Хайх

BURO.-гийн Монгол дахь салбарын ерөнхий редактораар Г.Тэмүүлэн томилогдлоо

BURO.-гийн Монгол дахь салбарын ерөнхий редактораар Г.Тэмүүлэн томилогдлоо

Text: Б.Энххүслэн


Загвар, гоо сайхан, урлаг соёл, энтертайнмент, амьдралын хэв маяг, технологи, спорт, эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл тогтмол хүргэдэг BURO.-гийн Монгол дахь салбарын ерөнхий редакторын албанд Г.Тэмүүлэн томилогдлоо. Тэрээр 2012 онд дизайн болон худалдаа арилжааны Raffles коллежийг дүүргэсэн бөгөөд 2016 онд BURO. Mongolia-д дадлагын ажилтнаар орж гурван сарын дараа жинхлэн амьдралын хэв маяг, урлаг соёл хариуцсан редактор болсон билээ. Г.Тэмүүлэн BURO.-гийн хамт олонд таван жилийн турш байхдаа ахлах редактор хүртлээ дэвшин ажилласан юм. Улмаар хоёр жил завсарласны дараа 2023 оноос эхлэн ерөнхий редакторын үүргийг хүлээн авч ийнхүү BURO.-гийн редакцыг хариуцахаар боллоо.


"Анх BURO.-д ажлын гараагаа дадлагын ажилтнаар эхлүүлж байсан үеэ өчигдөрхөн мэт тод санаж байна. Дадлагын ажилтнаар сонгогдсон гэх мэдээг анх сонсоод өөртөө ч итгэлгүй хагартлаа баярлаж, цаашлаад гурван сар дадлага хийж дуусчхаад редактораар ажиллах санал хүлээн авахдаа гаднаа cool харагдаж байсан ч дотроо бол галт уул дэлбэрэх шиг их эмоци мэдрэн баярын нулимсаа барьж ядаж байснаа нуух юун... Миний хувьд анхнаасаа л энэ салбарт ажиллаж, хамт олныхоо хийсэн үй олон төсөл, бүтээлч ажлуудыг нэгд нэгэнгүй мэдэж байгаа учраас энэ зурвасаа үзэглэхдээ юуны өмнө BURO.-гийн хийж бүтээсэн зүйлс, оруулсан хувь нэмрийг нь цухасхан ч болов дурдахгүй өнгөрч болохгүй мэт санагдлаа. Яг л харвасан сум шиг өнгөрсөн энэ найман жилийн хугацаанд бид дотоодын дизайнерууд, уран бүтээлчдийг цаг үргэлж, тууштай дэмжин ажиллаж Монголын загварын салбар, урлаг соёлын ертөнцөд тасралтгүй хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Мөн тансаг зэрэглэлийн брэндүүдийг дотоодын зах зээлд таниулах зорилгоор бүтээлч зураг авалтууд, тусгай төслүүдийг хийж гүйцэтгэж, арга хэмжээ зохион байгуулж, болж буй үйл явцыг газар дээрээс нь сурвалжлан уншигчдадаа цаг алдалгүй хүргэх зэргээр олон бүтээлч санааг хэрэгжүүлэн ажиллажээ. Энэ бүхэн бидний хийж бүтээсэн ажлуудын багахан хэсэг ч эргээд харахад BURO. үүсгэн байгуулагдсан цагаасаа л үргэлж шинийг сэдэж, дижитал сэтгүүлийн шинэ жишгийг тогтоож, салбартаа шинэ салхи сэвэлзүүлэн бусдадаа ч үлгэрлэж чадсан гэж хувьдаа дүгнэж байна.

Цаашид ч бид уламжлал ёсоороо уншигчдадаа дэлхийн чиг хандлага, шинэ соргог мэдээллийг цаг алдалгүй хүргэж, эрүүл амьдралын хэв маягийг түгээж, хүнд хэрэгцээтэй, эерэг, чанартай контентуудаар та бүхнийг цэнэглэсээр байна гэдэгт итгээрэй. Түүнчлэн оюун санаанаасаа ундран гарч буй бүтээлч санаануудаа хэрэгжүүлэн, шинэлэг төслүүдээ танилцуулж, салбар, салбарт уран бүтээлээ туурвиж буй монгол уран бүтээлчдээ онцолж, гайхалтай хүмүүсийн хосгүй түүхүүдийг уншигчидтайгаа хуваалцсаар байх болно" хэмээн Г.Тэмүүлэн BURO. Mongolia-г цаашид аль чиглэлд хөгжүүлэн авч явах талаар хуваалцсан юм.


BURO. бол олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг дижитал сэтгүүл билээ. Монголын салбарын хувьд 2015 онд үүд хаалгаа нээж, өдгөө дэлхийд болон дотоодод өрнөж буй хамгийн сүүлийн үеийн дижитал контентоор уншигч, үзэгчдээ цэнэглэсээр байна. Бид бүтээлч салбарт ажиллаж буй монгол уран бүтээлчдээ олон нийтэд таниулах гүүр болон дэмжиж ажиллахыг урьтал болгодог. Та бидний албан ёсны buro247.mn вэбсайтаас загварын долоо хоногуудаар аялж, стилистийн зөвлөгөө авч, урлаг соёлын мэлмийгээ нээх боломжтой. “Хиймэл оюун ухааны хөгжлөөр сонин юутай вэ? Соёлын өв үү, хуучирч муудсан барилга уу? Харри Стайлсын тоглолтыг яаж үзэх үү? Шинэ үеийнхэн хэнээс үлгэр дуурайлал аваад байна?” гэх зэрэг хөнгөн, хүнд бүхий л эргэлзээг тань бид тайлж чадна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх