Хайх

Загварын түүхийг өгүүлэх шинэ номууд

Yves Saint Laurent and Photography, Andre Leon Talley: Style is Forever Hardcover

Text: Ц. Усанболор


Намар-өвлийн улирал айлчлан ирж буйтай зэрэгцэн хувцас загвар сонирхогч хэн бүхэнд зориулан дэлхийн томоохон хэвлэлийн газрууд ээлжит номоо хүргэхэд бэлэн болжээ. Эдгээр номууд танд хувцас загварын тухай өргөн мэдлэг өгөөд зогсохгүй загварын ертөнцийн домог болсон эрхмүүдийн амьдрал, үзэл санаа, тэдний сор болсон бүтээлээс эхлээд, брэндүүд хэрхэн алдар нэрд хүрсэн түүхийг өгүүлэх бүтээлүүд багтжээ. Нөгөөтээгүүр дан ганц таны номын тавиурт залралгүй өдөр тутамдаа гарчигладаг ширээний ном болохын үгүйсгэхгүй юм.


Valentino. A Grand Italian Epic

Хэвлэлийн газар: Taschen

Гарах огноо: 2025 оны долоодугаар сар

Британийн I-D сэтгүүл шинээр эрхлэн гаргаж буй бүтээлээ Valentino. A Grand Italian Epic хэмээн нэрийджээ. Нийт 576 нүүр бүхий тус номд загварын ертөнцийн сүүлчийн хаан хэмээн өргөмжлөгдсөн Валентиногийн карьер, компанит ажил, хөрөг зэрэг бүхий л зүйлс баримтат гэрэл зургаар дамжин амилах аж.


Yves Saint Laurent and Photography

Хэвлэлийн газар: Phaidon Press

Гарах огноо: 2025 оны есдүгээр сар

Есдүгээр сарын эхээр Phaidon Press хэвлэлийн газар Yves Saint Laurent and Photography нэртэй каталогоо танилцуулах гэж байна. Энэхүү ном нь ижил нэртэй зургийн үзэсгэлэнгийн хүрээнд хэвлэгдэж буй бөгөөд тус үзэсгэлэн нийт хоёр хэсгээс бүрдэх юм. Эхний хэсэгт Ив Сен-Лораны бүтээлийн хувьсал, Пенн болон Аведон зэрэг уран бүтээлчдийн 80 гаруй бүтээлийг дэлгэн харуулах бол хоёрдугаар хэсэгт Сен-Лораны уран бүтээлийг харуулсан 200 гаруй архивын үзмэрийг дэлгэн харуулахаар төлөвлөжээ. 


Bellissimo: Michele Morrone by Dolce&Gabbana

Хэвлэлийн газар: Rizzoli

Гарах огноо: 2025 оны есдүгээр сар

Доменико Дольче, Стефано Габбана нар өөрсдийн нэрийн брэндийн 40 жилийн ойн хүрээнд Bellissimo: Michele Morrone by Dolce&Gabbana хэмээх номыг гаргажээ. Уг бүтээлд 2023 онд тус брэндийн хавар-зун улирлын кампанит ажлын нүүр царай болсон жүжигчин, хөгжмийн зохиолч, уран бүтээлч Микеле Морронегийн өмнө нь нийтлэгдээгүй гэрэл зургууд багтсан байна. Хоёр загвар зохион бүтээгчийн ур чадвар ямар байхыг хэлэхэд эрт ч, үзэх зүйл элбэг байх нь гарцаагүй биз ээ.


Загварын түүхийг өгүүлэх шинэ номууд (фото 20)

Andre Leon Talley: Style is Forever Hardcover

Хэвлэлийн газар: Rizzoli
Гарах огноо: 2025 оны есдүгээр сар

Загварын долоо хоногийн ид үеэр худалдаанд гарахаар зэхээд буй энэ бүтээл Андре Леон Теллигийн тухай хамтран ажиллагсдынх нь бичсэн эсээ, өгүүллэг, дурсамжуудаас бүрдэх юм. Эдгээр бичвэрүүдийг Vogue-ийн бүтээлч захирал асан, загварын ертөнцийн домог гэгддэг Андре Леон Теллигийн хувь хүний дотоод гоо зүй, өвөрмөц хэв маягийг харуулсан сэтгэл хөдөлгөм гэрэл зургуудаар дүрсжүүлжээ.


Сraft is our Language by Bottega Veneta

Гарах огноо: 2025 оны есдүгээр сар

Энэ жил Bottega Veneta брэнд хэд хэдэн шалтгааны улмаас анхаарлын төвд ороод байгаа билээ. Тус брэндийн өмнөх бүтээлч захирал Матье Блази Chanel загварын ордон руу шилжиж, түүний оронд Carven брэндийг шинээр гаргаж ирж чадсан Луиз Троттер томилогдсон билээ. Мөн брэндийн домог болсон Intrecciato сүлжээс 50 жилийн ойтойгоо золгоод байна. Үүнтэй холбогдуулан тэд есдүгээр сард брэндийнхээ үнэт зүйлсийг илэрхийлэх 50 хөдөлгөөнт визуал толь бичиг хэлбэр бүхий Craft is our Language нэртэй номоо толилуулах гэж байна.


Загварын түүхийг өгүүлэх шинэ номууд (фото 32)

Erdem

Хэвлэлийн газар: Rizzoli

Гарах огноо: 2025 оны аравдугаар сар

Erdem загварын ордны үүсгэн байгуулагч Эрдем Моралиоглу брэндийнхээ 20 жилийн ойг угтан анхны номоо гаргаж байна. Урлагт дурлагч тэрээр энэхүү монографийнхаа тусламжтайгаар уншигчдыг өөрийн урам зоригийн эх үүсвэр, бүтээлч үйл явц, түүний музанууд болон хамтран зүтгэгчдийнхээ ертөнц рүү урьжээ.


Women

Хэвлэлийн газар: Phaidon Press

Гарах огноо: 2025 оны арваннэгдүгээр сар

Арваннэгдүгээр сарын эхээр Энни Лейбовиц 493 нүүр, 276 зураг бүхий Women номоо дахин толилуулна. Түүний 30 жилийн турш авсан 250 хөрөг зургийг багтаасан энэхүү алдарт цуглуулга анх 1999 онд хэвлэгдэж байсан бол энэ удаа хоёр боть хэлбэрээр Нигерийн зохиолч Чимаманда Нгози Адичи, Сьюзен Сонтаг, феминизмийн бэлгэ тэмдэг болсон Глория Стайнем нарын өгүүллүүдийн багтаан шинэчлэн гаргаж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх