Хайх

Лайфхак: Фитнесс клубд хичээллэдэг хүн бүрийн мэдэх хэрэгтэй зүйлс

Лайфхак: Фитнесс клубд хичээллэдэг хүн бүрийн мэдэх хэрэгтэй зүйлс

World Class фитнесс клубийн мэргэжилтэн зөвлөж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Өглөө ямар дасгалуудаас зайлсхийх, толинд харах боломжгүй бол хэрхэн зөв суулт хийх мөн дасгалын үеэр яагаад ус уух нь чухал байдаг гэх зэрэг хэрэгцээтэй мэдээллүүдийг багцлан хүргэж байна.

Хэвлийн булчингийн дасгал хийхдээ хүзүүндээ хэрхэн ачаалал өгөхгүй байх вэ?

Хэвлийн дасгал хийх үед хүзүүнд ачаалал ирдэг нь тухайн хүн дасгалаа цээж хэсгийн хөдөлгөөнөөр бус хүзүүний хөдөлгөөнөөр хийж, энэ хэсгийн булчингаа хэт ачаалуулдагтай холбоотой.

Үүнээс зайлсхийхийн тулд хүзүү ба дагзны хооронд алчуур байршуулах хэрэгтэй. Ингэснээр хүзүүний булчин суларч, толгойгоо зөв байрлуулахад тусална.

Өглөө ямар дасгалуудаас зайлсхийх вэ?

Өдрийн турш нугас хоорондын диск бүх биеийн жинд дарагдаж, эвгүй байрлалд удаан хугацааны турш сууснаас болж ачаалал авдаг. Харин шөнө нугас хоорондын диск амарсан байдаг. Тиймээс нуруугаа бөгтийлгөсөн үедээ янз бүрийн хүнд зүйл өргөхөөс мөн нэг гартаа хүнд зүйлс барьж, хажуу тийшээ хазайхаас зайлсхийх хэрэгтэй.

Яагаад цогц дасгалуудыг бэлтгэлийн өдрүүдэд солбиж хийх хэрэгтэй вэ?

Биеийн тусгай хэсгүүдийг хөгжүүлэх зорилготой тусгайлан боловсруулсан цогц дасгалууд нь бүх биед ачаалал өгдөггүй. Цогц дасгалуудыг бэлтгэлийн өдрүүдэд солбиж хийснээр биеийн тодорхой хэсгүүдийг хөгжүүлж, булчингуудад нөхөн сэргээгдэх хугацаа олгож, хэт ачаалахаас сэргийлдэг.

Лайфхак: Фитнесс клубд хичээллэдэг хүн бүрийн мэдэх хэрэгтэй зүйлс (фото 1)

Толинд харалгүйгээр хэрхэн суулт хийх вэ?

Толинд харах боломжгүй байгаа бол та шалны мод эсвэл ямар нэгэн саваа ашиглан дасгалаа зөв хийж болно. Үүний тулд модоо нэг гараараа ууцны ард, нөгөө гараараа хүзүүний ард байрлуулах хэрэгтэй. Уг мод нь таны дагз, дал болон ууц хэсэгт хүрч байх ёстой. Энэ байрлалаа хадгалан суултаа хийгээрэй.

Бэлтгэлийн үеэр яагаад ус уух хэрэгтэй вэ?

Булчин хэт хүчтэй өвдөх нь булчингийн эд эс гэмтэх хэмжээний өндөр ачаалал авсан байгааг илтгэнэ. Тиймээс өөртөө тохирсон ачаалал ба дасгалын төрөл сонгосноор хэт их өвдөлтөөс зайлсхийж чадна. Үүнээс гадна хангалттай хэмжээний ус ууж, давс ба усны тэнцвэрээ хадгалснаар шөрмөс татахаас сэргийлнэ.

Налуу гүйлтийн зам калори шатаахад хэрхэн нөлөөлөх вэ?

Налуу өнцөг нь алхам бүрт биднийг таталцлын хүчний эсрэг тэмцэхэд хүргэж, булчинд ачаалал өгдөг тул зүрх хүчтэй цохилж, илүү их илчлэг шатаадаг. Гүйлтийн зам налуу байх тусмаа бидний булчинд өндөр ачаалал ирж, илүү хурдан калори шатаах болно.

Лайфхак: Фитнесс клубд хичээллэдэг хүн бүрийн мэдэх хэрэгтэй зүйлс (фото 2)

Төхөөрөмж дээр булчингийн дасгал хийх үед яагаад заавал сунгалтын дасгал хийх ёстой вэ?

Булчингийн дасгалын дараа богино хугацаанд сунгалтын дасгал хийснээр булчин суларч, уян хатан байдлаа хадгалдаг. Мөн сунгалтын дасгал нь булчингийн цусан хангамжийг дэмжинэ.

Кофеин ажиллах чадварыг дээшлүүлдэг гэдэг нь үнэн үү?

Кофеин ажиллах чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй мэдрэлийн системийг идэвхжүүлж, төвлөрөх чадварыг дээшлүүлдэг.

Гүйх үед биеийн хоёр хажуу тал өвдөхөөс хэрхэн ангижрах вэ?

Өвдөлт мэдрэхгүйн тулд дасгал хийхийн өмнө биеэ халаах хэрэгтэй. Гүйх явцад хурдаа жигд нэмж, амьсгалаа түгжилгүй, зөв амьсгаа авч, гаргах нь зүйтэй. Түүнчлэн ходоодоо дүүрэн байхад гүйхийг зөвлөдөггүй.

Лайфхак: Фитнесс клубд хичээллэдэг хүн бүрийн мэдэх хэрэгтэй зүйлс (фото 3)

цааш үзэх