2026 оны эхний хагаст цацагдах цомгууд
Өнгөрөгч жил хөгжмийн ертөнцөд олон арван шинэ уран бүтээл мэндэлж, олон гайхалтай үйл явдлаар дүүрэн байсан билээ. Тухайлбал, The Weeknd, Леди Гага, Пол Маккартни зэрэг уран бүтээлчид шинэ студийн цомгоо гаргаж, BLACKPINK хамтлаг, Кендрик Ламар, SZA нар томоохон аялан тоглолтоо хийсэн гээд дурдаад байвал дуусахгүй. Тэгвэл 2026 он ч мөн адил үүнээс дутахгүй баялаг байх төлөвтэй. Энэ оны эхний хагаст A$AP Rocky, BTS, Робби Уильямс нар эргэн тэсрэлт хийж, шинэ бүтээлүүдээ сонсогчдодоо толилуулахаар болжээ.
A$AP Rocky - Don’t Be Dumb
Цацагдах огноо: Нэгдүгээр сарын 16
Найман жилийн завсарлага авсны дараа хип-хоп од A$AP Rocky дөрөв дэх бие даасан цомгоо гарган эргэн ирж байна. Түүний эл цомогт Фаррелл Уильямс, Madlib, Metro Boomin, Дин Блант нар ажилласан бол цомгийн коверыг найруулагч Тим Бертон зуржээ. Don’t Be Dumb цомогт Highjack, Tailor Swif, Ruby Rosary, Pray4DaGang зэрэг уран бүтээлүүд багтана хэмээн таамаглаж байна.

Луи Томлинсон – How Did I Get Here
Цацагдах огноо: Нэгдүгээр сарын 23
2010-аад оны хамгийн алдартай One Direction хамтлагийн гишүүн асан Луи Томлинсон гурав дахь бие даасан цомгоо гаргах гэж байна. Түүний анхны Walls цомог поп урсгалтай байсан бол дараагийн Faith In The Future цомог нь поп рок чиглэл рүү илүү ойртжээ. Харин энэ удаагийн гурав дахь цомгийн өнгө аясыг дахин өөрчилж, илүү цоглог, хэмнэлтэй, эрч хүчтэй, илүү шуугиан дэгдээхүйц болсон бололтой.

Лана Дель Рей – Stove
Цацагдах огноо: Нэгдүгээр сарын сүүл
Лана Дель Рейн арав дахь бие даасан цомог анх Lasso нэртэйгээр 2024 оны намар гарахаар төлөвлөгдөж байсан хэдий ч тэрээр цомгийн нэрийг The Right Person Will Stay болгож, 2025 оны тавдугаар сард гаргана хэмээн хойшлуулж байсан юм. Тэрээр дахин шийдвэрээ өөрчилж, цомгийн нэрийг Stove болгож, энэ оны нэгдүгээр сард гаргана хэмээн зарласан билээ. Энэ цомогт түүний Take Me Home, Country Roads, Henry, Come On, Bluebird зэрэг уран бүтээлүүд багтах юм.

Робби Уильямс – Britpop
Цацагдах огноо: Хоёрдугаар сарын 6
Робби Уильямсын арван гурав дахь бие даасан цомог өнгрөгч оны аравдугаар сарын 10-ны өдөр гарахаар товлогдсон хэдий ч тэрээр тухайн үед цомгоо гаргаж байсан Тейлор Свифтийн The Life Of A Showgirl цомогтой зэрэгцэхээс зайлсхийж, нээлтээ хойшлуулсан билээ. Britpop цомог 1990-ээд оны Английн инди хөгжмийн ертөнц, тэр дундаа Oasis, Pulp, Blur зэрэг хамтлагуудад зориулсан хүндэтгэл болон бүтээгдсэн гэдгээрээ онцлог юм.

Бруно Марс – The Romantic
Цацагдах огноо: Хоёрдугаар сарын 27
Бруно Марс энэ сарын 7-ны өдөр дөрөв дэх бие даасан цомгоо гаргахаар болсон тухайгаа албан ёсоор зарласан билээ. Цомгийн нээлтийн дараа дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн Лас-Вегаст 38 тоглолтоос бүрдэх аялан тоглолтоо эхлүүлэх юм. Эл цомог нь Бруно Марсын 2016 онд гарсан 24K Magic цомгийн дараа гарж буй цомог гэдгээрээ онцлог.

BTS – Цомгийн нэр тодорхоогүй
Цацагдах огноо: Гуравдугаар сарын 20
Дөрвөн жил завсарлсны дараа хөвгүүдийн К-поп хамтлаг эргэн нэгдэж, шинэ цомгоо гаргаж байна. Гуравдугаар сард гарах энэхүү цомгийн хүрээнд BTS хамтлаг энэ онд аялан тоглолтоо хийх болсон тухайгаа зарласан билээ. Аялан тоглолт дөрөвдүгээр сард Сөүл хотод эхлэх ба 2027 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх аж. Цомгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор нууц хэвээр байгаа ч цомог 14 уран бүтээлээс бүрдэнэ.

Чарли Пут - Whatever’s Clever!
Цацагдах огноо: Гуравдугаар сарын 6
Чарли Путын бие даасан гурав дахь цомог удаан хүлээлгэсний эцэст энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөр цацагдах гэж байна. Цомгийнхоо ажилтай зэрэгцэн тэрээр Лос-Анжелес хотын алдарт Blue Note жааз клубд цуврал тоглолт хийх аж. Эл тоглолт дээр цомогт багтах уран бүтээлүүдийг толилуулахаас гадна We Don't Talk Anymore, See You Again хэмээх хит дуунуудын жааз хувилбаруудыг шинэчлэн олны хүртээл болгох юм.

Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт