Хайх

Шинэ жилийн үдэшлэгийг хөгжилтэй болгох 8 зугаатай тоглоом

Шинэ жилийн үдэшлэгийг хөгжилтэй болгох 8 зугаатай тоглоом

Тэмдэглээд аваарай!

Text: Г.Тэмүүлэн


Шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах үүрэг хүлээсэн, эсвэл зүгээр л хэн нэгний үдэшлэгт уригдсан ч байсан хамаагүй та үдэшлэгт очихдоо ямар нэгэн хөгжилтэй зүйл сэдэж, хамт олны уур амьсгалыг илүү сонирхолтой болгохыг хичээх хэрэгтэй. Үдэшлэгийн улирал эхэлснийг тохиолдуулан бид энгийн атлаа хөгжилтэй, хаана ч тоглох боломжтой, хүн бүхэнд таалагдах тоглоомуудыг бэлдлээ. Танд хэзээ нэгэн цагт хэрэг болж магадгүй тул тэмдэглээд аваарай.

Шинэ жилийн кино үзэж /уух тоглоом

Шинэ жилийн үдэшлэгийг хөгжилтэй болгох 8 зугаатай тоглоом (фото 1)

Магадгүй энэ бол хамгийн амархан үдэшлэгийн тоглоом байх. Тоглоомыг эхлүүлэхийн тулд ямар нэгэн шинэ жилийн сэдэвтэй кино сонгоно. Үүний дараа кинонд гарах ямар нэгэн үг хэллэг, үйл явдлыг сонгож, дэлгэцэд гарахыг нь анхааралтай ажиглаарай. Жишээ нь Уилл Ферреллийн "Elf" кинонд "Эльф" гэж хэлэх бүрт эсвэл "Гэртээ ганцаараа" кинонд Кевин Маккаллистерын ээж "Кевин" гэж орилох бүрт хундагатай оргилуун дарснаасаа балгана.

"Монита" буюу бэлэг солилцох тоглоом

Найзууд ба хамт олны дунд дэлгэрсэн энэхүү тоглоомыг мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ. Хүмүүсийн нэрийг жижиг цаасан дээр бичиж саванд хийх бөгөөд хүн бүр нэг нэр сугалж аван сонгосон хүндээ бэлэг өгнө. Хамгийн гол нь сонгосон хүнийхээ нэрийг нууцлах нь тоглоомыг улам бүр сэтгэл догдлом болгоно. Мөн бэлэг худалдаж авах мөнгөн дүнгээ (Жишээ нь 50,000 төгрөгөөс хэтрэхгүй) эртнээс тогтоох нь шударга байх болно.

Үнэн ба худлыг таах

Шинэ жилийн үдэшлэгийг хөгжилтэй болгох 8 зугаатай тоглоом (фото 2)

Та өөрийнхөө тухай гурван баримт хэлэх ёстой. Үүнээс хоёр нь үнэн бол нэг нь худал байх хэрэгтэй бөгөөд зочид аль нь жинхэнэ, аль нь зохиомол болохыг таах дүрэмтэй. Баярын уур амьсгал оруулахын тулд шинэ жилтэй холбогдолтой түүхүүд ярихыг зөвлөж байна. Жишээ нь та хэн нэгнээс хүлээн авч байсан хамгийн хачирхалтай бэлэгнүүдийнхээ талаар ярьж болох л юм.

Зул сарын/шинэ жилийн дуу дуулах челленж

Үдэшлэгийн зочид тойрог болон сууж, шинэ жилийн сэдэвтэй дуу сонгоно. Эхний хүн дууны нэгдүгээр бадгийг дуулж эхлэн, дараагийн хүндээ шилжүүлэхэд тоглогч үргэлжлүүлэн дуулна. Тоглоомыг амархан болгохын тулд "Jingle Bells", "All I Want For Christmas Is You" зэрэг хүн бүхний мэддэг дуу сонгоорой. Харин үгээ мартаж, дууг тасалдуулсан хүн шийтгүүлэх болно!

"Би хэн бэ?"

Шинэ жилийн үдэшлэгийг хөгжилтэй болгох 8 зугаатай тоглоом (фото 3)

Тоглоомын оролцогчид алдартай хүмүүсийн нэртэй нэг, нэг цаас сугалан авч, өөрөө харалгүйгээр духан дээрээ наана. Оролцогч бүр өөрийн духан дээр байгаа хүний нэрийг таахын тулд тухайн хүний талаар бусдаас янз бүрийн асуулт асууна. Харин бусад оролцогч нар зөвхөн "Тийм" ба "Үгүй" гэсэн хариулт л өгнө. Хамгийн түрүүлж өөрийн цаасан дээрх хүний нэрийг таасан тоглогч хожно. Мөн "Heads Up!" нэртэй апп гар утсандаа татан авч тоглох ч боломжтой.

Нууцаар стикер наах

Багц стикер худалдан аваад үдэшлэгийн зочин бүрт 10 орчим стикер өгнө. Тоглогч нар үдэшлэгийн үеэр бусдадаа мэдэгдэлгүй бие дээр нь нууцаар стикерээ наах ёстой. Хэрэв та хэн нэгэн дээр стикер нааж байгаад баригдвал өөрөө стикер наалгах хэрэгтэй болно. Үдшийн төгсгөлд хамгийн олон стикер нааж чадсан, хамгийн олон стикер наалгасан хүнийг шалгаруулна.

Үг дамжуулах

Шинэ жилийн үдэшлэгийг хөгжилтэй болгох 8 зугаатай тоглоом (фото 4)

Хүүхэд байхдаа байрныхаа найзуудтай хамт "Үг дамжуулж" тоглодог байснаа санаж байна уу? Энэхүү тоглоомыг үүнтэй яг адил дүрмээр тоглоно. Оролцогчид тойрог эсвэл нэг эгнээ болон суух бөгөөд эхний хүн дэргэдээ сууж буй хүнд нэг үг шивнэж хэлэхэд тухайн тоглогч дараагийн хүнд өөрийн сонссон үгийг дамжуулна (давтаж хэлэхгүй!). Эцэст нь таны хэлсэн үг юу болж хувирсныг олж мэдэхэд үнэхээр зугаатай байх болно шүү. Тоглоомыг бүр хэцүү болгохыг хүсвэл хөгжим тавиад үзээрэй.

Камер дамжуулах

Гар утасныхаа камерыг асаан, 10 секундийн дараа автоматаар зураг дардаг тохиргоон дээр тавин, хоорондоо утсаа дамжуулна (селфи биш, энгийн зураг авдаг горим байсан нь дээр). Утас авсан хүн бүр маш богино хугацаанд нэг поз авна. Хөгжилтэй нь таны тооцоолсон позтой зураг гарахгүй л болов уу. Ямартаа ч тоглоомын эцэст зургуудаа харан хөгжилдөж болно гэдэгт итгээрэй.

цааш үзэх