Хайх

Батлагдсан: Удаан алхаатай хүмүүс хурдан хөгширдөг

Батлагдсан: Удаан алхаатай хүмүүс хурдан хөгширдөг

Шинэ судалгаа

Text: Бюро 24/7


Зураг:

Хүнийг хэр хурдтай алхаж байгаагаар нь эрүүл мэндийнх нь байдлыг тодорхойлж болдгийг та мэдэх үү? Тодруулбал олон улсын эрдэмтэд 40-өөс дээш насны хүмүүсийн алхааны хурд хөгшрөлтийн үйл явц, эрүүл мэндийн байдлыг нь тодорхойлж чаддаг болохыг судалгаагаар баталжээ.

Эрдэмтэд 1970-аад онд төрсөн, Шинэ Зеландын 1,000 иргэний дунд судалгаа явуулсан байна. Нийт 40 жилийн турш үргэлжилсэн энэхүү туршилтын явцад судлаачид тэдгээр хүмүүсийг бараг бүхэл амьдралынх нь туршид ажиглаж биеийн ерөнхий эрүүл мэндийн байдал болон тархины үйл ажиллагааг нь хянажээ. Судалгааны үр дүнд удаан алхаатай хүмүүс 45 нас хүрэхдээ бие физиологи болон сэтгэхүйн хувьд наснаасаа эрт хөгширсөн байсан нь батлагдсан байна. Жишээ нь үе тэнгийн хүмүүстэй нь харьцуулахад тэдэнд гүн үрчлээс үүсэж, тархиных нь хэмжээ багасаж, шүд, уушгины эд эс болон дархлааны систем нь муудсан байжээ.

Түүнчлэн эрдэмтдийн онцолж буйгаар сэтгэн бодох болон хэл ярианы чадвар муутай, удаан хөдөлгөөнтэй хүүхдүүдэд ихэвчлэн удаан алхах хандлага ажиглагдаж байжээ.

"Удаан алхаа нь тухайн хүнийг өтлөхөөс нь өмнө эрүүл мэндийн асуудлуудыг нь илтгэдэг болохыг манай судалгаа баталсан" гэж Лондонгийн хатан хааны коллеж ба АНУ-ын Дьюкийн их сургуулийн профессор Тэрри Моффит мэдэгдсэн байна.

Мөн залуу насандаа алхалтын хурдаа хэмжиж, амьдралын хэв маягаа өөрчилснөөр наснаасаа эрт хөгшрөхөөс зайлсхийж чадна гэж судлаачид онцолжээ. Тухайлбал удаан алхдаг хүмүүс илчлэг багатай хоол хүнс идэж, дасгал хөдөлгөөн хийж, шаардлагатай тохиолдолд цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг эм бэлдмэл хэрэглэхийг зөвлөсөн байна.

Сонирхуулахад алхалтын хурд нь эмч нарын хувьд тухайн хүний эрүүл мэндийн байдлыг хэмжих ерөнхий хэмжүүр болж өгдөг байна. Учир нь алхалтын хурд нь булчингийн хүчин чадал, уушгины үйл ажиллагаа, нуруу болон нүдний харааны эрүүл байдлын үзүүлэлт болдог гэжээ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх