Хайх

Эмми 2022: Шилдэг драмын цувралын шагналыг хэн хүртэх вэ?

Эмми 2022: Шилдэг драмын цувралын шагналыг хэн хүртэх вэ?

"Euphoria", "Stranger Things", эсвэл "Squid Game" шилдгээр шалгарч чадах болов уу?

Text: Buro.Mongolia


Ирэх есдүгээр сарын эхээр Америкийн телевизийн салбарын дээд шагнал болох оргил цагийн Эмми шилдгүүдээ тодруулахаар зэхэж байна. Нийтдээ 25 номинацид өрсөлдөх нэр дэвшигчид өмнө сард тодроод буй бөгөөд томоохон шүүмжлэгчид, сэтгүүлчид урьдчилсан таамгуудаа дэвшүүлээд эхэлжээ. Ингээд бидний үзэх дуртай, сэтгэл хөдөлгөсөн, уйлуулсан цувралуудын аль нь Эммийн шагналын эзэн болох тухай мэргэжилтнүүдийн таамагтай танилцацгаая.


Succession

Эмми 2022: Шилдэг драмын цувралын шагналыг хэн хүртэх вэ? (фото 1)

HBO-ын “Succession” цуврал ойрын жилүүдэд шилдгээр нэрлэгдсээр байгаа билээ. Оны өмнөхөн гуравдугаар бүлэг нь үзэгчдийн хүртээл болсон эл бүтээл Бүтээлч урлагийн Эммитэй нийлээд 25 номинацид нэр дэвшиж байгаагаараа түүхэн дээд рекордыг эвдэж байна. Мөн түүнчлэн тухайн жилийн Эммийн ялагчдыг баримжаалдаг бусад шагналууд болох Дэлгэцийн жүжигчдийн эвлэлийн шагнал, Шүүмжлэгчдийн сонголт зэрэг шагналуудад өндөр амжилт үзүүлсэн нь энэ удаагийн оргил цагийн Эммид мөн голлох шагналуудыг түүх таамгийн үндэс болж байгаа.

Squid Game

Эмми 2022: Шилдэг драмын цувралын шагналыг хэн хүртэх вэ? (фото 2)

Өмнө жилийн шилдэг драмын цувралыг Netflix-ийн “The Crown” цуврал хүртэж байсан. Харин энэ жил тус компанийн хамгийн их үзэлттэй цуврал “Squid Game” нэр дэвшиж байна. "Squid Game" нь шилдэг драмын цуврал төрөлд нэр дэвшиж буй хамгийн анхны гадаад хэл дээрх (англи хэл дээр биш) бүтээл болж буй бөгөөд хэдэн жилийн өмнө “Parasite” Оскарын голлох шагналуудыг эзэгнэснээс үзвэл Холливууд гадаад хэл дээрх бүтээлүүдэд халтай байсан цаг үе ард хоцорсныг илтгэх тул хүчтэй өрсөлдөгч байж чадна гэж шүүмжлэгчид ярьцгааж байна.

Stranger Things

Эмми 2022: Шилдэг драмын цувралын шагналыг хэн хүртэх вэ? (фото 3)

Үүний араас Netflix-ийн бас нэгэн их үзэлттэй бүтээл болох “Stranger Things” яригдах учиртай. Мэргэжилтнүүд тус цувралыг шилдэг драма гэхээс илүү шилдэг дүрсний эффект зэрэг техникийн шинжтэй төрөлд шилдгээр шалгарах магадлалтай гэцгээж байна.

Better Call Saul

Эмми 2022: Шилдэг драмын цувралын шагналыг хэн хүртэх вэ? (фото 4)

Шинэ бүлэг гарах бүрдээ Эммийн шагналд нэр дэвшдэг “Better Call Saul” цувралын сүүлийн буюу зургаадугаар бүлгийн эхний хагас нь л гэхэд энэ жилийн Эммид өрсөлдөх боломжтой байгаа юм. Хоёрдугаар хагас нь үзэгчдийн ч, мэргэжилтнүүдийн ч магтаал сайшаалд бялхаж байгаа энэхүү цуврал энэ жил биш дараа жилийн Эммийн шилдэг драмын цувралын шагналыг авах тун магадлалтай байна. Харин цувралын гол дүр Саул Гүүдмэний дүрийг бүтээсэн жүжигчин Боб Оденкирк шилдэг эрэгтэй гол дүрийн шагналд хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байгаа билээ.

Ozark

Эмми 2022: Шилдэг драмын цувралын шагналыг хэн хүртэх вэ? (фото 5)

“Ozark”-ийн хувьд мөн ижил хамгийн сүүлчийн бүлэг нь энэ онд цацагдсан. Сүүлийн бүлгийн хоёр хэсэг хоёул Эммид өрсөлдөх боломжтой хугацаанд үзэгчдийн хүртээл болсон ч шилдэг драмын төрөлд биш, эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүдэд хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэж таамаглаж байна (Жулиа Гарнер шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хоёр удаа хүртсэн).

Euphoria

Эмми 2022: Шилдэг драмын цувралын шагналыг хэн хүртэх вэ? (фото 6)

Сошиал ертөнцийг шуугиулаад амжсан “Euphoria” шилдэг найруулга, шилдэг зохиолын төрөлд нэг ч нэр дэвшээгүй байгаа нь хамгийн чухал шагнал болох шилдэг драмын цувралын шагналыг хүртэх магадлалыг багасгаж байна. Харин цувралын гол дүр Зендея шилдэг эмэгтэй гол дүрийн төрөлд өмнө жил шилдгээр шалгарсан тул энэ жил ч мөн хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ хэмээн мэргэжилтнүүд онцолжээ.

Yellowjackets

Эмми 2022: Шилдэг драмын цувралын шагналыг хэн хүртэх вэ? (фото 7)

Эхний бүлгээрээ олон номинацийн эзэн болж буй Showtime-ийн бүтээл “Yellowjackets” уг төрөлд битүү мориор нэрлэгдэж байна. “Yellowjackets” энэ жил биш юм аа гэхэд, дараа дараачийн бүлгүүдээрээ ирэх жилүүдэд нэлээдгүй амжилт үзүүлэх төлөвтэй байгаа аж. Мөн түүнчлэн шилдэг драмын зохиолын төрөлд хоёр анги нь нэр дэвшээд байгаа цор ганц бүтээл билээ.

Severance

Эмми 2022: Шилдэг драмын цувралын шагналыг хэн хүртэх вэ? (фото 8)

Шинжлэх ухааны уран зөгнөлт хэр нь сэтгэлзүйн триллер бүтээл “Severance” мөн эхний бүлгээрээ 14 номинацид нэр дэвшсэн үзүүлэлтээр хүчтэй орж иржээ. Мөн л битүү мориор нэрлэгдэж буй уг цуврал шилдэг зохиол болон найруулгын төрөлд хамгийн хүчтэйгээр тооцогдож байна.


Эммийн шагнал нь угтаа маш өргөн цар хүрээг хамардаг боловч хамгийн үнэ цэнтэй нь Primetime буюу оргил цагийн эфирээр үзэгчдийн хүртээл болсон бүтээлүүдийн шилдгийг тодруулах арга хэмжээ байдаг билээ. Энэ жилийн хувьд өмнө оны зургаадугаар сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 31-ны өдрийн хооронд телевизийн оргил буюу оройн цагаар цацагдсан бүтээлүүдээс шилдгийн шилдгийг есдүгээр сарын 12-ны өдөр шалгаруулах ажээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх