Хайх

Г.Аюурзана, Т.Нансалмаа ба Д.Бум-Очир нарын санал болгож буй есөн ном

Г.Аюурзана, Т.Нансалмаа ба Д.Бум-Очир нарын санал болгож буй есөн ном

Тэдний сонголт

Text: Г.Тэмүүлэн


Шинэ, сонирхолтой ном хайж буй хүмүүст бид саяхан энэ намрын номын жагсаалтаа танилцуулсан билээ. Тэгвэл номын шүүгээгээ шинэчлэхийг хүсэн, номын дэлгүүрүүдээр эрэл хайгуул хийж байгаа уншигчиддаа зориулаад бид зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, продюсер Т.Нансалмаа, доктор Д.Бум-Очир нарын Бюро 24/7 сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр уншигчдад санал болгосон есөн номыг дэлгэхээр шийдлээ. Салбар, салбарын нөлөө бүхий мэргэжилтнүүдийн санал болгож буй эдгээр номуудыг уншин цоо шинэ ертөнцтэй танилцаарай.

Г.Аюурзана

Г.Аюурзана, Т.Нансалмаа ба Д.Бум-Очир нарын санал болгож буй есөн ном (фото 1)

Өнгөрсөн хавар зохиолч, яруу найрагч Г.Аюурзана шинэхэн номоо дөнгөж хэвлүүлээд байхад нь бид түүнтэй уулзаж, түүний уран бүтээлүүдийн талаар илүү гүнзгий хэлэлцэн, уншигчиддаа маш сонирхолтой ярилцлага хүргэсэн байгаа.

Г.Аюурзана - "Сахиуст Хангайн Нууц"

Тухайн үед бид түүнээс "Та ямар бүтээлдээ хамгийн хайртай вэ?" гэж асуухад Г.Аюурзана "Яг бичигдсэн даруйдаа ямар ч шүлэг хамгийн сайхан нь болчих шиг санагддаг даа, тиймээс шинэхэн болоод ч тэр үү, ‘Сахиуст Хангайн нууц' одоохондоо сэтгэлээс холдоогүй, хүүхдээр бол нялхын үнэртэйгээ байна" гэж хариулж байсан юм. "Сахиуст Хангайн Нууц" романд XX зууны эхэн үеийн нүүдэлчин Монголчуудын ахуй амьдралыг маш сайн дүрсэлж өгсөн байдаг. Мөн мэдээж хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох хайр дурлалын талаар ч энд өгүүлнэ. Тиймээс та энэ намар "Сахиуст Хангайн Нууц" номыг уншин, шинэ ертөнцөд нэвтрээрэй.

Т.Нансалмаа

"Mongolia's Next Top Model" шоу нэвтрүүлгийн үеэр бид тус тэмцээний шүүгч, On'n Off продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаатай уулзаж, Монголын шоу бизнес, түүний карьер болон амьдралын талаар сонирхолтой яриа өрнүүлж байсныг та бүгд санаж байгаа биз ээ. Тэрээр ярилцлагын үеэр өөрийн шимтэн уншдаг хамгийн дуртай дөрвөн номоо нэрлэсэн байгаа.

Сажа Бандид Гунгаажалцан -"Эрдэнийн сан Субашид буюу таван сургамж"

Продюсер Т.Нансалмаагийн 18 настай байх үеэс нь эхлэн түүний ширээн дээр байсан энэхүү сургаалийг Төвдийн их багш Сажа Бандид Гунгаажалцан зохиож байжээ. Уг эртний сургаальд хүмүүний аж төрөх ёс, байгаль, ертөнцийн зүй тогтол, ёс зүй, гүн ухааны тухай сургааль айлдсан байдаг. Ер нь бол энэ ном нь Монгол хүн бүрийн унших хэрэгтэй гайхамшигтай бүтээл юм.

Габриель Гарсия Маркес - "Зуун жилийн ганцаардал"

Колумбын зохиолч Габриель Гарсия Маркесын бичсэн энэхүү романыг Латин Америкийн утга зохиолын оргил гэж нэрлэх нь бий. Анх 1967 онд хэвлэгдэн гарсан уг зохиолд Хосе Аркадио Буэндиа хэмээх удмынхны 100 жилийн амьдралыг харуулдаг. Хувь тавилан, хүсэл мөрөөдөл, хайр дурлал гээд хүний амьдралд тохиолддог бүхий л зүйлсийг харуулсан энэхүү романаараа Маркес Нобелийн шагнал хүртэж байсан түүхтэй. Продюсер Т.Нансалмаа залууст энэ романыг уншиж үзэхийг зөвлөсөн байгаа.

А.И.Куприн - "Анар Бугуйвч"

А.И.Куприны 1911 онд бичсэн "Анар Бугуйвч" зохиол нь болсон явдлаас сэдэвлэсэн юм. Зохиолд гүнжид дурласан нэгэн залуу түүнд маш ховор анар чулуутай бугуйвч бэлэглэснээр үйл явдал өрнөнө. А.И.Куприны жинхэнэ хайрын тухай өгүүлдэг энэхүү зохиолыг Т.Нансалмаа гэгээлэг бүтээл хэмээн тодорхойлсон юм.

Мишель де Монтень - "Сонгомол Эссэнүүд"

Сэргэн мандалтын үеийн хамгийн алдартай зохиолчдын нэг, уран зохиолын нэг төрөл болох эссэ бичлэгийг үндэслэсэн Францын суут сэтгэгчдийн нэг бол Мишель де Монтень юм. Түүний хамгийн шилдэг эссэнүүдийг түүвэрлэсэн "Сонгомол Эссэнүүд"-ийг Г.Аюурзана Монгол хэл дээр орчуулан уншигчдад хүргэж байгаа билээ.

Д.Бум-Очир

Бид өнгөрсөн жил Кембрижийн их сургуулийн антропологийн доктор Д.Бум-Очиртой уулзан Монголын залуус, соёл уламжлал, нийгмийн талаар сонирхолтой ярилцлага хийсэн юм. Бидний ярилцлагын төгсгөлд тэрээр залууст зориулан дөрвөн номыг санал болгосон байгаа.

У.Булаг - "Хамтын Национализм"

Кембрижийн их сургуулийн доктор, Өвөр Монголын эрдэмтэн У.Булагийн "Хамтын Национализм" номонд БНХАУ-ын улс төрийн нөхцөл байдлыг маш дэлгэрэнгүй харуулсан байдаг. Залуус энэхүү номыг уншсанаар Монгол улсын түүхэн хөгжил болон дэлхий дахинд эзэлж байгаа байр суурийг танин мэдэх боломжтой.

У.Булаг - "Монголын үндэсний үзэл ба эрлийзжил"

"Монголд 1990-ээд оноос хойш гарсан сөрөг үзэгдлүүдийн тухай энэ ном өгүүлдэг ба монгол хэл дээр орчуулагдан гарсан байгаа. Залуучууд энэ зохиолыг уншихад буруудахгүй. Зарим уншигчид энэ номыг уншсаныхаа дараа У.Булаг гуайг үзэн яддаг. Би харин түүнийг үзэн ядахаас илүү Монголын нөхцөл байдлыг ойлгох гэж номыг уншаасай гэж хэлмээр байна" хэмээн Д.Бум-Очир энэхүү номонд тайлбар өгсөн юм.

Гибсон Грэхэм - "Капитализмын төгсгөл"

Жули Грэхэм, Кэтрин Гибсон нарын бичсэн "The End of Capitalism" буюу "Капитализмын төгсгөл" 1996 онд хамгийн анх хэвлэгдэн гарч байсан юм. Тэдний бичсэн энэхүү номоос бид капиталист нийгмийн тухай болон түүний хийсвэр ойлголтуудын талаар илүү дэлгэрэнгүй олж мэдэх болно.

Девид Снийт - "Тэргүүн үгүй төр" (Headless State)

Кембрижийн их сургуулийн доктор Дэвид Снийтийн энэхүү номонд хувьслын онол, Монголын төрт ёс, улс төрийн тогтолцоо засаглалын хэлбэрүүдийг дэлгэрэнгүй харуулсан байдаг. Мөн энэ бүтээлийг уншсанаар яагаад гадны олон судлаачид Монголчуудыг төр байгуулж байгаагүй, эсвэл төрт ёсыг суурьшмал соёлоос сурсан гэж ташаараад байдгийг олж мэдэх боломжтой.

 

цааш үзэх