Хайх

Velin сэтгүүл: МУСГЗ, шог зураач С.Цогтбаяртай хийсэн ярилцлага

Velin сэтгүүл: МУСГЗ, шог зураач С.Цогтбаяртай хийсэн ярилцлага

Text: Ц. Усанболор


Velin сэтгүүлийн наймдугаар дугаарын ярилцлагын буланд зочноор оролцсон шог зураач С.Цогтбаяртай хийсэн ярилцлагыг тус сэтгүүлийн зөвшөөрөлтэйгөөр бүрэн эхээр нь хүргэж байна.


Шог зураг бол хэн нэгнийг инээлгэж, баяр баясал өгөхийн зэрэгцээ нийгмийн гүн давхаргыг шүүмжлэн илчилдэг хүчирхэг “зэвсэг” юм. Энэ бол өнгө будгийн ард нуугдсан бодит амьдрал, аливаа үзэгдлийн цаад мөн чанарыг энгийн атлаа хурц өнцгөөр харуулж, уншигчдад нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгадаг билээ. Тэгвэл энэ удаад бид өнөө цагийн толь, маргаашийн анхааруулга болсоор ирсэн онцгой урлагийн төрлийг сонгон уран бүтээл туурвидаг шог зураач, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяртай цаг товлон уулзаж, түүний ертөнц, үзэл бодол, шог зургийн цаана орших гүн санааг хуваалцахаар зорилоо. Түүний харандааны үзүүрт нийгмийн үнэн дүр зураг, элэглэл хийгээд эсэргүүцэл, ухаарал бүгд зэрэгцэн оршдог билээ.

Velin сэтгүүл: МУСГЗ, шог зураач С.Цогтбаяртай хийсэн ярилцлага (фото 1)

Юуны өмнө таны шог зурагтай учирсан түүх их сонирхол татаж байна. Та энэ урлагтай хэрхэн холбогдож, хэзээнээс өөрийн амьдралын гол замнал болгохоор шийдсэн бэ?

Би багаасаа л зураг зурдаг байсан. Тэр үед Пионерын ордны зургийн дугуйланд элсэн ороод 8-р ангиа төгсөөд Дүрслэх урлагийн дунд сургуульд орсон. Яг тэр цаг үеэс л ийм өнгө аяс мэдэрсэн гэж хэлж болно. Тухайн үед Тоншуул гээд хошин шогийн шүүмжлэлт сэтгүүл гардаг байсан. Би тэр сэтгүүлийг их сонирхон унших дуртай. Сурч байх үед Тоншуул сэтгүүлийн багш нартайгаа танилцах аз тохиосон. Яг тэр үед би ухамсрын түвшинд ойлгохоос илүүтэй багш нарын чиглүүлэг их чухал дэмжлэг болсон гэж боддог. Багш нар маань надад авьяас байгааг олж харсан. Үргэлжлүүлээд 1982 онд Дүрслэх урлагийн сургуульд оюутан байхдаа үзэл суртлын цензур ихтэй үед төв хэвлэлд миний анхны зураг хэвлэгдэж байсан. Хүүхэд шахуу байсан хүнд энэ их том үйл явдал болсон юм. Тэр л үе миний хувьд хамгийн том урам болсон гэж боддог юм аа. Тэр цаг үеэс хойш тасралтгүй өнөөг хүртэл зурж байна даа.

Магадгүй цаг хугацааны явцад таны зургуудын өнгө, хандлага, сэдэв сонголт зэрэг багагүй өөрчлөгдсөн байх. Тийм үү?

Анх миний сонинд нийтлүүлдэг зураг хүмүүсд хүрэхдээ нийгмийг шүүмжилсэн ч гэлээ мартагдахааргүй байх ёстой байдаг байсан. Сар, хагас жил, магадгүй жилийн дараа үзсэн ч инээдтэй байх, чанараа алдахгүй байх сэдвийг хөндөхийг хичээдэг байсан. 

Velin сэтгүүл: МУСГЗ, шог зураач С.Цогтбаяртай хийсэн ярилцлага (фото 2)

"Ямарваа нэгэн зүйлээс хоцрохгүйн тулд үргэлж өөрийгөө шинэчилж, шинэ зүйл сурч, цаг үеэсээ хоцрохгүй байх хэрэгтэй цаг үе иржээ."

Харин одоо сошиал платформ хөгжиж, сэтгүүл зүй хийгээд миний уран бүтээлд том өөрчлөлтийг авч ирсэн. Өөрөөр хэлбэл маш хурдан, богино хугацаанд бүтээгдэж, хүмүүст хүрэх техникийн боломж бүрдсэн. Би зураад дуусахад таван минутын дараа гэхэд дэлхийн аль ч буланд байгаа хүн үзэх боломжтой болсон. Тиймээс сэдэв нь хүртэл дагаад өөрчлөгдсөн. Одоо бол би нийгмийн сүлжээн дээр суурилсан шог зураг хийж байгаа. Social media cartoon гэж үүнийг нэрлээд байгаа. Нийгмийн сүлжээ өөрөө урт настай эд биш. Бид шинэ зүйлийг хамт сурч, хамт бүтээлцэж байна. Тэрний нэг хэсэг гэдэг утгаараа магад энэ үед шинэ төрлийн шог зургийн төрөл бий болж байж мэднэ. Үүнийг хэсэг хугацааны дараа мэргэжлийн хүмүүс судалж, нэр томьёо өгөх байх. Одоо бол яг эргэлдсэн хуйлраан дунд сошиал медиа суурьтай шог зураг гэдэг энэ зүйлийг хийж байна.

Таныг анх урлагийн замналд хөтөлж, урам зориг өгч байсан хүмүүсээсээ дурсаач. Хэний заавар, үлгэр дуурайлал танд хамгийн их нөлөөлөл үзүүлсэн бэ?

Миний хамгийн их үлгэр дуурайлал авдаг хүмүүс бол миний багш нар. Ардын зураач Цэвэгийн Байды, Төрийн шагналт Цэндийн Доржготов. Өнөөдрийг хүртэл өөрсдөө уран бүтээлээ туурвихын зэрэгцээ намайг чиглүүлж, ерөөлөө хайрласаар яваа.

Улс төр, нийгмийн шүүмжлэлт зургаа олон жил тасралтгүй туурвина гэдэг мэдээж амаргүй. Урам, эрч хүч тань хаанаас ундардаг вэ?

Хүний сэтгэл, бие махбод фильтер буюу шүүлтүүр сайтай байх ёстой. Тэгэхгүй бол би өөрөө хийж буй зүйлдээ хордоно. Энэ яг л хогийн овоолго ухаж буйтай адил. Хамаг муу муухай зүйлстэй нүүр тулж, үргэлж болж бүтэхгүй байгаа зүйлийг хөндөж, сөхөөд тавьчих гээд байдаг. Тэдгээрийг яаж шийдэх үү гэдгийг нухацтай боддог. Учир нь энэ бол асуудлыг засахын тухай хийж байгаа шүүмжлэлт ажил. Харин гэр бүлийн амар амгалан болон дуртай зүйлээсээ буюу хоббиноосоо урам зориг авдаг. Мөн сайн унтаж амрахыг хичээдэг. Тэгэхгүй бол бид өөрсдөө тэр зүйлдээ хортонтох гээд байдаг юм. Энэ нь цаашлаад сэтгэцийн өөрчлөлт зэрэгт хүргэх эрсдэл дагуулж байдаг. Тиймээс өөрийн дуртай зүйлээ хийж өөрийгөө хамгаалдаг гэж хэлж болно.

Уран бүтээлийн санаа төрөхөөс эхлээд зургаа нийтлэх хүртэл хэдий хэр хугацааг зарцуулдаг вэ?

Янз бүр байдаг. Гоё санаа ороод ирвэл уддаггүй. Уран зураг, дүрслэх урлагийн төрлүүдтэй харьцуулахад таталган зураг учир хэдхэн хормын дотор зураад дэлхийн нөгөө өнцөгт байгаа хүнд хүртээл болгож чаддаг давуу талтай. Нэг гоё жишээ хэлэхэд, газар хөдлөлтийн үеэр зураг зураад нийтэлсэн чинь хүмүүс гайхаад. Дөнгөж хөдөлж байхад зураг орлоо, мэдэж байсан юм уу гэх сэтгэгдлүүд зөндөө ирсэн. Тэр үед би өмнө нь тийм газар хөдлөлт үзэж байгаагүй, өөрөө сандарсан байсан тул тэр дор нь зурчихсан. Тэгээд яг над шиг цочролд орсон хүмүүст их дэмтэй байсан юм шиг байна лээ. Тэр хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг унших нь надад маш том шагнал байдаг. Эдгээр сэтгэгдлүүдээс авч байгаа мэдрэмжээс огт салж чаддаггүй.

Таныг хамгийн их урамшуулдаг зүйлийг та дүрсэлж өгнө үү?

Velin сэтгүүл: МУСГЗ, шог зураач С.Цогтбаяртай хийсэн ярилцлага (фото 3)

Мэдээж сайхан урмын үг л хамгийн ихээр сэтгэл оюуны тэжээл түлш нь болдог доо. 

Уран бүтээлээ зурж дуусгачхаад та яг ямар мэдрэмж авдаг вэ? Мөн хүмүүсийн хариу үйлдэл, сэтгэгдэл их чухал нөлөө үзүүлдэг байх.

Магадгүй гүн гүнзгий мөрөн голоос барьсан загасаараа бусад хүмүүсийг дайлж, ямар амт, шимт ихтэй байгааг сонсох тогооч шиг юм болов уу? Миний бүтээл ч гэсэн олон хүнд хүрч, хүмүүсээр ил тод дүгнүүлдэг. Миний бүтээлийн анхны үзэгч эхнэр маань байдаг. Би түүний царайг хараад л ямар зураг зурсан бэ гэдгээ ойлгодог. Хэрэв тэр хараад шууд инээвэл би сайн бүтээл болжээ гэж дүгнэдэг. Харин өнөө үед хүний тэврэлт, алга ташилтаас илүү виртуал орчинд ирж буй эможи, комментоос таашаал авч байна.

Та бүтээлээ туурвихдаа тусдаа орчин бүрдүүлдэг үү эсвэл санаа төрсөн даруйдаа тэр байгаа орчиндоо төрсөн санаа, мэдрэмжээ алдахгүйн тулд бүтээлээ зураад эхэлдэг үү?

Уран бүтээлч хүн бүр тусдаа өөрийн орчноо бүрдүүлдэг. Би гадагшаа яваад ирэхээрээ огт зурах vibe-даа орж чаддаггүй. Харин нэг орчих юм бол тэрнээсээ салмааргүй, алдмааргүй байдаг. Мөн ширээ болгон өөр мэдрэмж төрүүлдэг. Ажлын өрөөний ширээ, унтлагын өрөөний ширээ гээд бүгд өөр өөр вайб бүрдүүлдэг. Өдөр хэдий саад байдаггүй ч би шөнө орой юм хийх дадал зуршилтай.

Ямар нэгэн бүтээлийг дэлгэхээс эргэлзэх үе гарч байсан уу? Эсвэл огт хөндөж зориглоогүй сэдэв бий юу?

Улс төрийн зургуудын хувьд харьцангуй гайгүй байдаг. Бид үг хэлэх эрх чөлөөгөө олж авсан хүмүүс шүү дээ. Харин зурхад эмзэг сэдвүүд гэж байдаг. Тэр сэдвүүдийг эвийг олж зурах нь чухал. Тухайлбал хүйсийн ялгаа, арьс өнгөөр ялгах, эмэгтэйчүүдийн эрх зэрэг сэдвийг хүмүүс буруу ойлгочихвол гэж бодоод зурдаг ч дэлгээгүй тохиолдол байдаг.

Харин хөндөж чадаагүй сэдвийн тухайд бол бодох төдийд хүнд мэдрэмж төрж, илэрхийлэхэд ч хэцүү сэдвүүдийг дүрслэхэд бүр л хэцүү байдаг юм.

Бага насны хүүхдийн хүчирхийлэл, тусгай хэрэгцээт хөгжлийн бэрхшээлтэй хүн гээд ер нь их эмзэг сэдвүүдийг хөндөхөөс эмээдэг. Ер нь заавал бүх сэдвийг зурах албагүй гэж би боддог. Эерэг нөлөө үзүүлэх санаа өвөртлөөд эмзэг сэдвийг хөндсөн чинь эргүүлээд бүр илүү хор хөнөөл учруулчих вий гэдгээс айдаг. Шог зураг өөрөө хурц зэвсэг. Тиймээс үүнтэй болгоомжтой харьцах хэрэгтэй. Учир нь хүмүүст их нөлөөлөл үзүүлдэг.

Өнөөдөр монголчууд өмнөхөөсөө илүүтэйгээр шог зураг, шүүмжлэлийг хүлээж авдаг болсон гэж би хувьдаа боддог. Харин таны хувьд?

Хошин шогийн мэдрэмж нийт монгол үндэстэнд оноогдсон бурхны хишиг гэж хэлж болно. Хэдэн зууны өмнөх тэмдэглэл, ном зэргээс монголчуудыг тодорхойлсон тодорхойлол дунд шооч, хөгжилтэй, юмыг хөнгөн хүлээж авдаг, амьдралын баяр баясал ихтэй хүмүүс хэмээн олонтоо дурдсан байдаг. Энэ нь миний ажилд их сайхан нөлөөлдөг. Харин 90 оноос хойш хүн төрөлхтний нийтлэг замаар орж, хоцрогдлоо нөхсөнөөр юмыг илүү том буюу өргөн утгаар нь харж, ойлгож чаддаг болсон байх гэж бодож байна.

Өнөө үед мэдээллийн урсгал хурдацтай болж, нийгмийн сүлжээ давамгайлж буй энэ үед шог зураг хүмүүст илүү түргэн шуурхай хүрч байгаа нь ажиглагддаг. Тэгвэл цаасан хэвлэлтэй харьцуулахад шог зураг ямар үүрэг гүйцэтгэж, үзэгчдэд хэрхэн нөлөөлж байна гэж та боддог вэ?

Одоогийн хүүхдүүд, залуучууд ном уншихгүй байна гэж ярьдаг. Гэхдээ миний хувьд эсрэгээрээ санагддаг. Үсэг, тэмдэгтийг уншаад тэрийгээ утга болгон өөртөө оршоож байгаа энэ процессыг юм унших гэж ойлгоно. Тиймээс одоогийн биднээс илүү залуучууд их уншиж байгаа. Зүгээр л мэдээлэл авах суваг нь өөр болсон. Өмнө нь цаас нь дээрээс мэдээлэл авдаг байсан бол одоо үед бид телевиз, нийгмийн сүлжээ гээд янз бүрийн платформоос авч байна. Өдөржин текстүүд уншиж байна. Текстээс гадна визуал мэдээ ихээр авдаг болсон. Богино видео, Tik Tok мэт. Мэдээлэл авах эх сурвалж их болсон учир одоогийн арван настай хүүхэд бидний арван настай үеийн хүүхдийн мэдээллээс хавь илүү байгаа. Тиймээс энэ бол шинэ талбар. Мэдээж эерэг нөлөө олон бий ч одоогоор дөнгөж сүүдэртэй талыг нь анзаарч эхэлж байна. Хориг саад, хязгаарлалт, насны хязгаарыг тавих гэж оролдож байна. Энэ хөгжлийг гүйцэд ойлгож, тунгааж чадаагүй байтал хиймэл оюун ухаан зэрэг дараагийн шатны юм гарч ирж байна. Тиймээс яг баттай хэлж чадахгүй. Физик, химийн хэлээр энэ бол маш том туршилт юм.

Техник технологи хурдацтай хөгжиж буй энэ үед хиймэл оюун ухаан хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болж байна. Хүмүүс хиймэл оюун ухаантай ярилцаж, зөвлөгөө авахаас гадна зургаа янзлуулж, шог зураг хүртэл бүтээлгэдэг болсон. Тэгвэл хиймэл оюун ухаан хүн шиг сэтгэл, өнгө, гүн утга агуулгаар шог зураг бүтээж чадах болов уу?

Шог зургийн гол амин сүнс бол хошин санаа болон амьд мэдрэмж. Хиймэл оюун ухаан зурах арга барил болон өнгөн талаас хийж чадах хэдий ч зураачийн оюун санаа, тархийг нь хуулбарлаж чадахгүй. Тархи, сүнс хоёрын огтлолцол дээр байгаа авьяас чадвар, онгод, хийморь зэргийг орлож, технологийн түвшинд хийж чадахгүй байх гэж бодож байна. Гараар зурсан комик, манга зэрэг нь дижитал зургаас шууд ялгардаг. Технологийн дэвшил олон давуу талтай хэдий ч эргээд хүний оюун ухаан, сэтгэн бодох чадварт том сорилтуудтай тулгарч байна. Яаж технологийн дэвшлийг дагаад хувьсан өөрчлөгдөж, яаж багаж зэвсэг болгон ашиглаж, яаж өөрсдийн ажилтай холбох вэ гэдгийг ойлгох нь нэн чухал. Энэ нь хувь хүний чадавхтай шууд холбоотой. Ямарваа нэгэн зүйлээс хоцрохгүйн тулд үргэлж өөрийгөө шинэчилж, шинэ зүйл сурч, цаг үеэсээ хоцрохгүй байх хэрэгтэй цаг үе иржээ.

“Мэдээлэл авах эх сурвалж их болсон учир одоогийн арван настай хүүхэд бидний арван настай үеийн хүүхдийн мэдээллээс хавь илүү байгаа.”


Хэрэв өнөөдрийн Монгол Улсын дүр төрхийг нэг зурагт буулгах бол ямар дүр зураг гарах вэ? 

Velin сэтгүүл: МУСГЗ, шог зураач С.Цогтбаяртай хийсэн ярилцлага (фото 4)

Хөлөөрөө толгой хийсэн хүн мэт л санагджихуй...


Та эрх чөлөөг дүрслэн зур гэвэл? 

Velin сэтгүүл: МУСГЗ, шог зураач С.Цогтбаяртай хийсэн ярилцлага (фото 5)

Бүхнээс дээр эрх дураараа хөөрөн нисэх шувуу


Хэрэв Монгол орны гоё сайхныг нэг зурагт багтаана гэвэл, таны нүдэнд ямар дүр төрх буух бол?

Velin сэтгүүл: МУСГЗ, шог зураач С.Цогтбаяртай хийсэн ярилцлага (фото 6)

Ирээдүйг авч явах залуусыг харахлаар нар мэт алтарч сар мэт гэрэлтэж гал лугаа дүрэлзэж буй нь мэдрэгддэг дээ


Та өөрийгөө 20 жилийн дараа ямар дүрээр төсөөлж байна вэ? 

Velin сэтгүүл: МУСГЗ, шог зураач С.Цогтбаяртай хийсэн ярилцлага (фото 7)

Нас бол тоо. Never Give Up энэ тэр гэсэн Рок өвөө байх болов уу даа


Та ямар нэгэн цензур эсвэл улс төрийн дарамт шахалтад орж байсан уу?

Хаа очиж гайгүй. Олон жил зурсан болохоор хүлээн зөвшөөрөгдсөн гэж хэлж болно. Энэ хугацаанд заргалдсан хүн бол байхгүй.

“Үг хэлэх эрх чөлөө” гэж таны хувьд юу вэ?

Хүн өөрөө өөрөөрөө бодитой байх оршихуйг олгодог хамгийн том эрх. Үг хэлж чадахгүй байна гэдэг хамгийн том айдас. Чи үгээ залгиж байна гэдэг нь өөрөөрөө биш байгаагийн нэг том илрэл. Хаана ч өөрийн үзэл бодлоо хэлэх нь хамгийн том эрх чөлөө юм.

Өнгөрсөн хугацааг эргэн харахад таны хамгийн их бахархдаг зураг эсвэл мөч тань юу вэ?

Улс төр, нийгмийн амьдралд болж байгаа үйл явдлыг уурлаж бухимдалгүйгээр инээж, ухаарч ойлгох боломж олгодог уран бүтээлийн нэг төрөл бол шог зураг. Харин тэр боломжоо ашиглаж илүү их инээд олж авч чадсан бүхий л үеэрээ бахархдаг. Нээрээ тийн ш дээ гээд гоёор ойлгосон хүмүүс болон өөрийн зургаараа нөлөө үзүүлж чадаж байвал тэр миний бахархал юм уу даа.

Улс төрийн шог зураг сонирхож буй залуу уран бүтээлчдэд зориулан зөвлөгөө өгвөл?

Өөрөөрөө байх боломжийг олгодог төрөл хэдий ч чамайг баян байлгаж чадахгүй шүү гэдгийг хэлмээр байна. Хэрэв баян болохыг хүсвэл өөр үнэтэй зарагддаг зураг зураарай. Хэрэв бурхан авьяас заяасан бол өөрөөсөө битгий урваарай. Учир нь чи сонгогдсон хүн. Өгөгдсөн авьяас билгээ ашигла гэж хэлье.

Шог зурагт таныг залгамжлах шинэ үеийнхэн хэрэгтэй мэт санагддаг уу? Эсвэл та шавьтай юу, эсвэл цаашид шавь бэлтгэх талаар бодож үзсэн үү?

Шавь нар гэж хэлэх хүмүүс байна. Гэхдээ хүнийг санхүүгийн чадамжтай байлгаж чадах төрөл биш учир би айхтар зөвлөж чаддаггүй. Харин хүн өөрөө тэр зүйлдээ чин сэтгэлээсээ дурлах аваас би үргэлж тусалж, дэмжиж чадна

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх