дараа буюу 1976 онд бүтээж байжээ. Зурагт “Гей хүмүүст бүрэн эрхийг нь олго, арьс өнгөөр болон хүйсээр ялгаварлан гадуурхалтыг зогсоо, тархай бутархай байдал бол асуудал, эв нэгдэл бол шийдэл” гэх бичвэр дүрслэгджээ.


Бахархлын сар: ЛГБТК+ нийгэмлэгийн тэмцлийг гэрчлэх түүхэн зурагт хуудаснууд (фото 5)

“Calling All Queers”

Энэ бол Queer Nation La нийгмийн идэвхтнүүдийн нэгдэлд зориулан 1991 онд артист Кейт Соренсены бүтээсэн ажил юм. Тухайн үеийн хэвлэлийн стиль шингэсэн, мөн Жанна д’Арк дүрслэгдсэн тус бүтээл нь дизайны хувьд өндрөөр үнэлэгддэг билээ.


Бахархлын сар: ЛГБТК+ нийгэмлэгийн тэмцлийг гэрчлэх түүхэн зурагт хуудаснууд (фото 6)

“Health Care, Not Death Care”

ACT UP буюу ДОХ-ын эсрэг тэмцэх холбооны арт болон график дизайны хэсгийнхний хийсэн энэхүү зурагт хуудсыг ДОХ-оор өвчилсний улмаас Frontera шоронд хоригдож байсан эмэгтэйчүүдийг төлөөлөн урлажээ. Уран бүтээлчид тус шоронгийн хүмүүжигч Мэри Люсигийн түүхээс сэдэл авсан бөгөөд нүд үзүүрлэсэн хандлага нь хоригдож байсан эмэгтэйчүүдийн туулдаг олон арван хүчирхийллийн зөвхөн нэг хэсэг гэдэг нь ил болж байсан юм.


Бахархлын сар: ЛГБТК+ нийгэмлэгийн тэмцлийг гэрчлэх түүхэн зурагт хуудаснууд (фото 7)

“Holy Homophobia”

Робби Конал бол 1980-1990 оны хооронд гудамжны арт төрөлдөө тэргүүлэгчдийн нэгт тооцогддог байв. Тэрээр түлхүү барууны үзэл баримтлалтай улс төрчдийг шог зургийнхаа гол бай болгоно. Энэхүү зураг дээр л гэхэд Хойд Каролинагийн сенатор Жесси Хелмсийн дүрийг буулгасан байх бөгөөд түүний ижил хүйстнүүдийн эсрэг үзлийг ухуулан сурталчилсан үйлдлийг нь шүүмжилжээ.


Бахархлын сар: ЛГБТК+ нийгэмлэгийн тэмцлийг гэрчлэх түүхэн зурагт хуудаснууд (фото 8)

“Stop Anti-Gay/Lesbian Violence”

1982 онд Нью-Йорк хотод аюулд орсон куир хүмүүст туслах албан ёсны утасны үйлчилгээг нэвтрүүлж байжээ. Тус зурагт хуудаснаас ЛГБТК+ нийгэмлэг маш ноцтой түвшний шууд халдлагын аюулд оршин буйг харж болно.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх