Хайх

Аяллын хөтөч 2017: Ирэх онд хаашаа аялах вэ?

Аяллын хөтөч 2017: Ирэх онд хаашаа аялах вэ?

Forbes санал болгож байна

Text: Г.Тэмүүлэн


Өвлийн амралтаа төлөвлөж амжаагүй явна уу? Эсвэл он гараад хаашаа аялахаа шийдэж чадахгүй байна уу? Тэгвэл Forbes сэтгүүл 2017 онд заавал очиж үзэх ёстой газруудыг санал болгоcон байна

Хүмүүсийн тэр бүр очоод байдаггүй газар - Mukul Resort (Никарагуа)

Аяллын хөтөч 2017: Ирэх онд хаашаа аялах вэ? (фото 1)

Номхон далайд байршдаг Никарагуа улсын  цасан цагаан Manzanillo эрэг дээрх энэхүү бутик резорт нь далайн эргийн 12 вилла болон далайн эргээс 90 м өндөрлөгт, модон дээр баригдсан 23 бохиос гэдэг байшингуудаас бүрддэг. Зочид буудлын бүх өрөөнүүд маш том зайтай орон нутгийн дизайнеруудын загвараар хийгдсэн интерьертэй.

Эндээс та нутгийн урлагийн бүтээл, кофе, навчин тамхи, хамгийн сайн чанарын ром дарс зэрэг Никарагуагийн үндэсний баялгийг олох болно. Тансаг зэрэглэлийн Mukul зочид буудлын эзэн Карлос Пелласын гэр бүл хэдэн үе дамжин хамгийн сайн чанарын Flor de Caña гэх дарс хийж ирсэн бөгөөд хэрэв зочид хүсвэл нисдэг тэрэг хөлөглөн дарсны үйлдвэр лүү очиж үзэх боломжтой. Мөн хувийн наран шарлагын газар, усан сан, гольф клуб, загасчлал, төрөл бүрийн усан спортын хичээл, дугуйн аялал гээд байгалийн үзэсгэлэнт газар байрлах энэ зочид буудалд хүссэн зүйлээ хийж болно. Тэгэхдээ тусад нь дурдах хэрэгтэй бас нэг давуу тал нь тэдний спа төв юм. Mukul зочид буудлын спа төв нь Никарагуагийн байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглан эртний уламжлалт аргаар эмчилгээ хийдэг. Гэр бүлийн амралт, романтик аялал гээд байгалийн сайханд уусч, бие сэтгэлээрээ төгс амрахыг хүссэн хүн бүхэнд энэ газар нэн тохиромжтой.

Бүхнээс зугтахыг хүсвэл - Танда Арал

Аяллын хөтөч 2017: Ирэх онд хаашаа аялах вэ? (фото 2)

Танзани улсаас зүүн өмнө зүгт, Энэтхэгийн далайд алслагдан орших энэхүү үзэсгэлэнтэй жижиг хувийн арал нь хэд хоног ч болов ертөнцөөс тасрахыг хүссэн хүмүүст зориулсан юм. Энд ирсэн байхад хүн төрөлхтөн оршин тогтнож байгааг хааяа нэг үзэгдэх загасчны завь л сануулах болно. Энэхүү арлыг арваад жилийн өмнө Дэн ба Кристин Олофссон гэх шведийн бизнес эрхлэгчид нээж, өөрсдийн мөрөөдлийн виллаг барьжээ. Танда арал дээр нэг хоноход 10,000 доллар төлөх хэрэг гарах бөгөөд дор хаяж долоо хоног байрлах шаардлагатай. Энд долоо хоноход танд хувийн вилла, арлын аялал, усан доорх аялал, завьтай аялал, спа болон бусад дээд зэргийн үйлчилгээг санал болгоно. Мэдээж хэрэг Танда соёл иргэншлээс бүр мөсөн тасраагүй ба Wi-Fi сүлжээнээс эхлээд орчин үеийн олон зүйл бий. Тэгэхдээ ийм сайхан газарт интернэт таны сонирхлыг тийм ч их татахгүй л болов уу.

Дарсанд дурлагсдад - Entre Cielos, Мендоза, Аргентин

Аяллын хөтөч 2017: Ирэх онд хаашаа аялах вэ? (фото 3)

Аргентины Мендоза хотын онгоцны буудлаас 25 мин зайд байрлах Entre Cielos зочид буудал нь хамгийн сайн чанарын Мальбек усан үзмийн талбайд байрладаг. Тиймээс энэхүү зочид буудал нь зүгээр ч нэг зочид буудал биш гэсэн үг. Entre Cielos буудал нийт 16 өрөөтэй бөгөөд хамгийн өвөрмөц өрөө нь усан үзмийн талбайн яг голд байрладаг. Энд байрласан зочид тагтнаасаа байгалийн үзэсгэлэнг таашааж, гадаа, агаарт ваннд хэвтэж болно. Мөн энд усан үзмийн талбайтай танилцах, мориор аялах зэрэг зочдод тусгайлан зориулсан хөтөлбөрүүдийг бэлдсэн байдаг. Зочид буудлын ресторанд Аргентин үндэсний зоогоор үйлчлэх бөгөөд мэдээж өөрсдийн үйлдвэрлэсэн дарсыг санал болгоно. Зочид буудалд усан эмчилгээтэй Турк спа төв ажиллаж байгаа.

 

 

цааш үзэх