Хайх

Карибын тэнгисийн дээрэмчид киноны шинэчилсэн хувилбарт Жонни Депп тоглох уу?

Карибын тэнгисийн дээрэмчид киноны шинэчилсэн хувилбарт Жонни Депп тоглох уу?

Text: Buro.Mongolia


Одоогоос 21 жилийн өмнө эхний анги нь нээлтээ хийж байсан Pirates of the Caribbean буюу Карибын тэнгисийн дээрэмчид киног мэдэхгүй хүн ховор биз ээ. Ахмад Жек Спарроугийн дуусашгүй адал явдал, сонирхолтой түүхээр баялаг тус франчайзын эхний гурван анги маш өндөр ашиг орлого олж, тун амжилттай байсан хэдий ч сүүлийн хоёр анги нь олон нийтээс тийм ч сайн үнэлгээ авч чадаагүй юм. Иймд Disney компани 2018 онд Карибын тэнгисийн дээрэмчид киног шинэчлэн бүтээх болсноо зарлаж, үйл явдал нь эмэгтэй гол дүр дээр суурилахаар болсон талаар хуваалцсан билээ. Ийнхүү эмэгтэй ахмадын дүрд жүжигчин Марго Робби тоглож магадгүй гэх цуурхал гарсан ч энэ талаар дорвитой мэдээлэл цацагдаагүй өдийг хүрчээ.

Түүнчлэн 2022 онд ахмад Жек Спарроугийн дүрийг бүтээсэн алдарт жүжигчин Жонни Депп болон түүний хуучин эхнэр Эмбер Херд нарын дунд үүссэн гэр бүлийн маргаан, шүүх хуралдаанаас үүдэн Жонни Депп шинэ кино, төслүүдээсээ хасагдаж, гэрээ байгуулсан ихэнх газрууд нь түүнээс нүүр буруулж байлаа. Тэдгээр газруудын нэгт Disney компани ч гэсэн багтаж байсан тул түүний хувьд Карибын тэнгисийн дээрэмчид киноны шинэчилсэн хувилбарт дүр бүтээнэ гэдэг бараг л боломжгүй зүйл болоод байв. Удалгүй хэрэг явдал Жонни Деппийн талд шийдэгдэж, түүний нэр хүнд ахин сэргэснээр үзэгчид түүнийг дахин Жек Спарроугийн дүрээр харахыг хүсэж буйгаа илэрхийлж эхэлсэн юм. 

Карибын тэнгисийн дээрэмчид киноны шинэчилсэн хувилбарт Жонни Депп тоглох уу? (фото 1)

Тэгвэл тус франчайзын продюсер Жерри Брукхаймер саяхан Entertainment Tonight шоунд оролцохдоо "Би Жоннитой хамтарч ажиллахдаа үнэхээр дуртай. Тэрээр чадварлаг жүжигчин төдийгүй хүний хувьд ч сайн хүн, сайн найз байж чаддаг нэгэн. Хэрвээ дүрийн сонголт гэх мэт зүйлс надаас шалтгаалдаг байсан бол би Жонниг шинэчилсэн хувилбарт тоглуулахдаа таатай байх болно. Бас би энэ талаар түүнтэй ярилцсан л даа. Гэвч байдал хэрхэн эргэхийг харж л байя даа" хэмээн ярьжээ. 

Карибын тэнгисийн дээрэмчид киноны шинэчилсэн хувилбарт Жонни Депп тоглох уу? (фото 2)
Продюсер Жерри Брукхаймер болон Жонни Депп

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх