Хайх

Сассексын гүнгийн авхай Меган

Сассексын гүнгийн авхай Меган

  • Улс:Америк
  • Салбар:Их Британийн хатан хааны гэр бүл, кино урлаг

Рэйчел Меган Маркл 1981 онд Калифорни мужийн Лос-Анжелес хотод төрж өссөн. Түүний ээж Дориа Рэгланд Африк Америк гаралтай бөгөөд нийгмийн ажилтан болон йогийн багшаар ажиллаж байжээ. Харин аав Томас Маркл нь телевизийн зураглаач, гэрэлтүүлгийн найруулагч мэргэжилтэй байсан тул зураг авалтын талбайд охиноо тогтмол дагуулж очдог байсан нь Меганыг кино урлагт дурлахад нөлөөлжээ. Меган 2003 онд Northwestern их сургуулийг театр ба олон улс судлал гэсэн давхар мэргэжилтэй төгссөн ба карьерынхаа эхэн үед "General Hospital", "CSI: NY", "Castle" зэрэг цувралууд болон "Horrible Bosses", "Remember Me" кинонуудад жижиг дүр бүтээж байсан юм. Харин 2011 онд Меган "Suits" цувралын Рэйчел Зэйний дүрд сонгогдсоноор жинхэнэ нэр алдарт хүрч чадсан гэж хэлж болно. "Suits" цувралд Меган 2011-2018 оны хооронд (хунтайж Харритай сүй тавих хүртлээ) тоглосон бөгөөд энэ нь түүний жүжигчний карьерын оргил үе хэмээн тооцогддог.

Тэрээр кинонд тоглох хугацаандаа хоол, загвар, фитнесс, гоо сайхан, аялал болон хүчирхэг бүсгүйчүүдийн талаар бичдэг The Tig нэртэй амьдралын хэв маягийн блог үүсгэн байгуулж (2014), ердөө гурван жилийн хугацаанд буюу 2017 онд бүр мөсөн хаагдах хүртлээ Instagram-д 3 сая, Facebook-д 800 000, Twitter-т 350 000 дагагчийг цуглуулж, олон сая байнгын уншигчидтай болж чадсан юм. Кино карьер, амьдралын хэв маягийн блогоос гадна Меган Маркл гүнгийн авхай болохоосоо ч өмнө нийгэм, сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог байв. Тэрээр хүйсийн тэгш байдлын төлөө идэвхтэй тэмцэж, дэлхийн өнцөг булан бүрт асар хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдэд туслах зорилготой НҮБ, Дэлхийн Зөн зэрэг байгууллагуудтай хамтран ажилласаар иржээ. Харин одоо Меган гүнгийн авхайн хувиар олон нийтэд нээлттэй боловсрол олгох хөтөлбөрүүд, эмэгтэйчүүд ба хүүхдийн сайн сайхны төлөөх сайн үйлсийн төслүүд дээр ажиллаж байна. Түүний анхны сайн үйлсийн төсөл "Together: Our Community Cookbook" нэртэй хоолны жоруудаас бүрдсэн ном байсан бөгөөд номын борлуулалтаас олсон бүх орлого Лондонгийн Гренфелл тауэрт гарсан гал түймэрт өртсөн хүмүүсийн эмчилгээнд зориулагдсан юм.

Меган Маркл, хунтайж Харри нарын хайр сэтгэлийн харилцаа 2016 онд дундын найз нь тэдэнд сохор болзоо зохион байгуулж өгснөөр эхэлсэн байдаг. Үүнээс нэг жил гаруй хугацааны дараа тэд сүй тавьсан гэдгээ дэлхийн нийтэд зарласан юм. Харин 2018 онд Виндзорын шилтгээнд зохион байгуулагдсан хосуудын хуримын ёслолыг дэлхий даяар 24 сая хүн шууд дамжуулалтаар үзсэн нь Их Британийн хатан хааны гэр бүлийн хуримын ёслолын түүхэнд дээд рекорд тогтоожээ. Сүйт бүсгүй амьдралынхаа хамгийн чухал өдөр Францын алдарт Givenchy загварын ордны бүтээлч захирал Клэр Уэйт Келлерийн урласан хуримын даашинзаар гоёсон бол түүний үдшийн даашинзыг Их Британийн Stella McCartney брэнд бүтээсэн байна.

Сассексын гүнгийн авхай 2019 оны тавдугаар сарын 6-нд Арчи Харрисон Маунбэттен-Виндзор нэртэй хүү төрүүлж, анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ.

цааш үзэх