Хайх

1-р сард нээлтээ хийх шинэ кино, цувралууд: “Euphoria”, “Харри Поттер”-ын тусгай анги болон бусад

1-р сард нээлтээ хийх шинэ кино, цувралууд: “Euphoria”, “Харри Поттер”-ын тусгай анги болон бусад

Шинэ бүтээлүүдээр дүүрэн сар

Text: Buro.Mongolia


Шинэ 2022 он айлчлан ирлээ. Үүнтэй зэрэгцэн стриминг платформуудаар олны тэсэн ядан хүлээсэн, өндөр хүлээлт үүсгээд буй кино бүтээлүүд нээлтээ хийж байна.

“Harry Potter 20th Anniversary: Return to Hogwarts”

HBO Max стриминг платформ өнгөрөгч зун “Friends” цувралын тусгай ангийг хүргэсэн билээ. Тэгвэл тэд энэ удаад “Харри Поттер” киноны тусгай ангийг бэлтгэсэн байна. Шидтэн хүү Харри Поттерын түүхийг өгүүлэх “Harry Potter and the Philosopher's Stone” кино одоогоос 20 жилийн өмнө дэлгэцнээ гарч байжээ. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан бид бүхний сэтгэлд хоногшсон франчайз киноны жүжигчид дахин нэгдэж “Harry Potter 20th Anniversary: Return to Hogwarts” нэртэй тусгай ангиар эргэн ирцгээлээ. Тусгай ангид Дэниел Рэдклифф (Харри Поттер), Эмма Уотсон (Хермайни Грейнжер), Руперт Грин (Рон Уизли) нараас гадна Хелена Бонем Картер (Беллатриса Лейстрейнж), Робби Колтрейн (Хагрид), Рэйф Файнс (Волдеморт), Гэри Олдман (Сириус Блэк), Том Фелтон (Драко Малфой), Бонни Райт (Жинни Уизли), Эванна Линч (Луна Лавгуд), Жеймс болон Оливер Фелпс (Фред болон Жорж Уизли) нар оролцсон юм. Мөн тусгай ангид Харригийн тухай кино анх гарснаас хойш 20 жилийн дараах жүжигчдийн сэтгэгдлийг сонсож, тэдэнтэй онцгой ярилцлага хийжээ. Та яг одоо тухлан үзээрэй.

HBO Max, нэгдүгээр сарын 1

“Euphoria”, хоёрдугаар улирал

Анх 2019 онд цацагдсан уг цувралын эхний улирлаас бид орчин үеийн өсвөр үеийнхний амьдралын хэв маяг, хайр дурлал, нөхөрлөл зэрэг чухал сэдвүүдийн тухай олж харсан билээ. Цувралын зохион бүтээгчид нь шинэ улиралд үзэгчдийг яг ямар адал явдал хүлээж буйг зарлаагүй байгаа юм. Гэхдээ тэд шинэ түүх нь урьдынхаасаа илүү хүнд, “хар бараан” мэдрэмжийг олгоно хэмээн онцолсон байна.

HBO Max, нэгдүгээр сарын 9

“Peacemaker”

“The Suicide Squad” киноны баатар Peacemaker буюу Энхийг сахиулагчийн талаар өгүүлэх цувралыг энэ сарын дундуур хүлээн аваарай. Энхийг сахиулагч (Жон Сина) өөрийгөө жинхэнэ эрэлхэг баатар болж чадна гэдгийг бусдад батлахыг зорино.

HBO Max, нэгдүгээр сарын 13

“How I Met Your Father”

“Sex and the City” цувралын үргэлжлэлд оролцохоос татгалзсан Самантагийн дүрийг бүтээсэн жүжигчин Ким Кэтроллийг үгүйлсэн хүмүүс анхаарлаа хандуулна уу! Алдарт “How I Met Your Mother” цувралын спин-офф болох “How I Met Your Father” цуврал нь анхны хувилбартайгаа тун төстэй байх бөгөөд энэ удаад харин ээж нь хүүдээ залуу насныхаа амьдралыг хүүрнэх юм. Гол дүрийн баатар болох Софигийн залуу үеийн дүрд Хилари Дафф, харин ахимаг насны Софигийн дүрд Ким Кэтролл тогложээ. 

Hulu, нэгдүгээр сарын 18

“The Gilded Age”

“Sex and the City” цувралын гол дүрийн жүжигчид биднийг шинэхэн бүтээлүүдээрээ бөмбөгдөж байна. Мирандагийн дүрд тоглосон жүжигчин Синтия Никсон нэгэн түүхэн сэдэвтэй драмын цувралаар дахин эргэн ирлээ. Тэрээр гол дүрийн баатар болох залуу бүсгүй Марианы чинээлэг нагац эгчийн дүрийг бүтээжээ. Цувралын үйл явдал АНУ-ын иргэний дайны дараа өрнөх болно.

HBO Max, нэгдүгээр сарын 24

“The Afterparty”

Энэ сарын сүүлээр Apple компани ээлжит нэгэн бүтээлээ толилуулах гэж байна. Инээдмийн төрлийн тус цуврал нь нийт найман ангиас бүрдэх бөгөөд арван жилийн нэг ангийн залуус ойн уулзалтаа хийсэн орой нэгэн аллага гарснаар үйл явдал эхэлнэ. Анги бүрт тэдгээр залуус нэг нэгээрээ тэр аймшигтай орой яг юу болсныг эргэн дурсах юм.

Apple TV+, нэгдүгээр сарын 28

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх