Альбер Эльбаз
- Улс:Израиль
- Салбар:Загвар зохион бүтээгч
Альберт Эльбаз 1961 онд Мароккогийн Касабланка хотод төржээ. Аав нь үсчин, ээж нь бүх насаараа зураач болохыг мөрөөдсөн гэрийн эзэгтэй байв. Альбертыг найман настай байхад тэднийх Израильд руу шилжин, Тель-Авиваас өмнө зүгт байдаг Холон хотод суурьшжээ. Эцэг нь 1974 онд нас барсны дараа эх нь гэр бүлээ тэжээх гэж дэлгүүрт кассчин хийх болов. 1970-д оны сүүлчээр тэр орон нутгийн залуусын адил цэргийн алба хаажээ.
Багаасаа Альберт дуурайн тоглох авъаястай байсан бөгөөд нэг үе жүжигчин болох талаар бодож байлаа. Гэвч үүнийхээ оронд тэрээр 1982 онд Тель-Авив хотын Инженер, дизайны Шкарын Коллежид суралцжээ. Хоёр жилийн дараа ээжээсээ 800 долларын бэлэг аваад Альберт өөрийн ирээдүйг бүтээхээр Нью-Йоркийг зорьлоо. Тэнд өөрийн нэрээ Альбер болгон сольсон юм. Эхлээд тэр Оёдолчдын хороололд ажил олоод үдшийн даашинз бүтээж эхэлжээ. Альбер 1989 онд Gucci брэндийн Доун Меллотой тааралдаж, тэр хүн Эльбазыг дизайнер Жеффри Бинтэй танилцуулсан байна. Улмаар Альбер Эльбаз Бинийн компанид хэдэн жил ажиллажээ.
Эльбаз 1996-1998 онуудад Парисын Guy Laroche ордонд түүний ерөнхийлөгч Ральф Толеданогийн урилгаар очин ажилласан байна. Тэрээр 1998 онд Yves Saint Laurent загварын ордонд ажил авч, Yves Saint Laurent Rive Gauche салбар дээр ажиллажээ. "Би Сен-Лораныг хайрладаг. Тэр маш эмзэг, сэтгэлийн хөөрөлтэй хүн байв. Харин би тэндхийн нарийн бичгийн дарга нараас нь сүрдэнэ. Ёстой л Хичкокийн киноных шиг нэг л жихүүцэм эмэгтэйчүүд байсан" гэж Альбер дурссан байдаг. Түүний анхны цуглуулга шүүмжлэгч нараас янз бүрийн үнэлгээ авч байлаа. Учир нь Yves Saint Laurent ордон Gucci Group-ын мэдэлд шилжсэний дараа Эльбазыг удахгүй хална гэсэн цуу яриа гарсан аж. Үнэндээ ч 2000 онд Альберыг Gucci-гийн бүтээлч захирал Том Форд солин гарч ирэв. Харин Эльбаз Италийн Krizia компанид ажил олов. Гэвч удалгүй тэрээр 2001 түр ажлын завсарлага авч, Энэтхэг орноор аялсан ба энэ үедээ загварын 2000 гаруй таталбар зургууд хийжээ.
Загварын ертөнцөд ажил хайж цөхөрсөн Эльбаз сүүлдээ эмч болох талаар бодож байжээ. Удалгүй Францын Lanvin загварын ордноос бүтээлч захирлаар ажиллах урилга авсанаар эмч болох бодлоо орхижээ.
Lanvin-д зориулсан түүний анхны цуглуулга өндөр үнэлгээ авчээ. Vogue сэтгүүлийн редактор Андре Леон Телли түүнийг "Парисын шинэ авъяас" гэж нэрлэсэн юм. Америкийн Загварын Дизайнеруудын Зөвлөл түүнийг "Олон улсын дизайнер"-аар тодруулсан. Эльбаз 2007 онд Францын төрийн дээд шагнал Хүндэт легионы одон болон Нью-Йоркийн Загварын Технологийн Дээд Сургуулийн "FIT Couture Council Award" шагнал зэргийг хүртэв. Альбер Эльбаз H&M брэндэд зориулсан Lanvin ордны цуглуулгыг 2010 онд танилцуулсан байгаа. Тэрээр 130 орчим жилийн түүхтэй Lanvin ордоны үйл хэргийг маш амжилттай үргэлжүүлж байсан ч 2015 онд дуулиан шуугиантайгаар ажлаа орхисон билээ. Түүнийг бүтээлч захирлын суудлаа орхиход тус брэндийн хамт олон Эльбазыг өмөөрч, компанийн эзэдтэйгээ ширүүн тэмцэл өрнүүлсэн ч эцэст нь Lanvin ордоны хувьцаа эзэмшигчидтэй Эльбаз хэл амаа ололцоогүй юм. Одоо тэрбээр ямар нэгэн загварын ордонд харьяалагдаагүй байгаа.
Бусад
А-Я Бюро 24/7
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт