Хайх

Жонни Депп болон Эмбер Херд нарын шүүх хурлын тойм

Жонни Депп болон Эмбер Херд нарын шүүх хурлын тойм

Шинэ баримтууд, #Mepoo хэштагийн утга болон мэдвэл зохих бусад чухал зүйлс

Text: Buro.Mongolia


Тус шүүх хуралдаан нийт зургаан долоо хоногийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа талаар бид мэдээлсэн билээ. Иймд онцлох үйл явдал болон мэдүүлгүүд нэмэгдэхэд нийтлэлийн эхний хэсэгт шинэчлэгдэн орж байх болно.


Эмбер Херд анх удаа шүүхийн өмнө мэдүүлэг өглөө

2022 оны тавдугаар сарын 4

Дөрөв дэх долоо хоногтоо өрнөж буй уг шүүх хурлын үйл явц хариуцагч талын буюу жүжигчин Эмбер Хердийн өмгөөллийн багийн мэдүүлгүүдээр үргэлжилж байна. Эхний гурван долоо хоногийн турш Жонни Деппийн багийнхны мэдүүлгийн үеэр чимээгүй суух үүрэгтэй байсан Эмбер Херд өнөөдөр “амьдралынх нь хамгийн хэцүү мөчөө хэдэн долоо хоногийн турш эргэн санаж өнгөрөөх үнэхээр хүнд байна” хэмээн мэдүүлгээ эхэллээ.

Тэрээр хамгийн анх Жонни Депп өөрт нь гар хүрсэн үйл явдлыг шүүхийн өмнө мэдүүлсэн байна. Жоннигийн арилах шахсан шивээс дээр ямар бичиг байгааг Эмбер асуухад “Вайно” гэж хариулахад нь тоглоом хийж байна хэмээн тэрээр ойлгоод инээсэн гэнэ. Эмберийн хэлж байгаагаар, тэр үед Жонни түүнийг нүүрэн тус газар алгадан, “Чамд тийм хөгжилтэй санагдаж байна уу, өл***ин минь” хэмээн орилоод ахин хоёр удаа алгадсан гэжээ. Харин Жоннигийн хувьд хэзээ ч Эмберт гар хүрч байгаагүй хэмээн мэдүүлээд байгаа юм. “Вайно” гэсэн шивээсний хувьд түүний хуучин найз охин Вайнона Райдерийн нэр бөгөөд ийм маргаан огт болоогүй хэмээсэн билээ.

Тэдний гэрлэлтээс өмнө буюу 2013 онд мөн Жонни уурлан, Эмберийн даашинз, дотуур хувцсыг урж таслан түүний биеэс кокайн хайж байсан талаар мөн дурсжээ. Уг үйл явдлын талаар өмнө нь Эмберийн сэтгэл зүйч Доун Хаггис энэ үеэс хойш Эмберийг гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD)-ээр өвчилсөн хэмээн мэдүүлээд байсан юм. Тэрээр Жонниг согтуу, эсвэл мансуурсан үедээ аймшигтай хүчирхийлэгч болдог байсан талаар мөн дурдаад байна.


Тус шүүх хурал нь өнгөрөгч дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс эхэлсэн бөгөөд нийт зургаан долоо хоног орчим үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Мөн Жонни болон Эмбер нарын бие биеийнхээ эсрэг гаргасан нэхэмжлэлийг долоон хүний ​​шүүгчдийн бүрэлдэхүүнтэй шүүх хэлэлцэх болно. Хоёр тал эхнэр нөхөр байх хугацаандаа нэг нэгнийхээ хүчирхийлэлд өртсөн талаар мэдэгдсэн бөгөөд хоёул бие биеэ нэр хүндэд нь халдсан гэж буруутгаж байна. Шүүх хурал дээр дэлгэгдсэн шинэ баримт, нотолгоонуудыг тоймлон хүргэхээс өмнө Жонни болон Эмбер нарын дунд болсон маргааныг он цагийн дарааллаар тайлбарлалаа.

 

 


 

 

Тэдний хоорондох маргааны он цагийн хэлхээс

Жонни Депп болон Эмбер Херд нарын шүүх хурлын тойм (фото 1)

2015-2016 он

Жонни болон Эмбер нар 2015 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд үүнээс нэг жилийн дараа Эмбер нөхрөө гэр бүлийн хүчирхийлэлд буруутгаж, салах өргөдөл гаргасан билээ. Жонни хүчирхийллийн бүх мэдэгдлийг няцаасан. Хэвлэлүүдийн мэдээллэж буйгаар тэд шүүх хуралгүйгээр хоорондоо тохиролцож, Жонни Эмберт долоон сая ам.доллар төлсөн байна. Эмбер энэхүү мөнгийг буяны үйлсэд хандивлахаа амлажээ. 

2018 он

2018 онд Эмбер “The Washington Post” сонинд “хоёр жилийн өмнө би гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон” гэсэн агуулга бүхий нийтлэл бичсэн. Хэдий тэрээр Жоннигийн нэрийг дурдаагүй ч энэхүү нийтлэл нь Жоннигийн нэр хүндийг унагасан билээ.

2019 он

Жонни Эмберийн мэдэгдлийг эсэргүүцэж, өөрийг нь гүтгэсэн хэргээр түүнээс 50 сая ам.доллар нэхэмжилж, шүүхээр шийдүүлэхээр болсон билээ. Тэрээр мөн Эмберийг хүчирхийлэгч байсан талаар мэдэгдсэн юм.

2020 он

Эмбер зөрүүлээд Жонниг шүүхэд өгч, түүнээс 100 сая ам.доллар нэхэмжилжээ. Тэрээр Жонниг нэр хүндэд нь халдсан хэргээр буруутгасан юм. 

2020 онд мөн Жонни нэр хүндэд нь халдаж, худал мэдээлэл нийтэлсэн гэх үндэслэлээр "The Sun" сэтгүүлийг Их Британийн шүүхэд өгсөн. Тодруулбал, тухайн үеэс хоёр жилийн өмнө буюу 2018 онд “The Sun” сонины сэтгүүлч Дэн Вуттон “Эхнэрээ зоддог хүн” гэсэн гарчигтай Жонни Деппийн тухай нийтлэл гаргаж байжээ. Тухайн хэргийн шүүх хурал дээр Эмбер мөн шүүхийн өмнө гэрчээр мэдүүлэг өгч байсан. Энэхүү шүүгчдийн бүрэлдэхүүнгүй шүүх хурлын шийдвэрээр Жонни ялагдал хүлээсэн юм. Үүний дараагаар Жонни “Fantastic Beasts” франчайз кинонд үргэлжлүүлэн дүр бүтээх боломжгүй байдалд хүрч, cancel culture буюу олон нийтээрээ эсэргүүцэх хөдөлгөөний хохирогч болсон гэдгээ мэдэгдэж байсан.

 


 

Шүүх хурал дээрх талуудын байр суурь

Жонни Депп болон Эмбер Херд нарын шүүх хурлын тойм (фото 2)

Жонни Депп

Жоннигийн өмгөөлөгчид Эмберийн мэдүүлгүүд, гүтгэлэг ямар ч үндэслэлгүй бөгөөд “Жоннигийн карьер болон нэр хүндийг нь бүр мөсөн үгүй хийх нарийн тооцоололтой төлөвлөгөөний нэг хэсэг” хэмээн мэдэгджээ. Шүүх хурлын үеэр Жонни хэзээ ч Эмбер болон өөр эмэгтэйг цохиж байгаагүй талаар мэдэгдсэн. Мөн тэрээр энэ удаагийн шүүх хурлаар “үнэнийг илрүүлэх болно” хэмээн хэлсэн байна.

Одоогоор Жоннигийн эгч (мөн түүний хувийн менежерээр давхар ажилладаг) болох Кристи Дембровски, багын найз Айзак Баруч, Eastern Columbia Building-ийн ерөнхий менежер Брэндон Паттерсон, Жонни Депптэй 30 гаруй жил хамт ажилласан дуу бичлэгийн найруулагч Кинан Уайтатт, Эмберийн хуучин туслах Кэйт Жеймс, хосуудын сэтгэл зүйч байсан Лорел Андерсон, Жоннид архины хамаарлынх нь эсрэг эмчилгээ хийдэг байсан эмч Дэвид Киппер нараас мэдүүлэг аваад байна. Хуучин хосуудын гэр бүлийн сэтгэл зүйч тэднийг бие биеэ адил доромжилдог байсан талаар мэдэгдсэн бол бусад гэрчүүд Жоннигийн зүгээс огтхон ч хүчирхийллийн шинж тэмдэг мэдрэгдээгүй гэж хэлсэн юм. Мөн тэд Эмбер Жоннид маш түрэмгий, хэрцгий ханддаг байсныг дурсаж, хэрүүл, зодооныг ихэвчлэн Эмбер эхлүүлдэг байсан талаар мэдэгджээ.

Эмбер Херд

Бүсгүйн өмгөөлөгчид Жонни түүнийг доромжилж, зодсоныг нотлохын тулд олон баримт нотолгоо ашиглахаар төлөвлөж байгаа гэнэ. Эмберийн удаа дараалан мэдэгдсэнээр Жонни гэрлэлтээ батлуулснаас хойш хэрцгий, хар тамхины донтолттой дарангуйлагч болсон байна. Эмберийн гэрчүүдийн дунд түүний хуучин найз залуу Илон Маск болон Жоннитой маргалдсаны дараа бие нь хөх няц болсон байдалтай нь харсан талаар мэдэгдэж байсан жүжигчин Жеймс Франко нар байх юм.

 


 

Шинэ баримтууд

Жонни Депп болон Эмбер Херд нарын шүүх хурлын тойм (фото 3)

Шүүх хурлын явцад Жонни, Эмбер нарын хувийн амьдралтай холбоотой гэрэл зураг, бичлэг, аудио бичлэг болон мессежнүүдийг дэлгэсэн байна.

Жоннигийн найзууд руугаа бичиж байсан мессежүүд

Жонни найзууддаа эхнэрээ алахыг хүсэж буй утгатай мессеж бичиж байжээ. Тэрээр Эмберийг доромжилсон үг хэллэг агуулсан мессежүүд бичиж байснаа хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн явцад Жонни тэдгээр мессежүүдийнхээ төлөө уучлалт гуйсан юм. Тэрээр энэ нь зүгээр “хар хошигнол” байсан гэж хэлжээ.

Эмберийн хүч хэрэглэн хүчирхийлэл үйлдсэнийг нотлох аудио бичлэг

Жонни шүүх хурлын явцад Эмберийг түрэмгийлэгч байсан талаар мэдэгдсэн бөгөөд тэрээр үргэлж хэрүүл, маргааныг эхлүүлдэг байсан гэжээ. Тэдний маргалдаж буй аудио бичлэг дээр Жонни Эмберийг зодоон эхлүүлсэн гэж буруутгасан бөгөөд Эмбер хариуд нь “Би чамайг хүчтэйхэн алгадаагүй дээ харамсаж байна. Гэхдээ би зүгээр гараараа цохисон шүү дээ. Нударгаараа биш” хэмээжээ.

Жоннигийн гэмтэл авсан гарын хурууны тухайд

Өмнө нь Эмбер Жонниг өөр лүү нь дайрч, өөрөө хуруугаа гэмтээж, Эмберийг айлгасан талаар мэдэгдэж байжээ. Тэгвэл сая шүүх хуурлын үеэр Жонни мэдэгдэл хийж үнэн хэрэгтээ тэрээр гэрлэлтийн гэрээ байгуулахыг хүссэний улмаас Эмбер түүн рүү хоёр архины шил шидэж, улмаар нэг нь хурууны үзүүрийг гэмтээсэн талаар ярьсан байна. Мөн тэрээр гэмтэл авсны дараа өөрийн цус болон будаг ашиглан ханан дээр Эмберт зориулсан зүйлс бичиж үлдээж байснаа хүлээн зөвшөөрчээ. Тэрээр “Мэдрэлийн хямрал гэж юу байдгийг мэдэхгүй ч тэр үед би үүнд их ойр байсан байх” хэмээн энэхүү үйлдлээ тайлбарласан юм. Шүүх хурлын явцад Жонни мөн тухайн хэрэг болсон өдөр Эмбер түүний нүүрэн дээр ассан тамхи унтраасан болохыг санан мэдэгдсэн билээ.

Эмбер Жоннигийн орон дээр хүндэрсэн тухайд

Өмнө нь хэвлэлүүд Эмбер Жоннигийн орон дээр ялгадсаа үлдээгээд явсан талаар мэдээллэж байсан. Жоннигийн мэдэгдсэнээр тэрээр Эмберийг Coachella хөгжмийн наадам руу явсны дараа хувийн эд зүйлсээ авахын тулд хамт амьдардаг байсан байшинд очиход орон дээр нь, Жоннигийн унтдаг тал дээр Эмберийн ялгадас байсан гэж шүүх хурлын үер мэдэгджээ. Жонни “Энэ бол итгэмээргүй, бүдүүлэг, харгис хэрцгий үйлдэл байсан” хэмээсэн юм. 

 


 

Сошиал ертөнц ямар хандлагатай байна?

Жонни Депп болон Эмбер Херд нарын шүүх хурлын тойм (фото 4)

Хэрэв 2016 онд Эмбер нөхрөө гэр бүлийн хүчирхийлэлд анх буруутгахад олон нийт Жонниг шүүмжилж, Эмберийн талд орж байсан бол тэдний хооронд өрнөсөн үйл явдлуудын талаарх шинэ баримт, мэдээллүүд гарч ирэх тусам хүмүүс Жоннигийн нэрийг цагаатгахыг шаардаж эхэлсэн. 2020 онд тэдний яриаг бичиж авсан аудио бичлэг цацагдсаны дараа интернет сүлжээгээр #JusticeForJohnnyDepp гэх хэштаг өргөн тархсан билээ. Тухайн үеэс хойш маш олон интернет хэрэглэгчид Эмберийг худал хуурмаг мэдээлэл тарааж, Жонниг гүтгэн хэлмэгдүүлж байгаа талаар бичиж эхэлсэн юм. Шинэ шүүх хурал эхэлсэнтэй холбогдуулан сошиал хэрэглэгчдийн дунд Жонни Деппиг дэмжиж буй хүчтэй давлагаа үүсээд байгаа бөгөөд ихэнх нь энэ удаад Жоннид шүүх хурлыг ялах маш том боломж байна хэмээн үзэцгээж байна.

Түүнчлэн олон нийтийн сүлжээгээр #AmberHeardIsOverParty болон #Mepoo гэх нэртэй хэштагүүд тархаж, олны анхаарлыг татаад байгаа юм. #Mepoo хэштагийг MeToo хөдөлгөөнөөс санаа аван нэрлэсэн байна. MeToo нь бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэн, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн гаргасан өргөн цар хүрээг хамарсан хөдөлгөөн бөгөөд Эмбер Жоннигийн эсрэг хүчирхийлэл үйлдээд зогсохгүй орон дээр нь ялгадсаа үлдээснийг нь ёжлон интернет хэрэглэгчид ийнхүү шинэ хувилбар бий болгожээ. Үүгээр ч зогсохгүй Жонниг дэмжсэн утгатай meme зургууд, бичлэгүүд мөн сошиал ертөнцөөр тархсаар байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх