Хайх

Ванны өрөөгөө спа орчин болгох 6 хялбар алхам

Ванны өрөөгөө спа орчин болгох 6 хялбар алхам

Гэрээс гарах ямар ч шаардлага байхгүй

Text: Бюро 24/7


Сэтгэл зовоосон асуудал их байгаа энэ өдрүүдэд стрессээ тайлан өөрийгөө спа үйлчилгээгээр урамшуулмаар санагдах ч өөрийнхөө болон бусдын төлөө гэрээс гарахыг хүсэхгүй байх үед яах вэ? Энэ тохиолдолд бид гэрийнхээ ванны өрөөг спа орчин болгож хувиргахыг зөвлөж байна. Мэргэжилтнүүдийн өгсөн дараах 6 хялбар зааврыг дагахад л хангалттай.


Тайван уур амьсгал бүрдүүлэх


Энэ нь ойлгомжтой санагдаж болзошгүй ч аливаа спа үйлчилгээний хамгийн эхний бөгөөд гол өгөгдөхүүн нь орчин байдаг. Тиймээс ванны өрөөнийхөө гэрэл, хөгжим, үнэр зэргийг анхааралдаа аван сэтгэл тайвшруулж, нүд амраах орчныг бий болгоорой. "Хэдэн лаа асааж, ванны давс уусгаж, намуухан хөгжим тавиарай" хэмээн Нью-Йорк дахь AIRE Ancient Baths спа төвийн маркетингийн захирал Сильвия Барнетт зөвлөжээ. Эпсом давс, хүнсний сода ба розмарины хольцыг ванны усандаа уусгах нь стресс тайлж, арьс тайвшруулна. Мөн Spotify эсвэл Apple Music дээр байгаа бэлэн спа плейлист тавих нь хөгжим сонгоход цаг алдахгүй амар байх болно.


Нүүрэндээ маск тавих


Энгийн цаасан маск, эсвэл арьс хоргүйжүүлдэг шавран маск гээд ямар ч маск нэн даруй спа мэдрэмжийг өгдөг. Харин гэрийн нөхцөлд маск хийхийг хүсэж байвал Joanna Vargas Salons and Skin Care салоны үүсгэн байгуулагч Жоанна Варгасын зөвлөсний дагуу ижил хэмжээний тараг ба авокадог холин, ¼ хоолны халбага зөгийн бал нэмэхэд л маш үр дүнтэй маск бүрдэнэ. "Тараг нь сүүн хүчлийн орцтой тул үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, авокадо нь их хэмжээний Б амин дэм ба өөх тосны хүчил агуулдгийн улмаас арьсыг чийгшүүлж, харин зөгийн бал нь чийгшлийг улам нэмэгдүүлэх болно" хэмээн Варгас тайлбарласан юм. Мөн маск тавьж байх зуураа бонус болгож нүдэндээ өргөст хэмх эсвэл хүйтэн балжингарам цэцгийн цай бүхий жин тавиарай.

Ванны өрөөгөө спа орчин болгох 6 хялбар алхам (фото 1)


Халуун алчуур бэлдэх


Гарын жижиг алчуураа норгосны дараа ганц, хоёр дусал эфирийн тос дусаагаад богино долгионы зууханд хийн 30 секунд халаагаарай. "Халуун, уураар бүрхэгдсэн алчуур жинхэнэ спа мэдрэмжийг өгч чаддаг" хэмээн Нью-Йорк дахь Sisley-Paris boutique салоны гоо сайханч Дэниель Гэмбл хуваалцсан юм.

Роллероор массаж хийх


Хаш болон кварц чулуун роллер, гуа ша ашигласнаар та өөртөө мэргэжлийн гоо сайханч мэт үр дүнтэй массаж хийж чадна. "Арьсандаа шаардлагатай бүтээгдэхүүн, серумыг түрхсэний дараа зөөлөн атлаа мэдрэгдэхүйц даралтаар ‘J' хөдөлгөөнөөр массаж хийж бүтээгдэхүүнүүдийг арьсанд илүү гүн шингэхэд туслахын зэрэгцээ ус зайлуулах үйлчилгээг үзүүлэх боломжтой. Доош чиглэсэн тойрог хэлбэрийн хөдөлгөөн нь хаван буулгахад туслах бол дээш чиглэсэн нь тэжээлийг арьсанд илүү гүн шингээнэ" хэмээн Жоанна Варгас хэллээ. Роллерын тусламжтай мөн хамраасаа чихний дээд өнцөг чиглэл рүү массаж хийж, нүдний доорх арьсны хаванг буулгаарай.

Ванны өрөөгөө спа орчин болгох 6 хялбар алхам (фото 2)


Хуурай сойзоор гуужуулалт хийх


Варгасын зөвлөснөөр хуурай сойз ашиглан бүтэн биеийн арьсыг гуужуулах нь цусны эргэлт сайжруулж, арьсыг уян хатан болгож, коллагены үйлдвэрлэлийг эрчимжүүлдэг давуу талтай бөгөөд биеийн асуудалтай хэсгийн арьсыг "өргөж" өгөхөд тусалдаг байна. Ингэхдээ хөлөөсөө эхлэн зүрхний чиглэл рүү дээш хөдөлгөөнөөр гуужуулах хэрэгтэй. "Гуяын дотор хэсэг, гарны ар хэсэг, нуруу зэрэг газруудад онцгой анхаарал хандуулаарай. Мөн хуурай гуужуулалт хийсний дараа биеийн шингэн тос түрхэн хэдэн минутын турш сойзоороо массаж хийгээрэй" хэмээн тэрээр онцолсон юм.


Цахилгаан хэрэгслүүдээс хол байх


Спа үйлчилгээнд орсны дараа алжаал тайлагдсан мэдрэмж авдгийн нэг гол шалтгаан нь бид үйлчилгээний үеэр цахим орчин, цахилгаан хэрэгслүүдээс хол байдагт оршдог юм. "Ухаалаг утас ба бугуйн цаг, таблет, зургийн аппарат гээд бүх зүйлийг өөрөөсөө холдуулж, зөвхөн лааны гэрэлд л ваннд хэвтэх нь үгээр дамжуулшгүй их амралт болж өгдөг шүү. Түрхэн зуур бүхнийг мартан өөрийгөө хайрлахад л анхаарлаа хандуулаарай" гэж Сильвия Барнетт зөвлөлөө.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх