Хаврын улиралд бие махбодыг тэтгэх энгийн шийдлүүд
Хаврын улирал айлчлан ирэхтэй зэрэгцэн байгаль, эх дэлхий сэргэдэг ч хүний бие махбод эсрэгээрээ ядарч, сульдах мэдрэмж төрөх нь элбэг байдаг. Өдрийн гэрэл, температур, хөдөлгөөний түвшин нэмэгдэхийн хэрээр бодисын солилцоо, шим тэжээлийн хэрэгцээ өөрчлөгдөж, бие шинэ хэмнэлд дасан зохицох шаардлагатай болдог. Үүний зэрэгцээ намар, өвлийн турш хүний дархлааны систем ачаалалтай байж, витамины дутагдалд орох нь элбэг байдаг. Мөн өвлийн цагт жимс, хүнсний ногоо удаан хадгалалтын улмаас шим тэжээлээ алдсан байдаг нь хаврын ядаргааг улам нэмэгдүүлдэг. Тиймээс энэ үед хооллолтоо бага зэрэг өөрчилж, амин дэм, уургаар баялаг хоол хүнс хэрэглэх нь хамгийн чухал байдаг. Харин үүнийг бид юугаар, хэрхэн нөхөх вэ?
В төрлийн витаминууд

Энэ бүлгийн витаминууд нь мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг хэвийн болгож, стресс болон сэтгэлзүйн тэнцвэртэй байдлыг хадгалахад тусалдаг. Мөн биеийн дархлааг дэмжиж, хамгийн чухал нь бидний идэж буй хоол хүнснээс шим тэжээлийг үр дүнтэй гарган авахад чухал нөлөө үзүүлдэг.
Ямар хүнсний бүтээгдэхүүнээс авах вэ: өндөг, бүхэл үрийн бүтээгдэхүүн, элэг, сүү, тараг, ногоон өнгийн навчит ногоо, хүрэн манжин.
Витамин D

Витамин D нь нарны гэрлийн нөлөөгөөр хүний биед нийлэгждэг. Хэдийгээр хавар нар илүү тусч эхэлдэг ч манай өргөрөгт витамин D-г хоол хүнс эсвэл нэмэлтээр нөхөх шаардлага хэвээр байдаг. Уг витамин нь дархлааны тогтолцоонд чухал нөлөө үзүүлдэг бөгөөд дутагдвал олон эмгэгүүдийн үндсэн шалтгаан болж болдог. Сүүлийн үеийн олон судалгаагаар витамин D-ийн дутагдлыг серотонины ялгаралттай холбоотойгоор улирлын сэтгэл гутралтай ч холбон тайлбарлах болсон.
Ямар хүнсний бүтээгдэхүүнээс авах вэ: тослог загас (яргай, май, сардин), үнээний сүүгээр хийсэн бүтээгдэхүүнүүд болон өндөгний шар уураг.
Магни

Магни булчингийн тогтолцоонд зайлшгүй хэрэгтэй бөгөөд булчингийн агшилт, сулралыг зохицуулдаг. Мөн мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж, тархинд дохио дамжуулдаг нейротрансмиттерүүдийг зохицуулахад тусалдаг. The University of Vermont-ийн судалгаагаар магни хэрэглэх нь хөнгөн хэлбэрийн сэтгэл гутралын шинж тэмдгийг бууруулахад үр дүнтэй болохыг тогтоосон билээ.
Ямар хүнсний бүтээгдэхүүнээс авах вэ: ногоон навчит ногоо (бууцай, брокколи), үр тариа, самар, гурвалжин будаа, какао.
Төмөр

Төмөр нь хүчилтөрөгчийг хүний биеийн бүх эд эрхтэн, эсүүдэд зөөвөрлөн түгээх чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүчилтөрөгчийн дутагдалд орох үед бидэнд ядарч сульдах, нойрмоглох, идэвхгүй болох мэдрэмж төрдөг. Мөн төмрийг илүү сайн шимэгдүүлэхийн тулд витамин C-ээр баялаг хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх нь зүйтэй (жишээлбэл, гурвалжин будаа брокколийг хамт хэрэглэх нь маш сайн хослол болж өгнө).
Ямар хүнсний бүтээгдэхүүнээс авах вэ: элэг болон мах, гурвалжин будаа, бууцай, брокколи, буурцагт ургамлууд.
Ко-энзим Q10

Ко-энзим Q10 нь хүний биеийн бүх эсэд агуулагддаг ба, энерги үйлдвэрлэхэд оролцдог чухал фермент юм. Хүний бие өөрөө нийлэгжүүлэх чадвартай ч нас ахихын хэрээр байх ёстой хэмжээ нь багасдаг. Мөн стресс болон витамин B6-ийн дутагдал нь энэ үйл явцыг сааруулж, улмаар ядарч сульдах мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Ко-энзим Q10-ийн дутагдал зөвхөн эрч хүчийг бууруулаад зогсохгүй арьсны бүрэн бүтэн байдалд нөлөөлж, биднийг илүү гундуу харагдуулдаг.
Ямар хүнсний бүтээгдэхүүнээс авах вэ: мах, жүрж болон гүзээлзгэнэ, тослог загас, бууцай, цэцэгт байцаа, брокколи.