
Төгс бэнто бэлтгэдэг найман хүүхдийн ээж Ц.Дөлгөөн
Япончуудын хувьд өдрийн хоол хийж бэлтгэх нь нэг талаараа хайртай дотны хүндээ санаа тавьж , хүндэтгэж байгаагийн илрэл хэмээн үздэг. Мөн өөрийн хийсэн хоолыг үзэмжтэй харагдуулах талаас тэд чамгүй хичээдэг. Учир нь сайхан үзэмжтэй хоол нь ямарч хүний идэх дуршлыг нэмэгдүүлдэг билээ. Будаа, мах эсвэл загас, хүнсний ногоог авсаархан хайрцагт багтаахдаа тэд өнгө, хэлбэр, орц найрлага, порц бүрийг бодолцож халуун болон сэрүүн өдрүүдэд тохируулан хоолоо бэлтгэн савлаж гэр бүлийн гишүүддээ барьдаг. Тиймдээ ч бэнто нь энгийн савласан хоолноос тэс өөр ертөнц юм. Нэг талаараа энэ бол хоолыг гоо зүйн мэдрэмж болгон хувиргасан өвөрмөц соёл билээ.
Энэхүү уламжлал нь XIII зуунаас эхтэй бөгөөд модон хайрцагтай аяны хоолноос эхлэлтэй. Түүхийн урт хугацаанд бэнто нь зөвхөн цатгалан байлгах бус, өдөр тутмын амьдралд зөв хооллох дадал, хоол хүнсийг тохируулан идэх ухааныг шингээсэн соёлын нэг хэсэг болон хөгжсөөр иржээ.

Харин өнөөдөр бэнто бол зөвхөн Япон соёл биш, олон орны ээжүүдийн хувьд хүүхдээ зөв хооллохын зэрэгцээ бүтээлч байдлыг нь дэмжих ухаалаг арга болжээ. Тэр дундаа найман хүүхдийн ээж, “Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одон”-той Ц.Дөлгөөн 2016 оноос бэнто хийж эхэлсэн бөгөөд өдгөө @dulguunts инстаграм хуудсаараа дамжуулан бусад ээжүүдэд өдөр бүрийн хооллолтыг илүү өнгөлөг, урамтай болгох санаа хуваалцдаг аж. Түүний хувьд гэр бүлдээ зориулан бэлтгэдэг бэнто бол зүгээр нэг хоол хийхээс цаашилсан амьдралын философи болжээ.
Анх яагаад бэнто хийх болсон бэ?
2016 онд том охин маань сургуульд ороход нь түүнд өдрийн хоол бэлтгэж өгөх шаардлага гарсан. Тэр үед Японоос жижиг хэвүүд захиалж авчирч, будаан дээр ногоогоо янз бүрээр тавьж туршиж эхэлсэн. Анхандаа их хэцүү санагддаг байлаа. Харин 2018 оноос өөрөөр туршиж, цар тахлын үеэр бүр тогтмол бэнтог хийх болсон. Тэр цагаас хойш мэдрэмж маань ч сайжирч, цаашлаад олон нийтийн сүлжээндээ бусад ээжүүдэд урам зориг, эрч хүч, санаа өгөх зорилгоор сүүлийн хэдэн жил хуваалцах болсон юм.


Хүүхдийнхээ хоолыг хийхдээ та юуг хамгийн түрүүнд анхаардаг вэ?
Миний хувьд хамгийн гол нь тэнцвэртэй байлгах. Нэг бенто хайрцагт олон өнгө, олон төрлийн амт орж байвал хүүхэд зөв хооллож байна гэж үздэг. Бэнтоны зарчмаар 25/25 хуваарь баримталдаг. Үүнд 25% нүүрс ус, 25% уураг, 25% ногоо, 25% жимс. Ингэснээр нэг бэнто хайрцгаас өдөртөө авах ёстой бүх шим тэжээлийг авах боломжтой.


Хүүхдийнхээ нас, зан араншин, хоолны дуршилд нь тааруулж бэлтгэхэд хүндрэлтэй зүйл гардаг уу?
Манай хүүхдүүд ер нь гэрийн хоолонд дуртай. Давс, амтлагчийг ч бага хэрэглэдэг болохоор харьцангуй хүндрэл тулгараад байдаггүй. Харин ногоо, жимсийг тааруулж идүүлэхийн тулд би төрөл бүрийн хэлбэр дүрсээр “хөөрхөн” болгож өгдөг. Өнгөлөг, сонирхолтой хоол хараад хүүхдүүд өөрсдөө идэх дуртай байдаг.


Хүүхдүүдээ хоол хийхдээ хэрхэн оролцуулдаг вэ?
Манай хүүхдүүд маш дуртай оролцдог. Хэвүүдээ ашиглаад будаан дээр янз бүрийн дүрс, нүүр хийж тоглодог. Ингэхдээ өөрсдөө ногоогоо сонгож, будаа тавьж, жижигхэн “зураг” бүтээнэ. Энэ нь хоолны дуршлыг нь нэмээд зогсохгүй, олон төрлийн хүнсний ногоо идэж сурахад нь тусалдаг. Би бүр хүүхдийнхээ бүтээлч байдлыг бэнтоор дамжуулж хөгжүүлдэг гэж боддог.


Тэгвэл зөв, зохистой хооллолт хүүхдийн сэтгэл зүйд
хүртэл нөлөөлдөг гэж үү?
Мэдээж. Хүн хоолоо нүдээрээ, сэтгэлээрээ иддэг гэж ярьдаг даа. Сайхан харагдсан хоолыг хараад идэх хүсэл төрөхөд бие махбод өөрөө хоол хүлээж авахдаа бэлтгэдэг. Ийм хоол илүү сайн шингэж, хүүхдийн сэтгэл санаа ч тайвширдаг. Тиймээс өнгө үзэмжийг нь анхаарах нь маш чухал гэж боддог.




Өдөр бүрийн хоол хийх ажлаа хэрхэн хөнгөвчилдөг вэ?
Урьдчилж бэлтгэхгүй бол хэцүү. Жишээ нь өндгөө өмнөх орой нь чанаж тавих, махаа 14 хонгоор урьдчилан бэлтгэх, удаан хадгалах ногоогоо дарж тавих гээд зохион байгуулалт хийчихсэн тохиолдолд өглөөд хоолоо хийхэд цаг бараг зарцуулагддаггүй. Мөн 7 хоногийн хоолны цэс гаргачихвал ажил их хөнгөрдөг юм.

Хүүхдүүддээ зориулан хийдэг бэнто танд ямар утгатай вэ?
Миний хувьд энэ бол хүүхдүүдээ багаас нь зөв хооллох зуршилтай болгож, эрүүл саруул хүн болгож өсгөх арга юм. Юуг юутай, ямар хэмжээгээр идэхээ мэддэг төлөвшсөн хүн болоход нь багаас нь ойлгуулж өгч байна гэж боддог.

Бусад ээжүүдэд хандаж юу хэлэхийг хүсэх вэ?
Бид бүгдээрээ л гэр бүлдээ хамгийн сайныг хийх гэж хичээдэг. Гэхдээ өөрийгөө орхигдуулж хэзээ ч болохгүй. Эрүүл, аз жаргалтай ээж байвал тэр гэр бүл бүхэлдээ аз жаргалтай болдог. Тиймээс өөрийгөө анхаарч, эрүүл мэнд, сэтгэл санаа зэрэгтээ цаг гаргаж байх нь хамгийн чухал гэж боддог.
Өдөр бүр жижигхэн хайрцаг дотор урлан бүтээж буй түүний бэнто бол зүгээр нэг энгийн хоол биш. Энэ бол хүүхдүүддээ шим тэжээлтэй хоол өгөхийн зэрэгцээ сэтгэлийг нь баярлуулж, бүтээлч байдлыг нь хөгжүүлж буй амьдралын нэгэн арга агаад агуу хайрын илэрхийлэл юм.
