Хайх

Энэ хавар болох Бруклин Бекхэм, Никола Пельтц нарын хуримын талаар бид юу мэдэх вэ?

Энэ хавар болох Бруклин Бекхэм, Никола Пельтц нарын хуримын талаар бид юу мэдэх вэ?

2022 оны хамгийн гол үйл явдлуудын нэг

Text: Buro.Mongolia


2020 оны долдугаар сард Дэвид болон Виктория Бекхэм нарын ууган хүү Бруклин Бекхэм найз бүсгүй Никола Пельтцэд гэрлэх санал тавьж, сүйн бөгж бэлэглэсэн билээ. Энэхүү баярт үйл явдлын талаар залуу хосууд өөрсдийн Instagram хуудаснаа хуваалцаж, дагагчдаа баярлуулаад авсан юм. People сэтгүүлийн мэдээллэснээр Бруклин сүйт бүсгүйдээ 150-200 мянган ам. долларын үнэтэй 4,5-5 карат алмазан бөгж бэлэглэжээ. Тэд хуримын ёслолоо өнгөрөгч оны есдүгээр сард хийхээр товлож байсан ч цар тахлын улмаас хойшлуулах шаардлагад хүрсэн байна. Олон улсын хэвлэлүүдийн таамаглаж буйгаар залуу хосууд нижгэр найр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд тус арга хэмжээ нь 2022 оны хамгийн гол үйл явдлуудын нэг болох гэнэ. 

Хэзээ

Өдгөө дөрвөн жилийн турш хамт байсан залуу хосууд энэ оны дөрөвдүгээр сарын 9-ны өдөр хуримын ёслолоо хийхээр болжээ.

Хаана

Томоохон хэвлэлүүдийн мэдээллэж буйгаар хуримын ёслол Флорида мужийн Палм Бич дэх сүйт бүсгүйн аавын харшид болж өнгөрөх гэнэ. Энэхүү 76 сая ам.долларын үнэтэй харшид нийт 27 унтлагын өрөө байрладаг ба үүнээс харахад хосуудын хуримын ёслолд олон зочид хүрэлцэн ирж, маш том хэмжээний ёслол болох магадлалтай байгаа юм. Сүйт бүсгүйн аав, бизнес эрхлэгч, тэрбумтан Нельсон Пельтц хуримын бүх зардлыг гаргахаар болсон байна.

Энэ хавар болох Бруклин Бекхэм, Никола Пельтц нарын хуримын талаар бид юу мэдэх вэ? (фото 1)

Сүйт бүсгүйн хуримын даашинз

Хэдий Никола дизайнер Виктория Бекхэмийн хүүтэй гэрлэх гэж байгаа гэлээ ч дизайнер түүний хуримын даашинзыг бүтээхэд гар бие оролцохгүй бололтой. Elle сэтгүүлийн дурдсанаар Никола хуримандаа Valentino брэндийн даруу загвартай атлаа дэгжин даашинз өмсөхөөр болсон байна. Мөн тэрээр саяхан өөрийн хувийн стилист болох Лесли Фремарын хамт хэд, хэдэн удаа Ром хотыг зорьж биеийн хэмжээсээ өгсөн гэнэ. Гэхдээ хэвлэлүүдийн онцолж буйгаар олон бүсгүйчүүдийн адил Никола ёслолын үер ганц биш, харин олон гоёмсог өмсгөл солих магадлалтай тул тэр дунд Victoria Beckham брэндийн загвар ч байж болзошгүй юм. Сонирхуулахад, сүй тавьснаа тэмдэглэж хосууд нэгэн аз жаргал бялхсан зураг авалт хийсэн бөгөөд тэрхүү зураг авалтад сүйт бүсгүй Викториягийн урласан шаргал даашинзаар төрхөө бүрдүүлсэн билээ.

Ёслолын зочид

Бид ёслолд уригдсан зочдын жагсаалтыг бүтнээр нь мэдэж байсан ч бүгдийг нь нэрлэж чадахгүй байсан байх. Учир нь Бруклин болон Никола нарын хуримын ёслолд хэдэн зуун хүн уригдсан байх өндөр магадлалтай байгаа юм. Гэхдээ олон мэдээллийн вебсайтуудын дурдсанаар сүйт бүсгүйн сайн найзууд болох Жижи Хадид, Николь Ричи нар ёслолд ирэх нь тодорхой байгаа юм. Мөн рэпер Snoop Dogg хуримын ёслол дээр уран бүтээлээ толилуулах болсон нь батлагдсан төдийгүй Бруклины загалмайлсан эцэг болох нэрт дуучин Элтон Жон ёслолд оролцох магадлалтай байна. Сонирхолтой нь, ёслолыг сурвалжлах тусгай эрх зөвхөн Vogue сэтгүүлд олгогдсон бөгөөд зочдод ёслолтой хамааралтай зураг, бичлэг нийтлэхийг хоригложээ.

Энэ хавар болох Бруклин Бекхэм, Никола Пельтц нарын хуримын талаар бид юу мэдэх вэ? (фото 2)

Хуримын бялуу

Ёслолын гол элемент болох амтат бялууны харагдах байдал, мөн амт зэрэг деталиуд одоогоор тодорхой бус байгаа билээ. Гэсэн хэдий ч хосууд өөрсдийн Instagram хуудаснаа бялуугаа сонгож, амталгаа хийж байх үеийн зургуудаас хуваалцсан ба тэд сонголтоо зөв хийж чадсан гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх