Хайх

Black Friday гэж юу вэ?

Black Friday гэж юу вэ?

Text: О.Нандий


Та Black Friday буюу Хар Баасан гарагаар худалдан авалт хийж байсан уу? Манай улсад хар баасан гараг гэх нэршилтэй  хямдрал зарласан сурталчилгаа дэлгэрээд удаагүй тул бид энэ нэршлийн цаана ямар утга учир, түүх байдаг талаар хуваалцахаар шийдлээ.

Тухайн өдрийн нэрийн гарал үүслийг илтгэх тодорхой түүх байхгүй ч ойлгоход туслах хэд хэдэн үйл явдлууд бий. Эхний жишээ нь гэвэл 1950-аад оноос хойш Талархлын баяр нь бүх нийтээрээ амардаг өдөр бөгөөд ажилчид дараалан дөрөв хоног амрахын тулд өвдсөн гэх нэрээр ажил таслах нь элбэг болсныг хар баасан гараг гэж нэрлэж байсан байна. Мөн жил бүрийн энэ өдөр дэлгүүрт гэмт хэрэг их гардагтай холбогдуулан Филадельфи мужийн цагдаа нар хоорондоо энэ өдрийг хар баасан гараг хэмээн нэрийддэг байжээ. Харин 1980-аад оноос хойш худалдаачид жилийнхээ алдагдалтай ажилласан өдрүүдийг улаан өнгөөр, харин хамгийн их орлого олсон өдрүүдээ хараар дэвтэртээ тэмдэглэж байсан нь "хар баасан гараг"-ыг түгээмэл хэллэг болоход нөлөөлсөн байдаг.

Ургац хураах намрын улирал дууссаныг тэмдэглэдэг ургацын баяраас үүсэлтэй Талархлын баяр нь арваннэгдүгээр сарын дөрөв дэх Пүрэв гарагт тохиодог АНУ-ын үндэсний баяр юм. Уг баяраар гэр бүлийнхэнтэйгээ цацагт хяруул идэж, тухайн жилд юунд талархаж буйгаа хуваалцан хайртай хүмүүстэйгээ бэлэг солилцож үдшийг өнгөрөөдөг билээ. Энэхүү баяр дууссаны дараа дэлгүүрүүд онцгой хямдрал зарладаг бөгөөд үүнийг ашиглан иргэд Зул сарын баярын бэлгээ цуглуулдаг байна.

Black Friday гэж юу вэ? (фото 1)

Ингээд Талархлын баярын дараах өдөр тохиох тэрхүү Баасан гарагийг Black Friday гэж нэрлэдэг юм. Дээр дурдсанчлан энэ нэршил нь анх 1950-аад онд дэлгэрсэн боловч сүүлийн 15 жилийн турш дэлхий даяар тархан тогтмол хэрэглэгдэж байгаа билээ.  Тодруулбал 2005 оноос хойш жил бүр Талархлын баярын дараах өдөр нь АНУ-ын дэлгүүрүүдийн хамгийн их худалдан авалт хийгддэг, их ачаалалтай өдөр болсон тул борлуулагч болон худалдааны компаниуд энэ өдөр цочир хямдрал зарладаг. Түүгээр ч барахгүй их дэлгүүрүүд хямдралтай өдрөө өглөөний 06:00 цагт үүдээ нээхэд ард иргэд зуу, зуугаараа дараалан зогссон байдаг бөгөөд жил ирэх тусам энэ эрэлт хэрэгцээ ихэссэний улмаас дэлгүүр нээх цаг урагшилсаар 2011 онд Best Buy, Macy's гэх зарим алдарт их дэлгүүрүүд түүхэнд анх удаа шөнийн 00:00 цагт хаалгаа нээсэн байдаг.

Цаашлаад дэлгүүрээс хүссэн бараагаа хямд үнээр авахыг туйлдаа хүртэл хүссэн иргэд дэлгүүрийн гадаа майхантай хүртэл хонож, дэлгүүр онгойход яаран сандран чихэлдэн орж, тэр бүү хэл худалдан авагчдын дунд зодоон үүсэж, хүчирхийлэл ихэссэн байдаг. Жишээ нь 2006 оноос хойш АНУ-д 12 хүн нас барж, 117 хүн гэмтэж бэртсэн тохиолдол бүртгэгджээ.

Black Friday гэж юу вэ? (фото 2)

21-р зууны эхэн үеэс эхлэн АНУ-ын чинээлэг худалдаачид дэлхийн бусад улс орнуудад "Хар Баасан" гарагийг нэвтрүүлэн худалдаа хийх оролдлогууд хийсэн ба үүнтэй зэрэгцэн хэд хэдэн улс орны дотоодын худалдаачид АНУ-д суурилсан онлайн худалдаа эрхлэгчидтэй өрсөлдөх чадвартай байхын тулд энэ өдрийг дотооддоо сурталчлах болсон байна.

Түүнчлэн Хар баасан гарагаар хөл ихтэй дэлгүүрээс худалдан авалт хийхээс татгалзсан худалдан авагчид Cyber Monday буюу Талархлын баярын дараах даваа гарагт тохиодог онлайн хямдралаар худалдан авалт хийдэг байгаа.

цааш үзэх