Хайх

Канье Уэст “Rick & Morty” цувралд дүр бүтээх хэрэгтэй юу?

Канье Уэст “Rick & Morty” цувралд дүр бүтээх хэрэгтэй юу?

Шүүмжлэхээсээ өмнө түр азнааарай

Text: Ц.Намуун


Смитийн гэр бүл, тэр дундаа архинд донтсон эрдэмтэн Рик болон түүний ач хүү Морти нарын адал явдлыг өгүүлэх "Rick & Morty" цувралын шинэ улирал ирэх арван нэгдүгээр сард дэлгэцнээ гарахаар боллоо. Шинэ улирал гарах болсонтой холбогдуулан цувралын бүтээгчид Жастин Ройланд, Дэн Хармон нар The Blast сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр Канье Уэстэд хандан цувралд дүр бүтээх урилгыг илгээжээ.

Тэд "Канье бол суут ухаантан, алсын хараатай нэгэн. Бид түүнийг үнэхээр их хүндэлдэг. Хэрэв Канье өөрт байгаа бүх санаагаа хэрэгжүүлбэл дараагийн Илон Маск ч болох боломжтой. Хэрэв түүнд Rick & Morty цувралын нэг хэсэг болох хүсэл байвал хэзээ ч нээлттэй шүү " хэмээн ярьсан юм. Канье Уэстийн хувьд ч урьд өмнө "Rick & Morty" цувралын шүтэн бишрэгч гэдгээ нэг бус удаа илэрхийлсэн ба цувралын бүх ангийг хамгийн багадаа л гэхэд таван удаа үзсэн хэмээн ярьсан байдаг.

Одоогийн байдлаар Канье Уэст цувралд хамтран ажиллах тухай албан ёсны мэдээлэл гараагүй ч зарим шүтэн бишрэгчдийн зүгээс "Хайртай шоуг минь Канье Уэстээс авраач!", "Утгагүй зүйл" гэх зэрэг сөрөг сэтгэгдлүүд гарч ирсэн юм. Гэхдээ бид шүүмж хийхээсээ өмнө cartoon буюу хүүхэлдэйн кино болон хип-хоп урлаг хоорондоо хэрхэн холбогдож ирсэн тухай мэдэх хэрэгтэй болов уу.

Рэпперүүд хүүхэлдэйн кинонд "дүр бүтээх" нь та бидний бодсоноос ч илүү урт настай бөгөөд энэхүү дүр зураг нь нэгэн төрлийн соёл болтлоо хөгжжээ. Хамгийн анх 1990 онд Америкийн NBC суваг Kid 'n Play хамтлагт зориулсан "Kid 'n Play" хэмээх цувралыг гаргасан ба тухайн үедээ багагүй амжилт олсон байдаг. Мarvel Comics компани хүртэл "Kid 'n Play" хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн комик номыг гаргаж байлаа. Тэр үеэс хойш Eminem, Jay-Z, 50 Cent, Канье Уэст, Drake, Tyler, the Creator, Childish Gambino, Фаррелл Уильямс, Nicki Minaj зэрэг алдартай уран бүтээлчид The Simpsons, Adventure Time, Family Guy, The Regular Show гээд олон хүүхэлдэйн кинонд дүр бүтээгээд амжсан. Хэрэв та санаж байгаа бол "Rick & Morty" цувралын өмнөх улиралд рэппер Logic дүр бүтээсэн нь цувралыг улам бүр сонирхолтой болгосон билээ.

Хайртай уран бүтээлчээ хүүхэлдэйн баатрын дүрд хувирсан байгааг харахад шүтэн бишрэгчдийн хувьд үнэхээр гайхалтай мэдрэмж байдаг төдийгүй тухайн хүүхэлдэйн киног шимтэн үзэх хүмүүсийн тоо нэмэгддэг давуу талтай. Иймээс Канье Уэст аль эсвэл "Rick & Morty" цувралыг шүүмжлэхээ түр азнан ямар сонирхолтой үйл явдал биднийг хүлээж буйд анхаарал хандуулсан нь дээр болов уу.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх